Орхон аймгийн иргэн Ц.Алтаншагай нарын хамтран байгуулсан “Эрдэнэт-Ард түмний өмч хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийлээ. Уг хөдөлгөөнийхөн Монголын ард түмэн, Эрдэнэтийн нийт иргэдийг ГОК-ын хувьцаа эзэмшигч болгох ажлыг хэрэгжүүлж, Засгийн газарт хүсэлтээ явуулж байгаа гэж мэдэгдэж байна. УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголчуудын өмч боллоо гэж мэдэгдсэн. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэр монголчуудын өмч биш оффшор бүсэд эзэмшил бүхий Худалдаа хөгжлийн банкны тусгай зориулалтын “Монголын зэс корпораци” ХХК-ийн мэдэлд шилжсэн байна. Энэхүү бусармаг луйврыг илчилж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Монголын ард түмэн, Эрдэнэтчүүдийн өмч болгохоор “Эрдэнэт-Ард түмний өмч хөдөлгөөн” гурван сар гаруйн хугацаанд тэмцэж байна. Тэмцлийн үр дүн эхнээсээ гарсан. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувь нь Монгол улсын Засгийн газрын харьяа Төрийн өмчийн захиргаа, удирдлагын газарт бүрэн төвлөрсөн байна хэмээн мэдэгдсэн юм.
Хэвлэлийн хурлын дараа “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагайгаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай уулзах гэж байгаа гэсэн. Тэд ч танай шаардлага, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар судалж байгаа, хамтран ажиллахаар болсон сураг байсан?
Маргааш хот явна, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай уулзах цаг авсан. Танхимын зүгээс “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөний тавиад буй шаардлага, хүсэлтийг судалж байгаа. Энэ талаараа уулзана. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг монголчууд хувьцаа хэлбэрээр эзэмших тухай ярилцана. Мөн зарим нэг хууль тогтоомжид “Үндэсний үйлдвэрийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр худалдах тухай” заалт ч бий. Энэ мэт олон асуудлаар уулзах байх. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг монголчууд эзэмшиж “ГОК-ийн хувьцаа эзэмшигч” болгох ажлыг хэрэгжүүлэх тухай саналаа холбогдох байгууллагад гаргасан. Монголчууд бидэнд тийм туршлага бий. Ард түмний нэрлэдэг “1072 ширхэг хувьцаа”-г Монголын төрөөс гаргасан байдаг. Нийтдээ “Эрдэнэс таван толгой”-н нэг тэрбум таван зуун сая хувьцааны 20 хувийг 1.5 сая монгол хүн “1072 ширхэг хувьцаа” хэлбэрээр эзэмшиж байгаа. Ингэж чадсан юм, Оросын талын 49 хувийг монголчууд хувьцаа хэлбэрээр эзэмшээд төртэй хамтраад энэ үйлдвэрт хяналтаа тавиад явах боломж бий. Сүүлийн үед зарим нэг хүн хэвлэл мэдээллээр Оросын талын 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлэх нь зөв. Хувийнхан хяналтаа сайн тавина гэж байна. Харин ард түмэн, монголчуудад 49 хувиа хувьцаа хэлбэрээр тараавал хувийн хэвшлийнхэнээс илүүтэй, бодитой хяналт тавьж чадна. Худалдаа хөгжлийн банк, тэднийг тойрсон хууль бус үйлдлүүдийг дэмжиж, “Хувьд шилжүүлэх нь зөв” гээд байгаа эрхмүүд цагтаа энэ үйлдвэрээс авдагаа авчихсан, иддэгээ идчихсэн, цадчихсан хүмүүс байх. Түүнээс биш монголчууд, тэр дундаа эрдэнэтчүүд бүгд хувийн хэвшилд өгөх нь зөв гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөөгүй.
-Б.Шинэбаатар тэргүүтэй хууль бус удирдлагыг тагнуулын байгууллага, АТГ-аар шалгуулах шаардлага тавиад байгаа. Энэ тухайд?
-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэл, өгсөн ярилцлагад тодорхой байгаа. Уг нь үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатарыг томилтол тэрбээр өөрийгөө үйлдвэрийн нэгдүгээр орлогчоор томилсон нь тагнуул болоод АТГ-ын шалгах зүй ёсны хэрэг байх. Гэтэл энд бодит байдал дээр шалгуулах ёстой Б.Шинэбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх гэрээт цагдаагийн тасгаар өөрийгөө бүрэн хамгаалуулж байна. Зүй нь тэднийг цагдаа хамгаалах ёсгүй. Харин Б.Шинэбаатар нарыг өөрсдийг нь шалгах ёстой.
-Хэвлэлийнхний нэрлэдгээр “Зулын гол болох” буюу өөрийгөө шатаах тухай ярьж байна. Тэмцлийн маш хурц хэлбэр. Үүнээс өмнө өлсгөлөнг нойтон, хуурайгаар нь зарлах гээд тэмцлийн хэлбэр байна. Яагаад заавал ийм арга хэлбэрийг сонгох болов. Бас ч үгүй ганцаараа биш хэд хэдэн хүн бий гээд байгаа шүү дээ?
-Тийм ээ. Өөрийгөө шатаана гэж мэдэгдэж байгаа. Үүнээс өөр арга алга байна шүү дээ. Яадаг юм бэ, нүдгүй чихгүй, дүлий төр засагт монголчуудын дуу хоолойг хүргэхийн тулд өөрийгөө шатаана. Ийм зорилготой хүн ганцхан би биш. Хэд хэдэн хүн байгаа. Би Эрдэнэтийн хүүхэд. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”, эрдэнэтчүүдийн төлөө, монголчуудын төлөө өөрийгөө шатааж золиослохоос нэг их айхгүй, эмээхгүй байгаа шүү.
Эх сурвалж: erdenetnews.mn