Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан 14-р хороонд ажиллаж байгаа нэр дэвшигчдийнхээ уулзалтанд оролцож, тус хорооны тулгамдаад байгаа асуудал болсон Нарантуул олон улсын худалдааны төвийн арын замыг засч байгаа тухайгаа танилцууллаа. Тэрээр уг шороон замыг Нийслэлийн засаг даргатай ярилцаж шийдвэрлүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд тус 1.2 км урттай замыг хатуу хучилттай болгох ажил эхлээд байгаа юм. Долоон метр өргөнтэй авто зам, 1.5 метр өргөнтэй явган хүний хоёр замтай болохоор зураг төсөл нь батлагдсан юм.
Тус замаар Нарантуул захаас худалдаа эрхлэгчид, үйлчлүүлэгчид, оршин суугчид, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд өдөр бүр зорчдог ба шороон зам нь бороо орсон үед явахад хүндрэлтэй байдаг тухай иргэд санал, гомдлоо илэрхийлдэг байсан юм.
Захаас худалдаа хийх гэсэн машинууд явахын аргагүй болтол нь шахан зогсож аюулгүй байдал алдагддаг байсан энэ хэсэгт одоо хатуу хучилттай замаар шийдэгдэх нь. Ийнхүү иргэдийнхээ дуу хоолой болсон Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгч Э.Бат-Амгаланд тус хорооны иргэд ам сайтай байна. Мөн БЗД-ийн МАН-аас тус хороонд нэр дэвшиж байгаа Г.Туяа, Л.Ариунболд нартаа амжилт хүсэн цаашид хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн юм.
БЗД-ийн МАН-ын дарга, НИХТ Э.Бат-Амгалан хэлэхдээ “Иргэд дүүргийн хурлын төлөөлөгчдөө маш зөв сонгох ёстой. Та бүхний хэлсэн үг, хүсэлт, зааварчилгааг төрийн аль ч шатанд хүргэж, шийдвэрлүүлж чадах хүн хэрэгтэй, тиймээс буруу зөрүү мэдээлэлд автахгүйгээр сонголтоо зөв хийгээрэй” хэмээсэн юм. Мөн энэ замын ажилд л гэхэд хороон засаг дарга өөрөө хийсэн мэтээр иргэдийн “толгойг эргүүлж” байгаа нь харамсалтай. Сонгуульд зөв өрсөлдөж, шударга байхыг эрхэмлэх ёстой байтал оршин суугчдаа тус хороон дарга ийн хуурч байгаа нь улс төрийн соёлгүй байгаагийн илрэл юм. Ямартай ч Нарантуул олон улсын худалдааны төвийн хойно амьдардаг иргэд шинэ замтай болохоор боллоо.
Б.Саран