Ж.Эрдэнэбат: “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан талтай ЗГ ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй

a9e36f9f9343a5a65a04e27884f026ef

Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэтбат энэ сарын 6-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллалаа. Энэ нь түүний хувьд  Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа томилолтоор ажиллаж буй тав дахь аймаг бөгөөд тэрээр маргаашаас Булган, Хөвсгөл аймагт ажиллах юм.

Эрдэнэт хотын иргэдтэй хийсэн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон тус аймгаас  УИХ-д сонгогдсон гишүүд оролцож иргэдийн асуултад хариуллаа.

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ хөтөлбөрт МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийг 100 хувь тусгасан. Засгийн газраас ирэх 4 жилд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын олон зорилт туссан гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан, УИХ-д өргөн барихад бэлтгэж байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрчимжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Ахмад настан азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  2017 оноос хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг тусгасан. Нас ахих тусам насны хишиг нэмэгдэнэ. 70-79 настанд 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-ээс дээш настнуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгохоор төсөвлөсөн.

90088b10c234a57b0e992da62cf89949

Мөн их дээд, сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулахаар БСШУСЯ-ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, Боловсролын зээлийн сан болгосон. Энэ сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Энэ арга хэмжээг 2017 оноос хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хэллээ.

Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш бүх салбарын удирдлагуудтай уулзсан. Эрчим хүчний салбарт л гэхэд 68 төсөл хэрэгжүүлэхээр боловсруулжээ.  Энэ 68 төсөл, төслийн ТЭЗҮ-г боловсруулахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Эдгээр 68 төслийг бүгдийг хэрэгжүүлбэл манай улсын эрчим хүчний хэрэгцээ 20 дахин нэмэгдэхээр байгаа юм. Мөн барилгын салбарт л гэхэд барилгын тусгай зөвшөөрөлтэй компани 2012 онд 1800 бсан бол өнөөдөр энэ тоо 2,5 дахин өсөж 4600 болсон. Өнөөдөр зах зээл дээр 30 мянга гаруй орон сууц бэлэн болсон байна, худалдан авалт байхгүй, хөрөнгө түгжээд байна. Эндээс үзэхэд Засгийн газрын бодлого маш тодорхой байх ёстой. Иймд энэ дөрвөн жилд  салбартаа хамгийн оновчтой 3-5 үйлдвэр байгуулах үүргийг салбарын сайд, Засгийн газрын гишүүн бүрт өгөөд байгаа гэж Ерөнхий сайд хэллээ.

Эдийн засгаа сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулна, үүнд онцгой анхаарна. Энэ бол найдвартай хөрөнгө оруулалт. Иргэдийг үндэсний үйлдвэрлэлээ, бие биенээ дэмжих, худалдан авалт хийхийг уриалсан гэлээ.

Шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1,5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна. Энэ асуудал иргэдээс дэмжлэг хүлээж байна. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Ахмадын тэтгэвэр, оюутны далан мянган төгрөг, хүүхдийн мөнгөний талаар асуусан иргэдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр,

О.Содбилэг гишүүн бид хоёр “Ач санах тухай буюу насны хишиг тэтгэврийн тухай хуулийг өнгөрсөн парламентийн үед санаачилсан ч УИХ-аар хэлэлцээгүй. Шинэ Засгийн газар энэ төслийг Ахмад настны тухай хууль болгож хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсанд баяртай байгаа. Хамтын тэтгэврийн хуульд 7 мянган ахмад л хамрагдах байсан бол “Насны хишиг” тэтгэврийг 78 мянган хүн хүртэх юм. Эдийн засаг сайжрахын хэрээр жилд хоёр удаа биш дөрвөн удаа буюу улирал тутам “Насны хишиг” олгохоор төлөвлөсөн гэлээ.

Мөн зээлийн хүүг бууруулах аргачлалыг боловсруулсан, цалингийн зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллана гэв.

Залуучуудын хөгжлийн тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийг боловсруулж, УИХ-д хэлэлцүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Манай Засгийн газар Хүүхэд, залуучуудын агентлагийг байгуулсан гэдгийг хэллээ.

Оюутны 70 мянгыг зогсоосон, 70 мянга авах гэж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурах хүмүүс олон байна. МСҮТ-ийг менежментийн хувьчлалаар багш нарт нь хувьчлахаар эрх зүйн зохицуулалтыг хийхээр болж байгаа. Оюутны 70 мянгыг зогсоож, оюутны сургалтын төлбөрийн зээлийг бий болголоо.

Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно. Ингэхдээ 60 хувьд бэлнээр, 40 хувьд нь хуримтлалаар 2019 онд бөөнд нь олгоно гэлээ.

Эрдэнэтийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хамгийн олонтаа давхардсан асуулт нь Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудал байлаа. Засгийн газар энэ асуудлыг судлах, шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж хэлэлцээд Засгийн газар шийдвэр гаргасан байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шийдвэрийг танилцуулав.

1.  Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан.

2.  Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдсантай  холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгосон.

3.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны нууц байсан тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болсон.

4.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжилсан гэдгийг хэллээ.

Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд энэ шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, цаашид ямар арга хэмжээ авахыг сонирхож байлаа. Үүнд Ерөнхий сайд, МАН-ын бүлэг энэ асуудлыг сайтар ярилцаж байгаа. Засгийн газрыг төлөөлж 49 хувиа худалдаж авахаас  татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдлийг болон хувьцааны худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах, УИХ-ын төвшинд ахин ярилцах зэрэг манай намын бүлэг дээр янз бүрийн санаа оноо гарган нухацтай хэлэлцэж байгаа. Эцсийн бүлэгт МАН хамгийн зөв хувилбараар шийднэ. Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй. Монголын төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …