Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эргэн тойронд болж байгаа үйл явдлыг 2016 оны 7 сарын 5-нд судлаач Д.Ганхуяг маш тодорхой бичиж байсан байна. Түүний бичсэн нийтлэлийг хүргэе.
Сонгуулийн өмнө Эрдэнэтэд болсон явдлыг ойлгосон монгол дэндүү цөөн. Монголын гэсэн бүх юмыг худалдаж зарж идэхийн донтой Ерөнхий сайд Ч. Сайханбилэг “Эрдэнэт 100% монголынх болсон” гэсэн үгэнд итгэх ямар үндэслэл байхгүй юм. Ингээд “Эрдэнэт”-д юу болсон тухай өгүүлье.
Эрдэнэтийн байдал.
Эрдэнэтийн овооны зэс-молибдены орд газрын хайж олсон нөөц 2060 он хүртэл хүрэлцээтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Манай “Эрдэнэт” үйлдвэр Лондонд болдог Европын бизнесийн Ассамблейн олон улсын шагнал олгох ёслол дээр аж ахуйн шилдэг нэгжээр нэрлэгдэж, үйлдвэрийн захирал Ч.Ганзориг 2010 оны шилдэг менежер болж байв. Энэ чинь саяхны явдал шүү дээ. Гэтэл хэдхэн жилийн дотор монголын цорын ганц саалийн үнээ болох “Эрдэнэт” бүх талаар хүнд байдалд орж, дампуурлын ирмэгт тулж ирсэн байна.Бид “Оюу Толгой”, “Таван Толгой”, “Гачуурт” гэж томорч давхисаар байгаад “Эрдэнэт”-дээ юу болж байгааг мартаж орхижээ. Монголчуудыг бараг санаатайгаар мартагнуулсан гэж ч үзэж болно. Эсвэл монголчууд бүгдээрээ усан тэнэг гэсэн ч болно.
Түүхий эдийн асуудлууд
“Эрдэнэт” жилд 26 сая тн хүдэр боловсруулдаг, Монголын ДНБ-ний 13,7%-ийг хангадаг. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 32 сая тн болгох өргөтгөлийн ажил саяхан хийгдсэн. “Эрдэнэт”-ийг маш ихээр өргөтгөж байгаа нь манай төсвийн хөрөнгийн үлэмж их гачигдлаас үүдэлтэй. Ийм учраас “Эрдэнэт”-ийн жилийн олборлолтыг 35 сая тн-д хүргэх асуудлыг олон удаа хөндөн ярьж байгаа юм.
Хэрэв ингэж цөлмөвөл “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн ашиглалтын хугацаа 15-18 жил хүртэл эрс хорогдох тооцоо байдаг. Яваандаа “Эрдэнэт”-ийн нөөц асар удахгүй дуусах тийшээгээ орох ба энэ тохиолдолд Монголын зэсийг хэрэгцээг “Оюу Толгой”-оос хангах ёстой нь мэдээж хэрэг.
Эдийн засгийн асуудлууд.
Өнөөдөр “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн санхүүгийн байдал маш хүнд нөхцөлд ороод байгаа ч монголчууд үүнийг анзаарах сөхөөгүй улс төр хийж иржээ.
“Эрдэнэт-ийн бүх агуулах савууд нормативаас хэтэрсэн, ашиглаж болохгүй бараа материалаар пиг дүүрч, үйлдвэрийн зээлийн өр 511 тэрбум төгрөгөөс давж, энэ нь үйлдвэрийн жилийн борлуулалтын 40 хувьд хүрсэн аварга хэмжээнд хүрчээ.
Түүнчлэн хувь нийлүүлэгч нартаа хэдэн жил дараалан ногдол ашиг буюу дивидент төлөөгүй байгаагаас гадна зээлийн хөрөнгөөр уг дивидентыг төлөх асуудал ярих болсон байна.
“Эрдэнэт”-ийн хэдэн зуун сая долларыг тус үйлдвэрээс хураан авах тухай олон улсын шүүхийн ажиллагаа явагдаж, цаашаа шүүхийн шинэ шинэ нэхэмжлэл гарахад бэлэн болжээ. Зээлийг барьцаагаар өгч авах болсноор “Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдвэр өөрөө зээлийн барьцаанд орсон байна.
Улс төрийн асуудал.
Өнөөдөр Монгол өөрөө улс төрийн маш хүнд нөхцөлд байгаа ба үүний шалтгаан нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал эрс муудсан, төсвийн орлого багассан, хүн амын бодит орлого буурсан, валютын нөөц маш их дутагдах болсон, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг явдал юм.
Төрийн өмч бүхий аж ахуйн байгууллагуудын өрийг оруулсан Монголын төрийн өр аль хэдийн ДНБ-ний 65 хувиас даваад байна. Гэтэл манай саяхан баталсан хуулиар тухайн үзүүлэлт 40 хувиас илүү гарахгүй гэдгийг тогтоосон. Монгол Улс томоохон дефолтод орох маш их магадлалтай болжээ. Энэ үед Монголыг ганц тэжээдэг нь “Эрдэнэт” юм.
Гэмт хэргийн асуудал.
“Эрдэнэт” үйлдвэр хавтгай гэмт хэргийн орчинд маш их удсаныг монголчуудаас бусад нь сайн мэддэг аж. Харин удирдлагын болон олон улсын түвшинд бүгдээрээ “Эрдэнэт” бол тэр чигээрээ авилга, гэмт хэргийн орчин гэдгийг сайн мэддэг байжээ.
“Эрдэнэт”-ийн бүх импорт олон шатат авилгын системээр дамждаг болж, үнэ хийгээд өөрийн өртөг өндөржиж, экспорт тус үйлдвэрт ажилладаг болон ажилладаггүй хэдхэн цөөн тооны албан тушаалтны мэдэлд бүрэн оржээ. Үүний улмаас үйлдвэрийн борлуулалтын үнэ маш ихээр буурч, үүнээс үүдсэн алдагдал хамгийн багаар тооцоход 50 сая ам.доллараас давсан байна.
Үйлдвэрлэлийн өртөг өндөржиж, ашигт ажиллагааны түвшин буурч, түүнчлэн илүүдэл, хэнд ч хэрэггүй бараа-материалын асар их үлдэгдэл бий болсон нь “Эрдэнэт” үйлдвэрийг санхүүгийн дампуурлын босгонд дээр авчирчээ.
Түүнчлэн “Эрдэнэт”-ийн Монголын талын гүйцэтгэх удирдлагууд улс төрийн болон гэмт хэргийн шалтгаанаар байнга халагдаж солигдож байгаа нь “Эрдэнэт” болон түүнтэй холбоотой ямар ч төслийг хариуцах эзэнгүй болгожээ. Шууд хэлэхэд манай “Эрдэнэт”-ийг мэдэх, хариуцах эзэн гэж Монголд байхгүй болжээ.
Ашиг хуваарилах асуудал.
“Эрдэнэт” хамтарсан үйлдвэр бол төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж юм. Үйлдвэр ажиллана, орлого олно. Монголд татвараа төлнө. Харин эндээс хуримтлагдсан ашгийн хэсэг буюу татвар төлсний дараа үлдсэн хэсгийг өдөр тутмын хэрэглээ, түүний дотор шинэчлэл, ажиллаж буй хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж үйлдвэрийн мэдэлд үлдээнэ. Эндээс үлдсэн ашгийн хэсгийг дивидент хэмээх ба хувь нийлүүлэгчид хуваан авна.
Монголын талд ногдож буй дивидентын хэсэг улсын төсвийн татварын бус орлого болох ба түүний зарцуулалтыг хууль тогтоомжийн дагуу УИХ шийддэг. Үүний улмаас төрийн оролцоотой үйлдвэрийн газрын авсан дурын зээлийн өрийг дарах явдлыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр л хийдэг.
Түүнээс гадна “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн аж ахуйн үндсэн үйл ажиллагаа зэс, молибдены хүдэр олборлох, баяжуулах ажлаар хязгаарлагдах ба харин санхүү, хөрөнгө оруулалт, хөгжүүлэх, боловсронгуй болгох үйл ажиллагаа нь үйлдвэрийн ажилд үл хамаардаг юм.
Ашиг орлогоо ингэж хуваах бүдүүвчээр олон жил явсан ба манай “Эрдэнэт” Монголыг тэжээж буй “саалийн ганц үнээ” гэх алдрыг зүй ёсоор хүртсэн юм. Гэтэл одоо болохоо болив.
Манай гэнэтийн санал.
Зөвхөн манай талын буруугаас, зөвхөн манай талын саланги задгай, дээрмийн үйл ажиллагаанаас болоод “Эрдэнэт”-ийн зээлийн өр 511 тэрбум төгрөгөөс давж, үйлдвэрийн жилийн борлуулалтын 40 хувьд хүрсэн ба “Эрдэнэт” үйлдвэр өөрөө зээлийн асар их барьцаанд орж, дампуурлын ирмэгт тулж иржээ.
Энэ тохиолдолд үйлдвэрт шалгалт оруулж, менежментийг сайжруулж, яаралтай арга хэмжээ авдаг нь аль улсын ёс атал Монголын тал ингэсэнгүй. Харин Баруунаас асар их мөнгө зээлж авах хамгийн амархан бөгөөд адгийн арга “сонгон авчээ”. Энд “сонгон авчээ” гэдгийг хашилтад хэлдгийн учир нь Монголын төр засаг толгойгүй болохоороо “мөнгө өгөх”, “хөрөнгө оруулах” тал нь тэгж зааж өгсөн байх маш өндөр магадлалтай юм.
Үүнийгээ далдлахын тулд “Эрдэнэт”-д зэс хайлуулах шинэ үйлдвэр барина гэсэн хачин тэнэг шийдвэр бодож олжээ. Яаж ч бодсон гэсэн зэс хайлуулах шинэ үйлдвэрийг Оюу Толгойд ойрхон барих нь ирээдүйн эргэлзээгүй ашигтай атал Монголын эрх баригчид хамгийн адгийн аргыг сонгон авчээ.
Хувь нийлүүлсэн хамтрагч нартаа ч дуулгасангүй, “Эрдэнэт” үйлдвэр өөрийн болон татан оролцуулсан хөрөнгөөрөө зэс хайлуулах үйлдвэр байгуулах гэж байгаа бөгөөд үүнд оросын талыг оролцох боломж байгаа эсэхээ “маш товч” хэл гэж шууд тулгажээ. Энэ бузар явдлыг монголчууд огт мэдээгүй юм. Ард түмнээсээ асуудаг, буруутныг шийтгэдэг, алдаагаа засдаг төр засаг гэж Монголд огт байхгүй нь эндээс тод харагдана.
Оросын хариу.
Оросын тал тэр дор нь ихээхэн дургүйцсэн хариу бичиг манайд өгсөн ба энэ бичиг манай дээд хүрээллийн тун цөөхөн хүний гарт байсан юм. УИХ-ын гишүүн Г.Уянгад энэ бичгийн нэг хувь орсон бөгөөд тухайн үед асуудал “маш нууц” байсан, хэрэв Г.Уянга энэ асуудлыг эхэлж хөндвөл “ямар ч ажил хийлгэдэггүй, гацаадаг” гэсэн зөвхөн Монголд л байх усан тэнэг ял зэмд гарцаагүй унах байсан юм. Тэгээд ч тэр үед “Эрдэнэт”-тийн асуудал хөдлөөгүй байлаа.
Оросууд: “хэрэв зэс хайлуулах үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалт наад зах нь 500 сая ам.доллар гэж үзэх юм бол түүний эргэн төлөгдөх (окупаемость) хугацаа 15 жилээс наашгүй болох ба ийм үрэлгэн үйлдвэрийн газар эдийн засгийн үр ашиг олно гэдэг нь ихээхэн эргэлзээтэй” гэж дүгнэсэн юм. Энд тухайн үед байгаагүй “Монгол зэс” компанийг ярьж байгаа нь тодорхой байна.
Түүнээс гадна Оросууд: “Маш хүнд нөхцөлд “Эрдэнэт“ үйлдвэр шинэ зээл, тэр тусмаа зориулалтын бус зорилгоор зээл авах нь үйлдвэрийн санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд нэн хөнөөлтэй бөгөөд энэ нь үйлдвэрийн дампуурал, эдгээр зээл өгөгчдийн тусын тулд өнөөгийн болон ирээдүйн эзэд халагдаж солигдох эхлэл болж болох юм” гэж дүгнээд “Хөрөнгө оруулалт, зээл авах нь тус үйлдвэрийн үйл ажиллагааны зорилго биш” гэдгийг онцлон дурдсан байна.
Гэхдээ Оросууд манай саналыг бас ч гэж үгүйсгээгүй юм: “Энэ төсөлд…орос технологи ашиглаж, түүнчлэн оросын талын хөрөнгө оруулагч энэхүү төслийг санхүүжүүлэх үүрэг бүрэн хүлээсэн тохиолдолд төсөлд оролцох боломжтой” бөгөөд “үүнээс өөрөөр бол хөрөнгө оруулсан мөнгөний дийлэнхи хэсгийг техник, технологи нийлүүлэгчид эзэмших бөгөөд энэ үед Оросын тал төсөлд оролцсон тохиолдолд зээлийн хөрөнгийн ашиглалтын тунгалаг байдлыг хянахад үлэмж түвэгтэй болно” гэдгийг онцлон дурдсан юм.
Ингээд Оросын тал манайд дараах санал тавьжээ:
1.Оросын оролцогчийн өмч болон татан олсон хөрөнгөөр;
2.Төрийн оролцоогүй өмч бүхий өөр хуулийн этгээдтэй хамтарсан үйлдвэр барих;
3.Ийм хуулийн этгээд оролцсон хувь нийлүүлсэн компани байгуулах зэрэг болно.
Монгол баагийнууд оросуудын нүдээр
Оросууд манайхныг эрхбиш сайн мэддэг гэж би бодож байна. Оросууд “Эрдэнэт”-ийн талаар санал гаргасан монгол баагийнуудыг ингэж дүгнэжээ:
“Эрдэнэт” хамтын үйлдвэрийн хөрөнгөөр зэс хайлуулах үйлдвэр барих санааг эхлэн гаргасан тэрхүү хүмүүсийн хувийн шинж чанарын онцлогийг харгалзан үзээд энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн зайлшгүй хэрэгцээ, түүний үйлдвэрлэл болон санхүүгийн нөхцөл байдлаас үүсээгүй, харин:
a) Үйлдвэрийг дампууралд хүргэж, өмчийн эзнийг солих гэсэн оролдлого;
б) Ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэгтээ сагасан, сонгууль болохоос өмнө тухайн төслөөр халхавчлан санхүүгийн асар их хөрөнгө луйвардахыг санаархсан тодорхой хүмүүсийн хорт үйлдэл гэж бид бүрэн итгэлтэйгээр дүгнэж байна.”
“Ийм нөхцөл байдалд байгаа атлаа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд “Оюу Толгой” болон хараахан байхгүй байгаа “Цагаан суварга”-ын баяжуулах фабриктай харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэр өрсөлдөх чадваргүй хэмээн мэдэгдэж байгаа нь эсвэл ажил хэргээ мэдэхгүйгээс үүдсэн туйлын хариуцлагагүй явдал, эсвэл санаатайгаар төөрөгдөлд оруулах гэсэн оролдлого хоёрын нэг юм” гэдгийг нэмж хэлсэн байна.
Үүнийг би буруу, зөрүү дүгнэлт гэж огт бодохгүй байна. Харин ч үүний дээрээс судлаачийн хувьд дараах дүгнэлтийг нэмэн хийж байна:
1. “Эрдэнэт” үйлдвэр асар асар их өрөнд унажээ. Одоогийн байдлаар “Эрдэнэт”-ийн өр 511 тэрбум төгрөгөөс даваад байна.
2. “Эрдэнэт” үйлдвэр гадаадаас үйлдвэрээ барьцаалан авсан гадаад зээлийн өрийн дарамтад байгаа ба “Эрдэнэт-ийг олон улсын шүүхийн шил дараалсан хуралдаан хүлээж, “Эрдэнэт”-ийг өөрийг нь барьцаалах, хураан авахад ч дөхсөн байна.
3. “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаа тавьсан өр ширээ дарж чадахгүй хэмжээнд хүрчээ. Иймээс “Эрдэнэт” үйлдвэр бүрэн дампуурлын ирмэгт тулж иржээ.
Саалийн үнээгээ алдахын учир
“Эрдэнэт” нэгэнт найдваргүй байдалд орсон тул Монголын эрх баригчид нэмж “мөнгө зээлэх”, “хөрөнгө оруулах” адгийн аргаа дахин хэрэглэжээ. Оросын тал буюу хамтрагч тал дургүйцсээр байтал Оросын талын оролцоог худалдан авч “Эрдэнэт-ийн зээлийн өрөнд өгөхөөр шийджээ.
Улмаар Оросын талын хувийг эдийн засгийн ямар ч ашиггүй “Эрдэнэт зэс” хувийн үйлдвэрт шилжүүлж, төрийн болон ард түмний хөрөнгийг завших арга сэджээ.
Хэрэв Оросын талын хувийг Монголчууд худалдан авсан ахул хамгийн энгийн хоёр арга байдгийг би эрх баригчдад сануулж байна:
1. Оросын талаас худалдан авсан хувь хөрөнгийг “Эрдэнэт”-д нийлүүлж 100 хувь улсын өмч болгох;
2. Оросын талаас худалдан авсан хувь хөрөнгийг нийт ард түмэнд хувьцаа болгон тараах явдал болно.
Гэтэл Монголын эрх баригчид хамгийн түгээмэл дээрх аргуудыг огт ярилгүй, хэн ч үл мэдэх хувийн “Эрдэнэт зэс” компани руу шилжүүлж байгаа нь төрийн буюу бүх ард түмний өмчийг Монголын төр дээрэмдэхээр шийдсэнийг тод илтгэж байна. Ийнхүү Монголчууд “саалийн ганц үнээ” болсон “Эрдэнэт”-ээ алдаж байна.
Дөнгөж сонгуулийн өмнө болсон энэ үйл явдлын хор уршиг, цар хүрээг монголчууд огт ойлгохгүй байна. Зарим тэнэг нь “Эрдэнэт” 100% Монголынх боллоо” гэсэн тэнэг үгэнд хөөрцөглөж, бас “Монголчууд өөрийнхөө юмыг авах болсонд юунд нь дургүйцээд байгаам ?” гэж тэнэгтэж байна.
“Эрдэнэт”-ийг алдсанаараа Монгол Улс хамгийн эхлээд геополитикийн тэнцвэрээ ихээхэн ноцтой алдаж байна. Улмаар эдийн засгийн болон бусад тэнцвэр алдагдаж байна. Нүүр тахалдаг том үйлдвэрээ алдаж байна.
Сүүлийн хэдэн жил “Эрдэнэт” ОХУ болон Евразийн Эдийн засгийн Холбооны улсуудад зэс гаргахаа зогсоогоод байна. Хувь нийлүүлсэн хамтрагч Оросын талд ногдол ашиг өгөхөө зогсоосон байна. Олон жил ужгирсан энэ адал балмад явдлаас Оросын тал залхаж, хувь хөрөнгөө зарах шийдвэр гаргасан нь лавтай. Мөн “Эрдэнэт” олон улсын шүүхийн барьцаанд орвол Монголтой хамт өрөнд орно гэж болгоомжилсон байх ч талтай…
Манай хувьд “Эрдэнэт” бол зүгээр нэг “том” үйлдвэр биш, энэ бол манай нэр төр, бахархал, энэ бол манай олон мянган иргэдийн амь амьдрал, хувь заяа, Монголыг тэжээгч саалийн ганц үнээ.
“Үнээнийхээ сүүтэйг үхэхээр нь мэднэ” гэж юутай үнэн !!! Одоо Монголчууд Г.Уянга руу “Эрдэнэт”-ийн талаарх чухал бичиг баримтыг жил илүү дарсан гэж дайрвал би л лав гайхахгүй… Манайхан үнэн лайтай тэнэг ард түмэн ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 07 дугаар сарын 05.