Ноён уул, “Гацууртын орд”-д юу болоод байна вэ?

9-26-10_700x700

“Гацууртын орд”-д олгосон хууль бус лицензүүдийг цуцлуулах тухай шүүх хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 13 цагт  болно.

 Нэг талаас Ноён уулыг хамгаалах, байгаль орчныг сүйтгэсэн  “Сентерра Гоулд”-ын  уурхайн үйл ажиллагааг зогсоох тухай гомдол гаргасан иргэд, нөгөө талаас хариуцагч тал болох “Сентерра Гоулд” компани, Ашигт малтмалын газар  шүүх хуралд оролцох мэдээлэл байна.

Нэхэмжлэгч иргэд нь   “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн  Ц.Мөнхбаяр, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн зохицуулагч П.Шинжааравдан, Ноён уулаа аваръя хөдөлгөөний тэргүүн Д.Цэрэннадмид байгаа юм байна. Тэдний хувьд  2012 оноос эхлэн түүхийн дурсгалт Ноён уул,  тэр хавийн байгаль орчныг хамгаалж тэмцэж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд хандаж байсан. Тус шүүхээс Сентерра гоулд компани байгаль орчныг бохирдуулсан  хохирол  тооцох шийдвэр гаргаж байсан юм. Гэсэн ч 2013, 2014 онуудад Засгийн газар “Гацууртын орд”-ыг  стратегийн ордод бүртгэж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргах зэргээр алхам хийж ирсэн. Иргэдийн тэмцэл, олон нийтийг хамарсан хөдөлгөөний дүнд зогсонги байдалд орсон. Нөгөө талаас, тэнд хийсэн судалгаа,  сансраас авсан зурагт зургаан газарт шинэ олдвор, Хүннүгийн үеийн илрээгүй байсан булш бунхан байгаа нь тогтоогдоод байгаа нь  яах ч аргагүй нөхцөл байдалд хүргэсэн байж болох талтай. Тэгвэл энэ байдалд АСЕМ-ын үеэр шинэ нөхцөл байдал үүссэн. Тэр нь АСЕМ-ын 24 орны хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид Ноён ууланд очиж мэдээлэл бэлтгэхдээ “Энэ бол зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний өв соёл юм” гэсэн мэдээллийг  олон улсад цацсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан Сэлэнгэ аймагт ажиллахдаа  “Гацууртыг ашиглана” гэж иргэдтэй уулзахдаа ярьсан сураг байна. Нутгийн иргэд хүнцлийн хор, байгаль орчны хохирлын асуудлыг тавьсан. Мөн түүнийг УИХ-д нэр дэвшихдээ “Ноён уулыг хамгаална. Гацууртыг зогсооно” гэж хэлж санал авсан амлалтыг нь сануулсан байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн  энэ асуудлаар нутгийнхаа иргэдтэй ам зөрж, эвгүйбайдал үүссэн гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна.

Ямартай ч өнөөдөр шүүх хурал болно. Үүсээд байгаа асуудал цаашид хэрхэн өрнөх, монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний соёлын өвийг хамгаалах уу. Монголд   нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж хүч түрэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг харуулж  эрх баригчдын түрэмгийллээр  шийдэх үү гэдгийг Захиргааны шүүхийн шийдвэр  харуулах биз ээ.

 

Ч.Олдох

Эх сурвалж: Зууны мэдээ

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …