“Усан спортын сургалтын төв” маань хүүхэд, залуучуудад цагаа зөв өнгөрүүлэх боломжийг олгож байна

d3afdc41ebb3db054c621e47580717a3

Хан-Уул дүүргийн залуучууд, хүүхэд багачууд,  очих дуртай газрын нэг болсон Усан спорт сургалтын төв яг аргагүй мөн. Тиймээс энэ удаа тус дүүргийн Усан спортын төвийн  захирал Ч.Хүдэрчулуунтай ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хан-Уул дүүргийн Усан спорт цогцолборын хувьд өнгөрсөн дөрвөн сард нээлтээ хийсэн. Ажлаа аваад удаагүй байгаа ч гэсэн бүх зүйл нь жигдэрсэн их сайхан харагдаж байна.  

Тийм ээ. Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төв маань  нээлтээ өнгөрсөн дөрвөн сард хийсэн. Тэгэхдээ бид үйл ажиллагаагаа нэг сарын 6-нд эхлүүлсэн байгаа. Би анх 2015 оны долоон сард Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн тушаалаар Усан спорт сургалтын төвийн захирлаар томилогдож ирсэн. Тухайн үед усан спорт цогцолборын энэ барилгыг  улсын комисс ч хүлээж аваагүй байсан үе. Тэгээд ажлаа авснаас хойш  2015 оны 12 дугаар сарын 22-нд улсын комисс хүлээж авсан.

Манай төвийн хувьд усан бассейны хоёр багш, фитнесийн хоёр багш, хоёр эмч, гурван үйлчлэгч  зэрэг нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж  иргэдэд үйлчилж байна.

-Та бүхний хамгийн гол зорилго бол хүүхдүүд, залуучуудыг усан спортод дуртай болгох гэж би хувьдаа хардаг. Харин энэ зорилгынхоо хүрээнд ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна даа.

Таны хэлж байгаа бол үнэн. Бидний хамгийн том зорилго бол дүүргийнхээ хүүхдүүдийг уралдаан тэмцээнд  оролцуулах  явдал. Энэ зорилгынхоо хүрээнд энэ оны нэг сараас эхлэн хичээллэж байгаа ур  чадвартай хүүхдүүдээ шалгаруулж өнгөрсөн гурван сард анхны тэмцээнээ зохион байгуулсан. Улмаар тэмцээнээс байр эзэлсэн хүүхдүүдийг цааш нь хичээллүүлж байна. Өнгөрсөн сараас эхлэн уралдаан тэмцээнд оролцох хүүхдүүдийнхээ бэлтгэлийг шахуу хийж эхэллээ. Одоогийн байдлаар бид 11 сард Сүхбаатар аймагт болох “Энгүй тал” усан спортын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаад байж байна. Бид өнөөдөр аливаа тэмцээнд хэдэн хүүхэд оролцох ёстой гэж үзэхээсээ илүүтэй тухайн хүүхэд  өөрөө сонирхолтой байна уу гэдэг дээр түшиглэж хичээллэж байгаа хүүхдүүдээ бүгдийг нь тэмцээнд  хамруулах сонирхолтой байдаг. Тэгж байж л хүүхдүүд маань туршлага судалж, тэмцээн гэж ийм зүйл байдаг юм байна, бид цаашид их хичээллэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрнэ. Багш нар ч гэсэн туршлага судална.

-Танайд өнгөрсөн хугацаанд хэдэн хүн ирж хичээллэв. Сая харахад усан бассейн бол нилээд хэдэн хүүхэдтэй байна.

Өнөөдрийн байдлаар манайд нийт  629 иргэд, залуучууд, хүүхдүүд ирээд хичээллэсэн байна. Эдгээр иргэдийн 404 хүүхэд нь анхан шатны сургалтанд хамрагдсан. Үлдсэн 143 хүн нь дунд шатны сургалтанд явсан. Үүнээс гадна чөлөөт сэлэлтийн сургалтанд 82 хүн, гүнзгийрүүлсэн сургалтанд 11 хүүхэд хичээллэж байна. Хүүхдүүд маань усан спорт сургалтын төвд хичээллэж байгаадаа их баяртай байдаг. Эцэг эхчүүд ч гэсэн их талархалтайгаар хүлээн авсан. Өмнө нь энэ хавьд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байсан. Харин энэ төв  нээгдсэнээр хүүхдүүд тодорхой хэмжээгээр цагаа зөв боловсон өнгөрүүлэх, юм сурах хүсэлтэй болсон нь ажиглагддаг. Үүнээс гадна манай төвд фитнесс хичээллэж эхэлсэн. Фитнессийн хувьд нийт  давхардсан тоогоор 257 хүн хичээллээд явж байгаа. Бид өнгөрсөн 3 сард цогц үйлчилгээ үзүүлж ажиллахын  тулд дэргэдээ саун нээлээ. Энэ үеэр ахмадын хороо болон 16 дугаар хорооны иргэдийн хурлын дэмжлэгээр хаш чулуун орыг тавьсан ба одоогийн байдлаар 37 иргэн үйлчлүүлж байна. Тодруулбал, нэг хүн энэ орон дээр 10 удаа орох эрхтэй байдаг.  Усан спорт сургалтын төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнхи хувийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэд, хүүхэд багачууд эзэлж байна.

dsc_0937

-Усан бассейнд хичээллэхийн тулд хүүхэд, залуучууд хамгийн түрүүнд ямар зүйлсийг бэлдэж ирэх ёстой байдаг вэ? Үнэ төлбөрийн хувьд.

Хамгийн эхний зүйл бол ариун цэврийн шинжилгээ өгнө. Өмнө нь бол заавал дүүрэг орж шинжилгээ өгдөг байсныг  иргэдэд илүү ойроос үйлчлэх зорилгоор ойрхон лабораторитай гэрээ хийж, хажуудаа шинжилгээгээ авдаг болсон. Хүүхдийн хувьд цагаан хорхой, шээсний шинжилгээг өгдөг бол насанд хүрсэн хүнээс шаардлагатай хэд хэдэн шинжилгээг өгнө. Төлбөрийн хувьд хүүхэд нэг сард 60000 төгрөгөөр насанд хүрсэн хүн 90000 төгрөгөөр хичээллэдэг. Долоо хоногт гурван удаа хичээллэх боломжтой. Фитнессийн хувьд бид иргэдийнхээ цаг заванд тохируулж өглөө, оройны ангийг нээж ажиллуулж байна. Иргэдийн хувьд өглөө ажилд явахаасаа өмнө ч юм уу орой ажлаа тарж ирээд хичээллэх боломжтой байгаа. Өглөөний анги 40000 төгрөг, оройны анги маань 50000 төгрөгөөр хичээллэдэг. Манай энэ хавьд фитнесс их ховор учраас үйлчлүүлэгчид маань орой 20-30 хүн хүрээд ирдэг. Үүнийг зохицуулахын тулд өглөөний ангийг нээж өгсөн байгаа. Өглөө 8-30 цагт сонгоны хүүхдүүдээ хичээллүүлж 10 цагаас үндсэн үйл ажиллагаа эхлүүлдэг. Орой 20 цагт хамгийн сүүлчийн үйлчлүүлэгчээ авдагдаа.

-Гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдахыг хүссэн хүүхдүүд хаана хандах вэ?. Танайхаас иргэд, хүүхэд, залуучуудад зориулсан ямар хөнглөлт үйлчилгээ үзүүлдэг вэ?

Гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдах хүүхдүүдийн хувьд нэгт, эцэг эх нь бидэнд хүүхдээ цаашид хичээллүүлье гэсэн саналыг тавьдаг. Хоёрт, манай сургагч багш нар маань энэ хүүхэд ирээдүйтэй гэсэн үүднээс сонгож хүүхдүүдийг хичээллүүлэхээр авдаг. Хүүхдүүд маань нэг цаг хичээллэдэг. Энэнээс уртасгасан цагаар хичээллэхээр хүүхдүүд маань ядрах, залхах хандлагатай болдог юм.

Үүнээс гадна өмнө нь нисэх, яармаг орчмын хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр туул голд очиж сэлэх, тоглох явдал их байсан.Тэнд ямар ч хараа хяналт байдаггүй. Хүүхэд, залуучууд усан спорт сургалтын төвд хамрагдаж сэлж сурснаар эцэг эхчүүд маань миний хүүхэд сэлж чаддаг шүү дээ гэсэн ойлголтойгоор хүүхдүүдээ гол явахад нь хүртэл итгэлтэй явуулна шүү дээ.

Бид саажилттай хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулахаар болсон. Нэг хорооноос 1-2 хүүхдийг хамруулахыг зорьж ажиллаж байна. эхний байдлаар нэг хүүхэд манай бассейнд ирж хичээллэж байна. Мөн дүүргийн ахмадууд, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ажлыг яриад явж байна. Дүүргийн ажилчиддаа 30 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байгаа.

-Миний асуугаагүй, танд хэлээгүй үлдсэн зүйл байна уу.

Та ингэж асуухаар нэрээ ярих зүйл гарч ирж байн шүү. /инээв/ Бид гадна талын тохижилтод дээр бас их анхаарч ажилласан. Анх зүгээр л шороо байсан бол бид нийт 200 м газрыг зүлэгжүүлж, моджуулах ажлыг зохион байгуулж, 75 мод тарьсан. Бид 10 саырн найманд хашаандаа нийт 10 мод нэмж суулгалаа.  Мөн энэ сард дахин хичээллэгч хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах, бусад усан спорт сургалтын төвтэй хамтарч ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: Хан-Уул дүүрэг

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …