Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.10.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагаас сүүлийн үед гаргаж буй тайлан мэдээлэл, бие даасан судлаачдын дүгнэлтэд санал нэгтэй дүгнэж байна.
УИХ-ын намрын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ч улс орны өмнө тулгараад байгаа хүндрэлийг даван туулахын тулд УИХ, Засгийн газрын зүгээс ямар байр сууринаас, ямар үзэл бодолтойгоор хандах ёстой вэ гэдгийг тодорхой дүгнэсэн билээ.
2016 оны төсвийн тодотголд баримталсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвөөс гадуур аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд мөрдөх арга хэмжээг Монгол Улсын 2017 оны төсвийн жилд үргэлжлүүлнэ.
Татварын орчныг тогтвортойгоор хадгалах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2017 оны төсвийн төслийг боловсрууллаа” хэмээн танилцуулгынхаа эхэнд дурдсан.
Засгийн газраас эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС3-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувьд хүрнэ гэж тооцож байгаа ажээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан, ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцжээ. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн татварын орчинг тогтвортой байлгах санал, хүсэлттэй нийцэж байгаа юм байна.
Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлого баримталснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн Ерөнхий сайд танилцуулсан.
Бүх шатны төсөвт байгууллагууд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн одоогийн түвшнийг хадгалах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах зарчмыг мөн баримталжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлэх, тухайлбал, ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг”олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгасан байна.
Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах 101.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгажээ.
Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангахаар байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулгынхаа үеэр мэдээлсэн.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2 тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр бэлтгэжээ. Үүнд “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байх”-аар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэхээр заасны дагуу боловруулсан холбогдох хуулийн төслүүд багтаж байгаа юм байна.
Түүнчлэн эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад жилдээ 2 удаа 100-300 мянган төгрөгийг олгохоор тооцож холбогдох заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нар төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Энхтүвшин нар хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжихээр төлөвлөж байгааг лавласан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар хүүхдийн мөнгийг хэрхэн олгохоор тусгасан талаар асууж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хариулснаар, Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээх, үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.6 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгасан байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж авах зохицуулалт хэвээр үргэлжлэх аж.
Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд олгохоор тогтжээ. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчид, тариаланчдыг дэмжих ажлыг зохион байгуулж байна хэмээн Ерөнхий сайд хэлсэн.
Хүүхдийн мөнгөний тухайд, төсвийн орлогын боломж хомс, эх үүсвэр дутагдалтай байгаа хүндрэлийн улмаас 2012 оноос хойш олгож ирсэн хүүхдийн мөнгийг ирэх 2017 оны тухайд зорилтот бүлгийн өрхүүдэд буюу нийт өрхийн 60 хувьд олгохоор төлөвлөж, шаардагдах эх үүсвэрийг төсөвт тусгасан гэлээ. Үлдсэн 40 хувьд нь 2019 оноос нөхөн олгоно хэмээн тэрбээр нэмж хэлсэн.
Асуулт хариултын дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, С.Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.