Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхийлөгч тус шүүхийн ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэчлэл, тулгамдсан асуудлуудаар ярилцсан юм.
Төрийн тэргүүнийг Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд хүрэлцэн ирэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгчдийн хамт угтан авч мэдээлэл, лавлагааны хэсгийн үйл ажиллагаатай танилцууллаа. Нийслэлийн бүх шатны шүүх онлайнаар шүүх хуралдаанаа хийж, дуу, дүрс бичлэг нь архивлагдан хадгалагддаг болсон байна. Түүнийг дахин үзэх, хуулбарлаж авах эрх иргэдэд нээлттэй гэдгийг Н.Лүндэндорж дарга хэлж байв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар хийгдсэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх хуралдааныг цахимжуулсан нь хуралдаан цагтаа эхэлдэг, сэжигтнүүдийг ийш тийш зөөвөрлөх шаардлагагүй болсон зэрэг олон дэвшилтэт сайн талуудтай болсныг онцлов.
Давж заалдах шатны шүүхийн олон нийтийн хэсэгт өмгөөлөгчид, иргэдийн төлөөлөл, сэтгүүлчид шүүх хуралданы явцыг шууд хардаг юм байна. Мөн хэл, сонсголын бэрхшээлтэй иргэн шүүх хуралдаанд оролцвол дохионы хэлний орчуулагч ажилладаг ажээ.
Давж заалдах шатны шүүхэд өргөдөл ирэхэд шүүгч нар руу тусгай программаар автоматаар хуваарилагддаг болсон байна. Мөн Шүүх хуралдааны үйл ажиллагаа нийтэд нээлттэй болсон нь шүүхийн шинэчлэлийн давуу тал болсон гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байлаа. Шүүх гурван хаалгатай болсон, нэгээр нь хохирогчид, нөгөөгөөр шүүх бүрэлдэхүүн, гурав дахь хаалгаар олон нийт, сэтгүүлчид ордог болжээ.
Уг шүүх нь 1927 онд Улаанбаатар хотын шүүх нэртэй байгуулагдаж 2013 оноос шүүхийн шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх болон өөрчлөгджээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүх хуралдааны жишиг танхимд шүүгчидтэй уулзаж, тэдэнд хандан үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгчид, ажилтнууд, хууль хяналтын байгууллагынхан энд өргөнөөр оролцож байна.
Шүүхийн тухай багц хууль хэрэгжээд 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнөөдрийн бидний ярих асуудал бол Монгол Улс даяар шүүх эрх мэдлийн байгууллагад явагдаж байгаа өөрчлөлтийн маш багахан хэсгийн тухай юм. Үүнийг бүгдийг ярих боломжгүй.
Энд гарсан нэг дэвшил нь гадаад, дотоодын олон улсын бие даасан судалгаа их гардаг. Монголд шүүхийн шинэчлэл хэр явж байна. Шүүхийн хараат бус байдал нь хэр явж байна. Иргэдийн зүгээс шүүхэд итгэх итгэл хэр нэмэгдэж байна гэж судалдаг.
2008-2009 оны үед авч байсан судалгаагаар шүүхэд итгэх итгэл 20 орчим хувь байсан бол одоо хараат бус судалгаагаар энэ хувь 3 дахин нэмэгдсэн. Ойролцоогоор 50-60 хувьтай, 60 хувь дээр эргэлдэж байгаагаас энд явж байгаа ажил үнэхээр үр дүнд хүрч байна гэдэг нь харагдаж байна.
Хоёр дахь сайн зүйл бол ямар учраас шүүх эрх мэдлийн хүрээнд хийсэн шинэтгэл амжилтттай явж байна вэ гэхээр хамгийн гол нь миний ойлгож байгаагаар ойлголцол байна.
Ард иргэдийн зүгээс “Хууль хяналтын байгууллага, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй байна. Энд хийх ажил байна” гэж маш их хүсэлт тавьж, ярьдаг байсан. Социализмын үед 70 жил бид энэ замаар явлаа. Одоо нээлттэй нийгэмд ороод 26 дахь жилдээ явж байна. Иргэдээс гарч байгаа энэ санал их чухал байсан. Миний харж байгаагаар хамгийн гол амжилт бол ард иргэд, шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хоорондын ойлголцол их сайн байлаа.
УИХ, хууль тогтоогчид, шүүхийн байгууллага, Ерөнхийлөгч гэсэн ойлголцолд бид нэг түвшинд хүрч чадсан учраас бидний ажил их сайн явж байгаа.
Шүүхийн шинэтгэлийг хийхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, хэргийг илрүүлэхийн төлөө явдаг хуулийн байгууллагынхан байгаа. Энэ амжилтын хамгийн гол алхам нь хүмүүсийн бодитой үйл ажиллагааны үр дүн юм.
Монгол Улс амжилтаасаа цааш ухрахгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ амжилт зөвхөн шүүхийнхний юм уу, аль нэг улстөрчийн юм уу, аль нэг улс төрийн байгууллагын амжилт биш болсон. Энэ ард иргэдэд хүрчихсэн.
Шүүх, шүүхийн танхимаар ороод ирэхэд манай шүүх иргэдэд үйлчилдэг болжээ. Ямар сайхан болсон юм бэ. Нээлттэй болсон байна. Бидний ойлгодог байсан, өмнө нь орж байсан шүүхийн байгууллагаас энэ байгууллага өөрчлөгджээ гэсэн ойлголт иргэдэд бий болсон.
Малыг хувьчлаад өгчихсөн. Эргүүлээд нэгдэл байгуулах боломжгүй гэдэгтэй адилхан хүн эрхээ мэдээд, эдлээд эхлэхээр тэр амжилтаас буцах аргагүй болж байгаа юм.
Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд шүүхийн захиргааны байгууллага, шүүн таслах үйл ажиллагаа хоёрыг салгасан. Манай ард иргэд тэр бүр ойлгодоггүй. Өмнө нь захиргааны байгууллага, шүүн таслах үйл ажиллагаа нь нэг байсан. Ерөнхий шүүгч нь шүүгчийнхээ асуудлыг шийдэх, цалин мөнгө, томилгоо, шалгаруулалт гээд бүх юм нь шүүх дээрээ нэг хүний удирдлагад явдаг байсан бол одоо салгасан нь амжилт болсон гэж харж байгаа.
Энэ үйл ажиллагааг бид улам цааш нь боловсронгуй болгож явах шаардлага гарч ирж байгаа. Сонгуулийн дараа төрийн бүх байгууллага дээр халаа солио явж байгаа. Сонгууль боллоо гээд шүүх эрх мэдлийн хүрээнд, ялангуяа шүүгчдийн хүрээнд ажлаасаа халагдах зүйл байхгүй болсон. Энэ бол баталгаа бий болсны сайн тал харагдаж байгаа юм. Энэ чиглэлд төрийн байгууллага, шийдвэр гаргадаг бүх хүмүүс нэгдмэл байр суурьтай болсон. Шүүгчдээ халаад явуулаад эхлэх юм бол энэ улсад залгамж чанар байхгүй болно.
Тэгэхээр төрийн залгамж чанар хаана тогтож явах нь вэ гэвэл эцсийн цэг нь шүүх дээр байна. Уг нь энэ залгамж чанар, мэргэшсэн төрийн алба гэдэг ойлголт төрийн бүх байгууллагад явж байх ёстой юм.
Бид шүүхийн байгууллагагаасаа үлгэр жишээ авах хэмжээнд хүрсэн байгаа нь их зөв хэлбэр юм. Шүүгчдийнхээ хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд шүүгчдийнхээ цалин хангамж, нийгмийн асуудлыг шйидэх ажлыг шат дараалан шийдэх гэж оролдож байгаа. Эдийн засаг, төсөв хүндрэлтэй байгаа нөхцөл бий. Гэхдээ олон хүний цалинг шийддэггүй юм гэхэд хүний хувь заяаг шийддэг, хүний хувь заяанд хамгийн гүнзгий оролцох боломжтой шүүгчдийнхээ хариуцлагын асуудалд анхаарч, цалинг шийдье гэсэн.
Сая УИХ дээр хэдий хүнд байсан ч гэсэн цалин, нийгмийн асуудлыг хөндөхгүйгээр цааш явъя гэсэн нь улс төрийн хувьд, хууль тогтоох байгууллага, бүх хүрээнд баталгаа гарч иржээ гэдгийг харуулж байгаа нэг сайн хэлбэр юм гэж бодож байна.
Дээр нь манай шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Шүүх хурлын дараа, өмнө нь ч юм уу, тодорхой асуудлаар шүүгчид нөлөөлөх гэж оролдсон, шүүгчдийн хараат бус байдлыг бууруулах гэсэн оролдлого байвал заавал тэмдэглэж үлддэг, нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Хуульд бүр зааж өгсөн байгаа. Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэгт орсон, тэр нь баримтжсан байх юм бол тухайн албан тушаалтантай хариуцлага тооцдог хэлбэр рүү орж байгаа.
Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлөөд байна. Өндөр албан тушаалтай хүмүүс нөлөөлөөд байна. Мөнгөтэй хүмүүс нөлөөлөөд байна гэдэг ойлголтоос, ийм боломжоос салгах гэж оролдож, бид энэ нөлөөллийн мэдүүлгийг нэг хэрэгсэл болгож оруулсан юм.
Шүүгч иргэдэд нээлттэй болж байгаагийн нэг сайн тал нь сая бид харлаа. Их олон зүйл дээр шүүх иргэддээ үйлчилдэг байгууллага болж хувирч байгаа.
Би нэг зүйл хэлээд байгаа. Шүүх иргэний эрхийг хамгаалдаг юм. Хүний эрхийг хамгаалдаг байгууллага гэхээр зарим хүн үүнийг сайн ойлгодоггүй. Юу гэсэн үг вэ. Шүүх чинь хүнийг торгодог, шийтгэдэг байгууллага шүү дээ гэдэг.
Хууль зөрчөөд, шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж орж ирж байгаа хүмүүсийн тоо 3 сая хүнтэй харьцуулж үзэх юм бол маш цөөхөн хувь нь, магадгүй, ихэсгэж хэлбэл 10 хувь нь л ийм асуудал гаргаж орж ирдэг. Хууль зөрчсөн буруу хүмүүстэй хариуцлага тооцож байна, асуудлыг шийдэж байна гэдэг бол ард иргэдийн үлдсэн 90 хувийн эрхийг шүүгчид хамгаалж байгаа хэлбэр юм. Ийм ойлголт үүгээр бэхжиж байгаа юм.
Шүүхийн хаалгаар орж ирээд л иргэдийн өргөдлийг авдаг, шүүхийн хаалгаар нэг ядарсан иргэн ороод ирэхэд наад зах нь суух сандалтай, шууд хүлээж аваад уулзчих хүнтэй болсон нь их чухал юм. Шүүх дээр ийм шийдвэр гарлаа, төрөл садан, хүүхдийнх нь асуудал шийдэгдлээ гэхэд энэ шүүх хурал дээр юу яригдсан юм. Юу болсон юм. Энэ материалыг татаж авъя. Үүнтэй би танилцъя гэхэд видеогоор танилцах боломжтой. Шууд цаасан дээр буулгасан байдлаар танилцах боломжтой болсон нь их чухал юм. Энэ эргээд шүүхийг хариуцлагатай болгож байгаа юм. Шүүхийг бид зөвхөн цалингаар дамжуулж хариуцлагатай болгож байгаа биш, иргэдэд нээлттэй болгосон нь хариуцлагыг нэмэгдүүлэх маш чухал хэлбэр болсон.
Шүүхийн шийдвэр бичигдэж байна. Шүүхийн тэмдэглэл хөтлөгдөж байна гэхэд л энд оролцож байгаа хүмүүс, шүүгчдийн ширээн дээр тусгай дэлгэц байрлуулсан байгаа. Шүүхийн тэмдэглэл хөтлөгдөөд явж байхад энд оролцож байгаа хүмүүс давхар хараад байж байдаг. Тэр нь цаасан дээр, видео дээр бууна. Ганц энэ ажлыг дурдахад л маш том дэвшил гарсан нь харагдаж байгаа.
Шүүх хурал болж байхад бүх хүнийг шүүх танхимд авч ирэх аргагүй. Зарим нь хорих байгууллагад байж байдаг. Манайхан дээр үед Ганц худаг гэж нэрлэдэг байсан 461 дүгээр ангид одоо эрүүгийн шүүх хурал болж байна. Тэгэхэд 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа иргэн тэндээсээ шүүгчийн асуултад өөрөө оролцоод хариулаад, хараад, мэдүүлгээ өгөөд сууж байна. Энэ бол маш том дэвшил.
Монгол Улс уудам газар нутагтай. Хөдөө орон нутгаас шүүхийн гэрч ч юм уу, тодорхой хүмүүс шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй байгаа бол техникийн дэвшлийг ашиглаад шууд шүүх хуралдаа оролцоод, асуух тодруулах зүйлээ өгдөг болчихсон. Энэ нь их чухал харагдаж байгаа.
Манай хэвлэлийнхэн бас харсан байх. Шүүх илүү хүнлэг, хүндээ ойртож байгаа. Сонсгол муутай, хэлж ярьж чаддаггүй хүмүст дохио зангааны багшийг нь хүртэл аваад ирсэн. Шүүхээс манай шүүх хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцож байгаа гэхэд дохио зангааны багш нь суугаад ойлголцоод ярилцдаг болсон. Шүүх илүү хүнлэг, хүн рүүгээ хандсан ажил шүүх байгууллага дээр их хийгдэж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.
Мөн зөвхөн шүүхийн танхимд хэрэг тасалдаг биш, бараг дөрвөн хэргийн нэг нь техникийн дэвшлийг ашиглаад асуудлаа шийддэг болсон. Энэ нь их чухал болсон гэдэг нь харагдаж байгаа.
Би хэвлэлээс харж байсан. Шүхэд гарч байгаа олон өөрчлөлтийн талаар ард иргэд ярьдаг. Нэг малчин ярьсан байсан. ”Би уул уурхайн асуудлаар маргаан үүсээд, шүүх дээр очоод би яллаа. Манай шүүх ямар шударга болсон юм бэ. Их мөнгөтэй компанийн захирлын талд биш, малчин миний талд, миний эрхийг баталгаажуулж шийдэж өглөө шүү дээ” гэж шүүхээр асуудлаа шийдүүлсэн малчин хүн ярьсан байсан.
Үнэхээр хөрөнгө мөнгөтэй, алба ажилтай, албан тушаалтай гэдэг байдалд автдаг хандлага шүүхэд алга болж байгаа. Энэ хариуцлагаа манай шүүгчид ойлгож байгаагийн нэг хэлбэр энд хэрэглэж байна гэж хэлэх гэсэн юм.
Миний харж байгаагаар шүүх дээр гарсан нэг том дэвшил бол Эвлэрүүлэн зуучлах хууль байгаа юм. Эвлэрүүлэн зуучлах хуулийг хэрэгжүүлсэн хэлбэр бол үнэхээр сайн болсон. Ганцхан иргэний хэрэг дээр л эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явж байгаа. Шүүхээр иргэний хэргээр орж байгаа таван хэргийн нэг нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна гэдэг бол маш том үр дүн байгаа юм. Энэ цаашаа өсөх байх гэж би хандаж байгаа.
Сая шүүхээр орж байгаа эрүүгийн хэргийн тоо цөөрч байгаа гэж дүгнэлтэд гарч байна. Энэ бол эерэг үзүүлэлт. Тодорхой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй мэдээж уялдаатай байх. Цаашдаа эвлэрүүлэн зуучлахыг захиргааны хэрэг дээр, эрүүгийн хэрэг дээр авч үзэх юм бол их зөв болно.
Сая УИХ-аар өмнө нь батлагдсан алдартай 5 хууль буцлаа гэж хэлээд байгаа. Яг шүүхийн баримталдаг, ажиллах ёстой суурь, шүүхийн шинэчлэлийн агуулга болсон эдгээр хууль батлагдахгүй байна. Ерөнхийдөө бид гэрээ барьчихсан. Бурханаа бүтээчихсэн. Шүншигээ хийж чадаагүй гэдэг шиг юм л болчихоод байгаа юм. Шүншиг нь тэр 5 хууль байгаа юм.
Эрүүгийн хэрэг гэж юуг хэлэх юм. Зөрчлийн хэрэг гэж юуг хэлэх юм. Яг энэ асуудлуудыг яаж шийдэх юм гэдгийг Эрүүгийн хэрэг иргэн хүн дээр үүсэхээс эхлүүлээд бүх үйл явцыг бид хуульчилж өгч байгаа юм. Хуучин бол ганцхан Гэмт хэргийн хуультай учраас бүх хэрэг гэмт хэрэг болоод явчихдаг. Үүнээс ялгаад 340 төрлийн зөрчлийг зааж өгөөд, зөрчлийн хэрэг гээд, тэр нь зөрчлөөрөө шийдэгддэг. Ойлголцоод шийдэгддэг болчихсон. Тийм хэлбэр рүү бид оруулж өгсөн шүү дээ.
Санаандгүй зөрчил хийснийг нь зөрчил гэж үзье. Заавал тэр хүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар явуулдаг байсан зүйлийг засах гэж бид Зөрчлийн хуулийг тусад нь гаргаж өгсөн. Эрүүгийн хууль гэхээр яг эрүүгийн гэмт хэрэг гэсэн 240 зүйл анги байгаа. Ингээд ялгаад өгөхөөр би ямар буруу юм хийвэл зөрчил болох вэ. Ямар буруу юм хийвэл гэмт хэрэг болох вэ гэсэн ойлголтыг жирийн иргэд авахад маш сайн хууль болсон.
Хуулийн байгууллагатай байнга холбогдож яригддаг зүйл бол үндэслэлгүй хорилоо, цагдлаа гэсэн асуудал байдаг. Би бол иргэдийг хорьж цагдах талыг үнэхээр эсэргүүцдэг хүн. Ялангуяа мөрдөн шалгах үйл явцын хүрээнд хүмүүсийг хорьж цагддаг явдал баймааргүй байгаа юм. Манай хуулийн байгууллагынханд бас зовлон бий л дээ. Тусгаарлахгүй бол одоо мэдээлэл, утас, холбоо бүх зүйл хөгжчихсөн болохоор нөгөө хүмүүс хоорондоо үгсдэг, хуйвалддаг, хэрэг илрүүлэх үйл явцад саад учруулдаг. Янз бүрийн мөнгө төгрөгний боломжтой хүмүүс нь түүгээрээ дамжуулаад хэргээс зугтах хамгаалалт болоод байдаг учраас хорьж цагдах зайлшгүй шаардлага гарч ирдэг. Гэхдээ энэ хорьж цагдах үйл явцыг ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдгийг Процессын хуульд бид маш сайн оруулсан.
Одоо нэг иргэний эрх зөрчигдлөө, нэг хүн хоригдож цагдагдлаа гэхэд тэр 5 хуулиа баталж өгөөч гэдэг шаардлагыг үргэлж тавьж байх шаардлагатай. Сая УИХ-ын дарга захирамж гаргахдаа тэр 5 хуулийн нэрий гжагсаагаад, энэ намрын чуулганаар батална гэсэн зорилт тавьсан байна лээ. Би хувьдаа түүнийг дэмжиж байгаа. Оруулах шаардлагатай зарим нэг жижиг өөрчлөлтийг оруулаад энэ хуулиа баталчих юм бол агуулгын хувьд манай шүүхийн шинэчлэл 70 хувь руугаа явна гэж би харж байгаа.
Агуулга нь шинэчлэгдэж чадаагүй байгаа шүү. Тэр 5 хуулийг батлуулах тал дээр иргэд, олон нийт ч гэсэн хамтарч ажиллах юм бол нийтийн амжилт болох юм. Эвлэрүүлэн зуучлалаар 7000 хэрэг шийдэгдлээ гэж байна. Цаашдаа тэр хуулиуд гарах юм бол эрүүгийн зарим хөнгөн гэмт хэрэг ч эвлэрүүлэн зуучлалаар ярилцаж тохиролцоод шийдэгдчихээр байгаа. Захиргааны хэрэг дээр эвлэрүүлэн зуучлалт маш их хэрэгтэй хандлага харагдаж байгаа.
Шударга ёсыг бэхжүүлнэ, бий болгоно гэдэг ямар учир утгатай байдаг вэ гэхээр хуулинд юу гэж бичсэн байна, хуулийн дагуу юу байна, түүний дагуу л асуудал шийдэгдэхийг л нэрлээд байгаа юм. Тэгэхээр түүнийг хийдэг улсууд нь шүүх засаглал юм.
Өнөөдөр иргэдийн амьдралд хамгийн их тулгамдсан асуудал юу байна. Хамгийн их бухимдуулж байгаа юу байна гээд 8 жилийн өмнө асуухад шүүхийн шударга бус байдал, хууль, хяналтын байгууллагын шударга бус байдал гэж хамгийн түрүүнд гарч ирдэг байсан. Одоо бол тийм зүйл хамгийн дээр нь гарч ирэхээ больсон.
Ажлаас халж байна. Цалин хүрэхгүй байна. Ажлын байр дутуу байна гэсэн нийгмийн шинжтэй асуудлууд дээр нь гардаг. Хууль, шударга ёс, шүүхийн байгууллагатай холбоотой иргэдийн гомдол, санаа зовоож байгаа зүйлүүд нэлээд доошилсон байдалтай харагдаж байгаа. Энэ бол Монголын ард түмний нийтийн ололт юм. Манай төрийн байгууллагад ажиллаж байгаа нийт хүмүүсийн ололт. Нам, улс төр ялгахгүйгээр энэ салбарт ажилласан бүх хүний хувь нэмэр шүү гэдгийг энд хэлье.
Цаашдаа шинэтгэлийн үйл явц үргэлжилнэ. Шинэтгэлийг авч явахад шүүгчид, хууль хяналтынхан хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн гэж би хэлсэн. Цаашдаа ч ийм үүрэг гүйцэтгэж явах ёстой. Хэдийгээр батлагдах ёстой хуулиуд батлагдаж чадаагүй хүлээгдэж байгаа боловч шүүгчдийн сэтгэл, ажилдаа оруулж байгаа хувь нэмрээр энэ байгууллагын үйл ажиллагаа, энэ салбарт хийгдэх шинэчлэлийн агуулга дахиад шүүгчид дээр, шүүхийн байгууллагад явж байгаа үйл ажиллагаан дээр тулгуурлаж явна шүү.
Бид аливаа шинэчлэлт, өөрчлөлтийг их хялбараар хараад байдаг юм. Үүнийг хялбараар харах боломжгүй. Багахан хүндрэлтэй тулгарахаараа түүнээсээ буцдаг, няцдаг. Ийм байдал харагдаад байдаг. Тийм зүйл ерөөсөө байж болохгүй гэдгийг би энд нэмж хэлье.
Шүүхийн байгууллагынхаа үйл ажиллагаанд амжилт хүсье. Өнөөдөр нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр ирсэн нь чухал байлаа. Шүүхийнхээ байгууллагатай манай төрийн байгууллагууд бүгд танилцаж баймаар байгаа юм. Зөвхөн Ерөнхийлөгч нь явж үздэг биш, УИХ-ын гишүүд ирээд танилцаад явж байдаг, гүйцэтгэх засаглалын байгууллагын хүмүүс танилцдаг. Аймгийнхаа шүүхтэй Засаг дарга нь юм уу, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь ирээд танилцдаг. Дүүрэг дээрээ очоод үзэж байдаг. Юу нь болж, юу нь болохгүй байна гэдгээ ярилцдаг, хамтарч ажиллаж, дэмжлэгээ үзүүлдэг, энэ хэлбэр ццаашдаа явмаар байгаа юм. Дээрээс нь иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд үздэг.
Зөвхөн Ерөнхийлөгч ирэхээр олноороо цугладаг биш, хэвлэл мэдээллийнхэн, шүүхийн шинэтгэлээр мэргэшсэн хэвлэлийн ажилтнуудтай болоод, энэ чиглэлийн үйл ажиллагааг сурталчлаад, ярилцдаг байя. Амжилтаа түрүүлж ярих биш, хийх ажил юу байна. Алдаа дутагдал юу байна гэдгээ олж харж чадвал энэ шинэтгэл цаашаа урагшлаад явна.
Бид нэг зүйлд санаа тайвширч болохгүй. Сая шүүхийн шинэтгэлийн үйл явц төгс төгөлдөр болж чадаагүй гэж байна. Хэзээ ч төгс төгөлдөр зүйл байхгүй. Манайхан тэгж ойлговол буруу болно. 100 хувьд хүргэнэ гэж хэзээ ч байхгүй. 100 хувь руу , сайжрах руу дөхнө үү л гэхээс биш, хэзээ ч төгс төгөлдөр зүйл байхгүй. Хамгийн өндөр хөгжилтэй улс оронд ч гэсэн шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ийм хүндрэл, асуудал байна гээд ярьж л байдаг. Энэ бол үеийн үед л яригдах болно.
Бидний барьдаг зарчим бол бидний үед шийдчих боломжтой асуудлаа л шийдэх хэрэгтэй. Дараагийн үедээ ачаалал болгож өгмөөргүй байгаа юм. Аливаа хүндрэлтэй асуудал, өнөөдөр шийдчих боломжтой юмыг хойш тавилгүйгээр шийдээд явъя. Дараа дараа үед хүндрэлтэй, тулгамдсан асуудлууд тэртэй тэргүй гарч ирнэ. Ийм байдлаар хармаар байгаа юм.
Түүнээс биш бүх юм нь төгс төгөлдөр, шүүхийн үйл ажиллагаа бүх хүний сэтгэлд нийцнэ, бүх хүний сэтгэлд очино гэж тэртэй тэргүй байхгүй.
Таслан шийдвэрлэдэг, хүмүүсийн гомдол, гэмт хэрэг, зөрчсөн, зөрчөөгүй гээд энэ асуудлыг шийддэг байгууллага учраас харин ч шүүхэд сэтгэл ханамжтай байгаа иргэдийн тоо 50 хувиас дээш гарсан, 60 хувьд хүрч байна. 60 дээр эргэлдэж байна гэдэг бол харин энэ үзүүлэлт маш өндөр байгаа юм.
Герман болоод бусад олон улсын байгууллагаас гаргасан дүгнэлт байгаа. Монголын хувьд шүүх байгууллагын шинэтгэл яг ижил хөгжилтэй, нэг бол хуучин социалист гэж байсан орнуудтай харьцуулахад урд нь явж байна. Монголын шүүхийн шинэтгэл бол үнэхээр эрчимтэй сайн явж байна. Тэргүүлэх байранд явж байна гэж хэлээд байгаа нь бидний хамтын ажиллагааны ололт юм.
Би нэг зүйлийг УИХ, Засгийн газарт яриад байгаа юм. Та бүхэн ч ойлгох хэрэгтэй. Эдийн засаг, мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа байх. Өмнө хийсэн дутагдалтай зүйлээ энэ дээрээ засаад явах хэрэгтэй. Хасах, танах, багасгах, буцах зүйл гарч магадгүй. Нэг юман дээр хэдүүлээ урагшилъя. Нэг юман дээр нэгдмэл байр суурьтай байя. Хууль шүүх, шударга ёс бий болгодог чиглэл дээр хийж байгаа алхам дээрээ ямар ч улс төрийн хүчин бай, хэн ч бай, ухралт хиймээргүй байна. Яагаад гэвэл энд хамгийн өмнө нь мөнгө тавигддаггүй. Заавал мөнгө шаардахгүйгээр тодорхой ажлууд шийдэгдээд явж болно. Тэр 5 хуулийг батлах гэж аль нэг хөршөөсөө юм уу, олон улсын байгууллагаас зээл авах шаардлагагүй.
Мөнгө авахгүй, төсөв нэмэхгүйгээр шийдэх боломжтой, урашлуулах боломжтой салбарынхаа ажлыг урагшлуулаад л цаашаа хийгээд явах хэрэгтэй. Хэрэв энэ салбарт иргэдийн итгэл бий болоод, Монгол Улсын нэр хүнд өсөөд ирэх юм бол энэ эргээд хөрөнгө оруулалтыг татдаг, Монголын нэрийг сайнаар гаргадаг, түүгээрээ эдийн засаг, төсөв, дутагдаж байгаа зүйлээ татахад, иргэдийн итгэл сэргэхэд, нийт хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхэд энэ асуудал шийдэгддэг болно.
Би хэдэн жилийн өмнө ирээд ярьж байсан. Монголын асуудал Лондонгийн шүүхэд шийдэгддэг биш, Улаанбаатарт шийдэгддэг байх ёстой. Гаднын шүүхэд итгээд хүмүүс гаднын шүүхэд өгдөг биш, Улаанбаатарт, нийслэлийн шүүхэд итгээд өгдөг, асуудлаа тавьдаг. Үүнийг нь хуулийн дагуу шийддэг чадвартай болох ёстой гэж хэлж байсан. Энэ рүү бид алхам алхмаар ойртож байгаа юм.
Монголын шүүхийн байгууллагад дотоодын иргэн ч бай, гадаадын иргэн ч бай, асуудлаа тавихад яг тэр асуудал нь үнэн зөвөөр Монголын эрх ашигт нийцээд шийдэгддэг байх юм бол хайгаад байгаа хөрөнгө, хайгаад байгаа төсөв үүгээр дамжиж орж ирэх юм.
Шүүх бол зөвхөн гэмт хэрэг шийддэг байгууллага биш, нийгмийн сайн сайхныг бий болгодог байгууллага гэдэг ойлголт манай иргэдэд цаашдаа гүнзгийрмээр байгаа юм. Эдийн засаг, бусад бүх салбарын амьдралд нөлөөлдөг нөлөөтэй байгууллага шүү.
Энд ажил нь сайн яваад ирэх юм бол Монголд итгэх итгэл, анхаарах анхаарал нэмэгдэнэ. Үүгээрээ Монголын нэр хүнд, Монголын унаад байгаа рейтинг эргэж өсөхөд хүртэл шүүхийн шинэтгэл нөлөөтэй байдаг юм шүү гэдгийг хэлье.
Энэ чиглэлд хамтарч ажиллаж байгаа нийт шүүхийн байгууллагын ажилтнууд, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчид, нийт хуульчид, энд ажиллаж байгаа ажилтнуудад талархал илэрхийлье. Баярлалаа гэлээ.
Үүний дараа Иргэний хэргийн шүүхийн шүүгч Даваадорж Ерөнхийлөгчөөс асуулт асуулаа.
Иргэний хэргийн шүүхийн шүүгч Даваадорж: – Ерөнхийлөгч таны санаачлан батлуулсан шүүхийн багц хууль дотроос шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн хараат бус байдлыг хангах, эдийн засгийн баталгаа гэсэн гол гол хуулийн заалтуудыг өмнөх УИХ хүчингүй болгосон. Сая Тахарын хуулийг хүчингүй болгочихлоо. Цаашид шүүхийн бие даасан хараат бус байдлын баталгаа нэлээн багассан гэж ойлгож байна. Таны зүгээс Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах, эсвэл тодорхой заалт оруулах тал дээр хууль санаачлагчийн хувиар анхаарч ажиллах уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Үндсэн хуульд байгаа, Шүүхтэй холбоотой одоогийн мөрдөж байгаа хуулийн заалт үүгээрээ байхад нэг их дутагдаад байгаа юм байхгүй. Аль нэг салбар дээр яваад очихоор Үндсэн хуульд байгаа энэ заалт болохгүй байна гэж яриад эхлэх юм бол хүндрэлтэй болох байх гэж бодож байгаа юм. Шүүхтэй холбогдсон асуудлаар бид Үндсэн хуулиараа оролдох биш, одоо дутагдаж байгаа хуулиудаа гаргах нь үнэхээр чухал. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Зөрчлийн хуулийг хянан шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх хуулиудыг сайн болгоод баталчих юм бол дөрвөн жилийн өмнө баталсан хууль дээрээ нэмэлт өөрчлөлт хийгээд сайжруулах чиглэл рүү явах хэрэгтэй байгаа юм.
Ойлголцол гэдэг юм уу, нийгэмд ингэж буцаж эргэсэн юмнууд байдаг л даа. Цэц дээр очоод шүүхийн хуулийн заалтууд буцдаг. Зарим зүйл нь зөөлнөөр хэлбэл засагдсан зүйл ч байдаг. Тэгэхээр ийм юм бага гараасай. Улс төрийн хувьд буцсан гэдэг юм уу, иймэрхүү утга агуулгатай ишийдвэрүүд аль болох гарахгүй байх чиглэлд бид анхаарч ажиллах хэрэгтэй.
Миний хэлэх гэсэн гол санаа бол аливаа амжилтын үндэс нь, хэрвээ энэ ололт гэж байгаа зүйл чинь иргэдэд хүрсэн, иргэдийн хэрэгцээ болсон байх юм бол түүнийг буцаахад хэнд ч хүндрэлтэй л байдаг. Түүнээс биш, зөвхөн шүүгчид нь Ерөнхийлөгч, тодорхой төвшний хэсэг бүлэг хүмүүс мэддэг. Тэр амжилт нь тэр хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн хэлбэртэй байх юм бол буцаж л таарна. Тэр бол явахгүй л байж таарна. Тиймээс, яагаад шүүхийг иргэдэд нээлттэй болгох гээд байгаа юм. Үйлчилгээний талыг ямар учраас сайжруулах гээд байгаа юм гэдэг бол энэ хийж байгаа шинэтгэл, олж байгаа амжилтынхаа баталгааг бид бий болгох гээд байгаа юм.
Шүүхийн байгууллага, ард иргэд энэ талаас сайн ойлгох хэрэгтэй. Түрүүн хэлсэн. Сонгуулийн дараа гээд бүх л төрийн байгууллагуудад өөрчлөлт, халаа сэлгээ, янз бүрийн юм явж байгаа бол шүүгчдийн хүрээнд, бидний авч хэрэгжүүлсэн энэ бодлогын арга хэмжээний хүрээнд шүүгч сонгуулиас болоод халагдчихлаа гэх юм байхгүй л байгаа. Энэ бол амжилт юм.
Энэ амжилтаа нэг ч гэсэн салбарт, хамгийн чухал салбар болох шүүхийн салбарт хадгалж явъя. Энэ дээр улстөржих, аль нэг хүн, албан тушаалтан, ямар нэг байдлаар ашиг хийх гэж оролдох юм уу, улс төрийн ашиг хийх гэж ороллдох хэрэггүй юм. Энэ бол цаашдаа нийтдээ Монголын амжилт болно. Дээрээс нь яагаад шүүхийг нээлттэй болгох нь чухал вэ гэхээр нээлттэй болж байж л шүүгчдийн үйл ажиллагаа, бид нарын хийж байгаа шинэтгэлийн үйл ажиллагаа ард иргэдэд мэдэгдэх юм.
Монгол Улс хөгжлийн 26 жилийн өнгөө нэг үгээр тодорхойлж байгаа юм. Социализмын үед ойлгомжтой нэрүүд байсан. Одоо бол нээлттэй нийгэм гэдгээр тодорхойлж байгаа юм. Нээлттэй нийгэм гэхээр манай улсууд зөвхөн гадаад бодлого гэж бодоод байдаг юм. Ерөөсөө Монгол гадагшаа л нээлттэй байх юм байна гэж. Гэтэл нээлттэй нийгмийн агуулга гэдэг чинь яг шүүх дээрээ байдаг.
Шүүх иргэддээ нээлттэй болохыг нээлттэй нийгэм гэж байгаа юм. Иргэддээ үйлчилдэг болохыг нээлттэй нийгэм гэж байгаа юм. Энэ явж байгаа зорьж байгаа нийгмийн агуулга ингэж гардаг юм. Юмыг өргөн байдлаар харж ойлгож сурах явдал бол их чухал. Дээрээс нь техникийн дэвшил иргэдийн хэрэгцээ хоёр. Үүнд бид хөтлөгдөж ажилаа хийх чухал. Ингэж л ажиллая.
Нээлттэй байна гэдэг бол нэг талаасаа хүмүүжил юм. Шүүх дээр хоёр дутагдал байгаа. Нэгдүгээрт, сүүлийн үед иргэдийн зүгээс ч их гарч байгаа. Манай хэвлэлийнхнээс их гардаг. Шүүх хурлын үйл ажиллагааг шууд дамжуулдаг. Хоёрдугаарт, шүүх байгууллагууд хийж байгаа ажлаа олон нийтэд ойлгуулах тал дээр учир дутагдалтай байгаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан хүмүүс л үүнийг хариуцдаг юм шиг. Аливаа байгууллага амжилттай явъя гэвэл хэрэглэгчид хүрч, ард иргэддээ хийж байгаа ажлаа зөв ойлгуулах хэрэгтэй. Бид шүүгчид, бид ухуулга сурталчилгаа хийх ёсгүй гээд манай шүүхийн байгууллагынхан хойш суумааргүй байна. Аймаг, нийслэл, дүүргийн бүх шүүгчид олон нийттэй холбогдож байж тэдэнтэйгээ ойлголцож байж л явна.
Олон нийтэд шүүхийн талаар буруу ойлголт өгөх сонирхолтой, түүнийг цаашаа явуулах сонирхолтой хүмүүст дийлдээд явах юм бол ямар ч ажил хийгдээд нэмэргүй, үр дүнгүй. Хийсэн ажлаа цаад хүндээ ойлгуулж чадаагүй бол ерөөсөө асуудал явахгүй.
Амьдралд ч гэсэн гэр бүлийнхээ хүнд өөрийгөө ойлгуулж чадаагүй бол тухайн гэр бүлийн амьдрал сайн байхгүйтэй ижилхэн. Яг адилхан шүүх байгууллага өөрийнхөө ажлыг ойлгуулъя гэвэл олон нийтэд хүргэх хэрэгтэй. Шүүхийн байгууллагад баярлаад гарч байгаа үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаа тэр хүмүүсийн ярьж хэлж байгааг олон нийтэд хүргэх дээр манай бүх шатны шүүх байгууллагууд анхаарах шаардлагатай. Үүнийг заавал Ерөнхийлөгч ирж ярьдаг биш, миний энэ ярьсан хэлсэн зүйлийг дэвшил гэж үзэж байгаа бол бүх газар олон нийтэд хүргэх хэрэгтэй.
Твиттер, файсбүүк гээд энэ бүгд чинь амьдрал шүү дээ. Амьдралын урсгал гэж би хараад байгаа юм. Гол урсаж байгаа юм шиг урсаж байгаа шүү дээ. Түүн дотор муу ч улс байгаа, юмыг харлуулах гэсэн хүмүүс ч байгаа, сайн бодолто, нийгмийн сайн зүйлийг олж хардаг ч хүмүүс байгаа. Түүн дотор оролцоод шүүхийн байгууллага өөрийн твиттертэй болоод хурал бүх зүйлээ түүгээр дамжуулаад, наад зах нь мэдээллээ гаргаад тавьчихдаг байх, шүүгчид бас энэ зүйлийг эерэг талаас нь ашигладаг байх хэрэгтэй. Энэ техник технологийн дотор муу юм их бий л дээ. Заавал муу юмыг ашиглах хэрэггүй шүү дээ. Өөрийнхөө үйл ажиллагаа, байгуууллагынхаа үйл ажиллагааг хүргэхийн тулд файсбүүктэй болоод, харилцаад явдаг. Зарим нэг зүйл нь зөвхөн телевизийн дэлгэцээр биш, утсаар ярихад хүртэл бие биеэ хараад ярьдаг энгийн төхөөрөмж программууд бий болсон.
Би сүүлийн үед хэлээд байгаа. Монголд ардчилал, хүний эрхийг хангах институт ,механизмаа бэхжүүлж явах хэрэгтэй. Энэ чиглэлийн үг хэлдэг, шүүмжилдэг сэтгэхүй Монголд хангалттай бий болсон. Үүнийг зогсоох, хязгаарлах бараг аргагүй. Одоо бид жаахан бүтээлч, юмыг хамтарч хийдэг тэр чиглэл рүү, зарим нэг зүйл дээр нэгдэж нийлж хамтарч юмаа бүтээдэг чиглэл рүү, явах шаардлагатай байна.
Зарим зүйл дээр сахилга, зохион байгуулалт байх ёстой, хязгаарлалт нь байх хэрэгтэй. Шүүхээр шийтгүүлэх гэж байгаа этгээдү шүүхийг дарамталсаар байгаад, шахсаар байгаад, нээлтэй хурал энэ тэр хийнэ гэдэг. Шүүгчид өөрөө хүн шүү дээ. Нийгмийн уур амьсгалд шүүгчид автдаг. Нийгмийн уур амьсгалд автаж шүүхийн шийдвэр гардаг зарим нэг хандлага Монголд бий болж байгаа. Энэ бол их зохисгүй зүйл.
Хамгийн өндөр хөгжилтэй, шүүх ардчилал өндөр хөгжсөн улс орон хүртэл шүүхийн танхим руу нэг ч хэвлэлийн бичдэг камер оруулдаггүй, тийм улсууд байгаа. Манайд бол нээлттэй хийж, болсон бүх зүйлийг бичиж, бичлэгийг хадгалуулж байгаа. Яг үнэндээ бол ерөнхий шүүгч буюу шүүхийн ерөнхий зөвлөлд хандаад, манай иргэд тухайн шүүх хурлын материалыг видеогоор авъя гэвэл тодорхой журмын дагуу авдаг ашиглаж болно шүү дээ. Ер нь тэгж ч хязгаарлах ёстой.
Бид нээлттэй байдал гэдгээ дэндүү хязгааргүй түвшинд тавьсан явдал байгаа. Шүүх дээр яллуулах гэж байгаа хүн нь орж ирээд л орилж чарлаад л, хамгийн их шүүгч рүү дайрсан этгээдүүд нийгмийн уур амьсгалд автуулж, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролддог хандлага байна. Аливаа хэвлэл мэдээлэл хүмүүсийн анхаарал татаж байгаа юмны хойноос явдаг нь шүүхийн шийдвэрт нөлөөтэй болж ирж байгаа.
Америкт яадгийг та нар харж байгаа байх. Фото биш гар зургаар тэр ял авч байгаа, өмгөөлж байгаа, яллаж байгаа хүмүүсийн тухай мэдээллийг гаргадаг. Хэрэг илрүүлэлтэд шаардлагатай байсан гэрчүүд олон нийтийн өмнө гарвал нууц байдал, бие хамгаалах, тэр хүмүүсийн нэр төрийг хамгаалах гэдэг асуудал маш хүнд байдалд орчихож байгаа юм. Ер нь Монголчуудын “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон дээр” гэж үг байдаг. Тэгж ярьдаг нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Хэргийг илрүүлэхэд гэрчилнэ, харсан юмаа ярина гэдэг бол хэрэгт маш тустай. Гэтэл тэр хүнд очиж байгаа дарамт, тэр бүхнийг хамгаалах эрх зүйн үндэслэл бага байгаа.
Тиймээс цаашдаа шүүх хурал бүхэн нээлттэй болохгүй. Ер нь шүүх хурал нээлттэй байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ойлгож байгаа. Бид сургамж авах хэрэгтэй. Ардчилал гэдэг юмыг хуулийн хүрээнд зохицуулсныг ардчилал гээд байгаа юм. Хуулиар эрх, үүргийг нь хамгаалсан, тэр хүрээнд асуудлаа шийдэх гарц нь хуулийн дагуу гарах боломж хангагдахыг ардчилал гэж байгаа юм. Түүнийг л нээлттэй байдал гэж байгаа юм. Түүнээс биш бүх юмаа нээчихээд, хаалгаа нээчихээд сууж байдгийг сая танилцуулж байна.
Дурын иргэн орж ирээд сандал дээр суугаад манай шүүх хурлыг харах боломжтой гэлээ. Ер нь тийм байх юм уу? Дурын иргэн орж ирж байх юм уу? Үнэхээр шүүх хуралд хамаатай, энд тодорхой журмын дагуу хүсэлтээ гаргасан тэр хүмүүс шүүх хурлын танхим рүү орж ирж байх юм уу?
Нээлттэй явж байгаа шүүх хурлыг гадна талд, шүүхийн зааланд, зурагтын дэлгэцээр хараад сууж байх хэрэгтэй. Яг иймэрхүү маягаар, өмнө нь хүн ярайтал эгнээд сууж байхыг харсан тэнд сууж байгаа гурван шүүгч ямар байх вэ? Бид шүүгчийн ажлыг нэг цаг, нэг өдөр хийж үзээгүй учраас шүүгчийн зовлонг мэдэхгүй. Тэнд ял уншаад яллах гээд, хүнийг чи ийм хэрэг үйлдсэн, энэ энэ зүйлээр батлагдаж байна гээд улсын яллагч босоод хэлнэ гэдэг бол тийм амар зүйл биш. Хэцүү шүү дээ.
Энэ хүмүүст та нар тангараг өргөчихсөн энэ ажлаа хий гэж л бид шаардаж хийлгэж байгаа. Энэ хүмүүс тийм ч үүрэгтэй. Гэхдээ түүн дээр бүр нэмж ингэж ачаалал үүсгэх явдал баймааргүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодорхой журам гарна гэж би ойлгож байна. Шүүгчтэй хандаж асуудал тавьдаг, тэр нь шүүхийн ерөнхий зөвлөлд ханддаг.
Нээлтэй гэдэг байдлаар шүүхэд дарамт учруулах гэсэн хандлагыг зогсоох шаардлагатай. Бид зарим нэг юмаа журамлаж сахилгатай болгох хэрэгтэй. Энэ үгийг хэллээ гээд нөгөө нээлттэй Ерөнхийлөгч маань хаалттай болох гэлээ гээд янз бүрийн нэр сонсож магадгүй л дээ.
Гэхдээ үүнээс бид цэрвэж хойшоо суух шаардлагагүй. Нэг юм бол шүүх хурлын шийдвэрийг нээлттэй байхыг хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Энэ бол Монголын хувьд том ололт биз дээ. Нээлттэй шүүх хурал явлаа, шийдвэр нь нээлттэй. Олон жил яригдсан хүний амь нас хөнөөгдсөн гэх мэт асуудлууд шүүхээр ороход тэр шүүх хурлын шийдвэр ямар учраас тийм шийдвэрт хүрч байгаа юм. Гэрч юу гэж мэдүүлсэн, хохирогч нь юу гэж мэдүүлсэн, мөрдөн байцаах үйл ажиллагаа яаж явж байгаа, шүүгч ямар хуулийн үндэслэл дээр шийдвэр гаргаж байгаа зэрэг нь нээлттэй шүүх хурал дээр нээлттэй байна. Ийм учраас шүүхийг бүрэн хааж байгаа юм биш, хамгийн гол нь шийдвэр ннь нээлтэй байна.
Шүүх хурлын явагдах үйл явц тэр танхимд оролцдог хүмүүсийнхээ хүрээнд шударгаар явагдах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар явах хэрэгтэй байгаа юм. Нээлттэй байдал өөр юуг харуулсан бэ гэхээр манай яллагч, шүүгчдийн асууж байгаа асуулт тэр хүмүүсийн чадвар дутуу нь харагдаж л байгаа юм. Зарим нэг шүүхийн хурал нээлттэй явагдаж байхад хүмүүс бүр гайхаж байдаг. Энэ яллаж байгаа нь юу яриад байгаа юм бэ? Ямар ойлгомжгүй ярьдаг хүн бэ, яах гээд байгаа нь ойлгогдохгүй тэр шүүгч юу асууж байгаа юм бэ гэдэг.
Тэгээд манай шүүгчдийн ааш авир байна. Энд дандаа төгс төгөлдөр хүмүүс ажиллана гэж байхгүй. Төгс төгөлдөр хүн гэж ч байхгүй. Үүн дээр сайжруулах зүйлүүд бий. Шүүгч, яллагч, өмгөөлөгч асуудлаа шийдүүлж байгаа хүмүүсдээ ч асуудал байгаа юм. Тэгэхээр аливаа юмны тэнцвэрийг олж явах л чухал болоод байна. Үүн дээр шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой зөвлөмж шийдвэрээ гаргаж өгөх байх.
Ерөнхийдөө энэ асуудал дээр хүрч байгаа шийдлүүдийг би түрүүн хэллээ. Нээлттэй шүүх хурлын шийдвэр нээлттэй хэвээрээ байна. Зарим нэг хэрэг дээр гэмт хэрэг их зовлонтой болсон шүү дээ. Ялангуяа албан тушаалтангуудын оролцсон хэрэг илрүүлэхэд амаргүй. Гүйцэтгэх ажлын шугмаар, бусдад хэзээ ч нээж болдоггүй тийм арга хэрэгслээр илэрүүлсэн хэргүүд байдаг. Манайд бол үнэхээр замбараагүй байгаа шүү дээ. Гүйцэтгэх ажилтны нүүрийг харуулж байх жишээтэй. Нэрийг нь хүртэл гаргасан тохиолдол байдаг.
Та бүхэн бодоорой. Өндөр хөгжилтэй улс оронд нэг гүйцэтгэх ажилтны нэрийг хэлснээсээ болоод тэнд байсан шүүгчид, албан тушаалтанууд бүгд хариуцлага хүлээсэн байдаг. Хэрэг илрүүлнэ гэдэг маш олон талын үйл ажил байдаг юм шүү. Тэгэхээр энд хаах юм бий, нээх юм бий, журамлах юм бий. Хамгийн гол нь ухаалгаар энэ асуудлыг журамлаж, зөв болгож явах шаардалагатай.
Зөвхөн бид хууль руу заагаад тэр хууль гараагүй, энэ хууль Цэц дээр хүчингүй болсон учраас гээд л яваад байгаа. Одоо нэг маргаан явж байна шүү дээ. Ерөнхий утгаар нэгдэж орсон гэрээ, бусад зүйлээр аваад үзвэл Цэцийн шийдвэр нөлөөлөхөөргүй байх түвшиндээ байхаар харагдаж л байгаа юм. Иймэрхүү маягаар жаахан өргөн, тал бүрийн мэдлэгтэй харах хэрэгтэй байгаа юм.
Манай шүүгчдийн сонгон шалгаруулалт гэж бий. Энд байгаа ихэнх шүүгчид түүгээр орсон хүмүүс шүү дээ. Ер нь арын хаалга хэрэглэх боломжгүй. Би тэгж ойлгоод байгаа. Жолооны шалгалт өгдөг шиг, компьютер дээр тест бөглөдөг. Тэр нь нэр ус байдаггүй. Хэдэн оноо авах ёстой байдаг нь харагдаад нээлттэй явж байгаа. Ганц нэг хүний оролцоо орж заавал асуух тодруулах зүйл байдаг байх. Маш олон шалгуураар шүүдэг.
Өмнө нь хүний оролцоогоор сонгон шалгаруулдаг байсан. Ер нь бараг л Ерөнхийлөгчийн өрөөнд, Ерөнхийлөгчөөр дамжуулаад, нэг хүнээр дамжуулаад, тэрэнтэй уулз гэх маягаар шийдэг гэсэн хандлага байдаг байсан. Үүнийг бид зогсоож чадсан шүү. Байж болох хамгийн бага хэмжээнд нь хүргэж чадсан. Зөвхөн үүнийг л хэлэхэд Монголын шүүхэд асар том амжилт ололт орж ирсэн.
Энэ зүйлээсээ ухарч болохгүй. Цаашаа улам чамбайруулж, сайжруулж явах хэрэгтэй. Ийм зүйлүүдийг хэлье. Энд байгаа хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж олон нийтэд хүргэхээр өөрийн санаж бодож явдаг зүйлийг хэлэхийг зорилоо.
Зарим ажлаа хийж байгаа хүмүүс өөрсдөө ч ажлаа ойлгоогүй явдаг. Өөр өөрийнхөө хайрцганд баригдсан. Ваакумдсан орчинд орчихсон гэдэг шиг явдаг учраас түүнийг зүүгээр хатгаж нээж өгч байгаа юм. Ерөнхийлөгч шүүхийн тухай ийм ойлголттой , мэдээлэлтэй байдаг юм байна гэж нээж байгаа юм. Би түрүүн хэлсэн. 100 хувийнхаа юмны магадгүй нэг хоёр хувийг л бид өнөөдөр гаргаж ирж байна. Их баярлалаа гэв.
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж: -Шүүхийн давж заалдах шатны шүүх дээр ажиллаж, шүүхийн шинэтгэлийн үйл явцтай танилцаж, цаашид Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг яаж гүнзгийрүүлэх, бидний өмнө ямар тулгамдсан асуудал байгаа талаар бидэнд илэн далангүй чөлөөтэй санал бодлоо илэрхийллээ. Танд баярлалаа гэлээ.
Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцсан ажил өндөрлөв.
president.mn