Монголын тухай сэдэвчилсэн кино Калгаригийн ОУ-ын кино наадамд шагнал хүртэв

Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Калгаригийн олон улсын кино наадамд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн юм. Киноны нээлтэнд Канад Улсын Калгари хотод суугаа Монгол Улсын өргөмжит консул П.Валлис болон кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцож хүрэлцэн ирсэн үзэгчдэд монгол ая дуу, үндэсний хөгжим эгшиглүүлж сонирхуулсан байна.

14364910_10154549707209153_3028150859959187161_n

Жил бүр 40 гаруй орны дэлгэцийн урлагийн уран бүтээлчдийн 200 орчим кино толилуулж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг энэхүү наадамд энэ жил үзэгчдийн шилдэг шагналын төрөлд “Burn Your Maps” кино өрсөлдөж “үзэгчдийн шилдэг зохиол” шагналыг хүртлээ.

burn-your-maps-calgary-international-film-festival

“Burn Your Maps” кино нь нэгэн америк гэр бүлийн тухай гарах бөгөөд тус гэр бүл нь зургаан сартай нэг охиноо алдчихсан, сэтгэл зүйчийн тусламж авах хүртлээ харилцаа нь хөндийрчихсэн хүмүүс аж. Харин энэхүү гэр бүлийн найман настай хүү Вэс /жүжигчин Жэйкоб Трэмблэй/ өөрийгөө харийн газар төөрж төрсөн Ганзориг хэмээх Монгол малчин гэж боддог. Үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийнхний хамтаар Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийсэн тухай тус кинонд өгүүлдэг байна.

Киноны зураг авалтыг Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгари хот болон Монгол Улсад хослуулан хийжээ. Учир нь киноны гол үйл явдал хүүгийн төрсөн нутаг гэх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ойролцоо нутагт өрнөдөг байна.

Тус кинонд Канадын Алберта мужийн монголчууд оролцож Монгол соёл, урлаг, үндэсний хувцас, хөгжмийг чадварлаг сурталчилжээ. Мөн МУСТА жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Вера Фармига, Виржиниа Мэдсэн болон Мартон Шокас, Сураж Шарма гэх алдартай жүжигчид гайхалтай дүрүүд бүтээсэн юм.

“Calgary International Film Festival” олон улсын кино урлагийн наадам нь жил бүрийн намар 12 хоногийн турш Калгари хотноо зохион байгуулагддаг. Энэ жил 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд Канад Улсад нэр хүнд бүхий кино наадмын нэг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

http://www.calgaryfilm.com/films/2016/burn-your-maps

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …