Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийгөргөн мэдүүллээ.
Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шинж чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг цаашид хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Манай улсын эдийн засгийн гадаад орчны таатай бус нөхцөл байдалтай давхцан Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанк болон хувийн секторын гадаад өр, Засгийн газрын дотоод зээлийн эргэн төлөлтийн хугацаа ойртсон нь төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг давхар үүсгэж болзошгүй байгаа юм байна.
Дунд хугацаанд макро эдийн засгийн болон улсын өрийн тогтвортой байдлыг хангасан, валютын ханшийн уян хатан байдал, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг эрс нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг сэргээхэд чиглэсэн макро эдийн засгийн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд төсвийн сахилга бат, өрийн зохистой удирдлага чухал болохыг төслийн танилцуулгад онцолжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.