“Эрдэнэт”-ийн 49 хувийн хуйвалдаанд Засгийн газар, төрийн өндөрлөгүүд гүнзгий хутгалджээ

 2030441a1a5adadcbcb6442edf8acf2f

-Ц.Нямдоржийн мэдэгдэл Ерөнхийлөгчийг хүртэл хөдөлгөөнд оруулав-

 

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Ц.Нямдоржийн мэдэгдэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлүүлээд нэлээд олон хүнийг хөдөлгөөнд оруулж эхэллээ. Зангиагүй уулзалт, няцаалт, хаалт мэтчилэнгийн маш олон тайлбар өгч байгаа ч олон нийт Ц.Нямдоржийн мэдэгдэлд илүү итгэж байна. Тиймдээ ч түүний мэдэгдэлд барьц алдан реакц үзүүлж буй хүмүүсийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хуйвалдаанд оролцсон ашиг сонирхол нэгтэй явцуу хүрээнийхний нэг хэмээн үзэж байна. Тэгвэл улстөр, бизнесийн салбараас бүтсэн хэтэвч нэгтэй энэхүү ашиг сонирхлын бүлэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хуйвалдааны аргаар өөрийн болгочихоод байгаа билээ.

Тэдний зүгээс энэхүү бусармаг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ бүх зүйлийг урьдаас тооцоолсон бөгөөд 49 хувиараа дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшдэг Засгийн газрын 51 хувийг ямар ч чадамжгүй болгох алхмуудыг хийжээ. Тодруулбал, Сангийн сайдаар 49 хувь эзэмшигчид буюу цөөнхөөс санал болгосон хүнийг ТУЗ-ын даргаар томилохыг дэмжих ёстой гэсэн тушаал гаргуулж, 51 хувь эзэмшдэгийнхээ хувьд давуу эрхтэйгээр ТУЗ-ын даргыг нь томилж, өөрийн хяналтад байлгаж, улсын үйлдвэрээр үйл ажиллагааг нь явуулдаг байсан “Эрдэнэт”-ийг хувийн компани болгох алхмыг хийсэн байжээ. Товчхондоо, цөөнх буюу хувийн эздүүд тус компанийг толгойлж эхэлснээр төрийн хараа хяналт суларч, “Эрдэнэт” үйлдвэр зөвхөн эзнийхээ халаасыг түнтийлгэдэг хувийн компани болох ноцтой эхлэл тавигджээ. Тиймдээ ч тус компанийн эздүүд хувийн “банк”-аа ажиллуулж байгаа аятай “Эрдэнэт” үйлдвэрийг шалгахаар ирсэн Засгийн газрын ажлын хэсгийнхний өөдөөс пээдийж байсан аж.

Төрд гарах ёсгүй хүмүүсийн төрд хийсэн гай буюу “Эрдэнэт-ийг хувьд шилжүүлэх нууц тушаал гаргасан Сангийн сайд асан Б.Болор гэж хэн бэ

 Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийг хувийн эздүүдэд шилжүүлэх Сангийн сайдын нууц тушаал ил болж, энэхүү бусармаг үйл ажиллагааг хийсэн Сангийн сайд асан Б.Болор байж суух газраа олохоо болив. Түүний хувьд анхнаасаа төрд суух эрхгүй хүн байсан гэдгийг урьд өмнө нь олон удаа дурдаж байв. 2012 оны сонгуулиар Архангайгаас “хэн ч танихгүй” Б.Болор азаар гарч ирж УИХ-ын гишүүн болсон гэдгийг тэнд ажиллаж байсан хүмүүс одоо ч мартаагүй. Тухайн үед Архангайд өрсөлдсөн одоогийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд асан О.Удвал нарын зүгээс нэлээдгүй саналын хуудсыг нь хүчингүй болгох, дарах зэргээр луйвардсаныг баримтаар үзүүлж байсан. Үнэндээ энэ ажлыг “фортун” тэргүүтэй нөхдүүд хийсэн гэдгийг хэлж байсан юм. Ямартай ч, Б.Болор тухайн үед Архангайд нэр хүндтэй байсан “Фортуна” Н.Батбаярын “оймсонд хавчуулагдан” төрийн ордонд унасан юм.

Үүнийгээ ч хүлээн зөвшөөрөх мэт тэрбээр Н.Батбаярын халааг авсан. Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс Эдийн засгийн хөгжлийн яам гэгчийг шинээр байгуулж сайдаар нь Н.Батбаярыг томилсон ч тэрбээр хэл амтайхан огцорсон. Огцрохдоо өөрийн хүнийг Сангийн сайдаар томилуулсан нь Б.Болор гэдэг. Тэгвэл түүний зүгээс өнгөрсөн хугацаанд өөрийн толгойгүй, томчуудын утсан хүүхэлдэйгээр ажиллаж байсныг гэрчлэх баримт бол сонгуулийн өмнөхөн гаргасан “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр нууц тушаал юм. Харин Мэргэжлийн Засгийн газраас түүний энэ тушаалуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохоо мэдэгдэв. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Б.Болор өөрийгөө өмөөрөх маягийн зүйл ярьж байгаа ч хийсэн үйлдэл нь нэгэнт гэм буруутай нь тодорхой болчихсон энэ үед МАН-ынханд далан таваараа бууж өгөөд байна.

Тухайлбал, Сангийн сайд асан Б.Болор “Тушаал гаргасан асуудлын хувьд бол Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшлийн хувь болох 49 хувь худалдагдлаа гэсний дараа ТУЗ-д өөрчлөлт орж, шинэ дүрэм журмаа батлуулах шаардлага гарсан болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэж уг тушаал гарсан байгаа. Шинэ засаг өөр бодолтой байгаа бол дүрмээ өөрчлөх, удирдлагаа солих зэрэг бүх зүйл нээлттэй байгаа” гэх мэтчилэнгийн зүйл ярьж, хажуугаар нь “Миний бие Ц.Нямдорж гишүүнтэй хувь хүнийхээ хувьд нэлээд дотно байдаг, мөн үе үе уулзаж, санал бодлоо солилцдог хүний хувьд гишүүн уг асуудлаар тодруулга хүсэж, эргэлзээгээ тайлах гэж байгаа нь зүйн хэрэг гэж бодож байна” гэхчлэн тал зассан мэдэгдэл хийжээ. Хамгийн гол нь, энэ хүн төрийн сайд хүний хувиар

гаргасан тушаал, шийдвэр дээрээ бат зогсож чаддаггүй, түүнийхээ хариуцлагыг үүрч чаддаггүй хүн гэдгээ дээрх доль харайсан мэдэгдлээрээ илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, мордохын хазгай гэгчээр анхнаасаа хууль бусаар сонгогдон гарч ирж УИХ-ын гишүүн, Төрийн сайд болох ёсгүй, энэ албан тушаалуудын эрх ямбыг эдэлнэ үү гэхээс үүрэг хариуцлагыг нь хүлээх чадамжгүй хүн байжээ гэдгээ батлах шиг.

Ингээд түүний сонгуулийн өмнө олны анхаарал суларсан үед нэг өдөр бөөндөж гаргасан хууль бус хоёр нууц тушаалыг хүргэе.

1.


 

2.


Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …