Хэдхэн хоногийн өмнө улс төрийн хашир хандгай Ц.Нямдорж өнгөрсөн сонгуулийн үеэр хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааг тойрсон наймаа панзын талаар мэдэгдэл хийлээ. “Би их олон хатуу хөтүү юманд гар дүрсэн хүн. Монгол улсад мафийн бүлэглэл үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ” гэж эхэлсэн түүний ярианд олон сонин зүйлс анзаарагдаж байлаа.
Монгол төрийн удирдлага хэдхэн эрүүгийн элементийн гарт байхад, Монгол улсын Ерөнхий сайд резитивүүдээсээ айгаад гэрээсээ гарч чаддаггүй шахуу байхад 100 гаран дархлагдсан хулгайчийг Центрпойнтоос ачиж, Авдрантын хориход хийж байгаад, хэргийг нь хүлээлгэж байсан хөгшин чоно Ц.Нямдорж жижиг сажиг юман дээр ингэж сүржигнэх хүн бишсэн.
Түүний ярилцлагаас анзаарагдсан зүйлс гэвэл, Худалдаа хөгжлийн банкыг эзэмшдэг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг болон түүний хамсаатнууд Монгол улсын засгийн газар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн оросын талын хувьцааг авах эсэхээ шийдээгүй байхад оросын талтай худалдаж авах эсэх талаар гэрээ хэлцэл байгуулчихсан, due diligence хийчихсэн байж. (Due diligence бол маш урт хугацааны процесс бөгөөд ХХБ-ны О.Орхон захирал хоёр жил гаруй хугацаанд хийсэн гэдгээ MongolTV-ийн нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлсэн)
Гэхдээ, Төрийн өмчийн хороо татан буугдаж Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа Сангийн яамруу шилжсэн байтал хувь хувьцаа авах эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол дээр Аж үйлдвэрийн сайд гарын үсэг зурсан гэнэ. Юу гээчийн жонхуу вэ? Бүхэл бүтэн хоёр жил холбогдох хууль журмыг судалсан “XXX Advocates” гэх компани юугаа зөвлөж байсан юм бол?
Өөр нэг анхаарал татсан зүйл бол 27-хон настай залуугийн хоосон компани Худалдаа хөгжлийн банкнаас 200 сая доллар зээлээд, дүрмийн сангаа нэг өдрийн дотор 100 тэрбумаар нэмэгдүүлэв? Монгол шиг ядуу буурай оронд шудрагаар бизнес хийгээд 200 сая доллар олно гэдэг тун бэрх. Гэтэл өнөөх хоосон компани 100 тэрбумаар дүрмийн сангаа нэмэгдүүлэнгүүтээ 200 сая доллартай болчихож. Тэгээд тэр компани зээлсэн мөнгөтэйгээ нийлүүлээд 400 сая доллароор Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК хоёрыг хамтад нь худалдаад авчихаж. Ид шидийн ч юм шиг, үлгэрийн ч юм шиг…
Харин Ц.Нямдорж гишүүний хийсэн ганц нэгхэн мэдэгдэл, ярилцлагын араас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хагас өдөр үргэлжилсэн хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний хийсэн хэвлэлийн хурал ганцхан л зорилготой мэт харагдав. Манай улсын Ерөнхийлөгч Сахал Д.Эрдэнэбилэгийн хийсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааны луйварыг цээжээрээ хамгаалж байгаа юм байна.
Саяханыг хүртэл Баянгол зочид буудлын 4 давхарын жижиг өрөөнд бүгэж байгаад Улаанбаатар спирт гэх компаниа АПУ-д зараад, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд оролцсноосоо хойш үлгэр домог мэт яригдах болсон “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн ямар арга замаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авчихав аа? Тэгээд бас болоогүй оройн хоолондоо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг, закусканд нь Монголросцветмет нэгдлийг зооглочихлоо. Одоо араас нь МҮОНРТ-ийг хүртэх юм гэв үү?
Тус бүрдээ 100 орчим мянган хүн амтай Дархан, Эрдэнэт хотуудыг хүн амтай нь Монгол улсын нэлээн хэдэн аж ахуйн нэгжийг албан хаагч, ар гэртэй нь тэжээдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авна гэдэг хэр барагийн бизнесменийн бардаг ажил, давдаг даваа биш л дээ. Түүгээр ч зогсохгүй Асгатын мөнгөний орд, Бэрхийн уурхайгаас авхуулаад 30 орчим томоохон орд газрыг эзэмшдэг Монголросцветмет нэгдлийг зүгээр л хоолны хачир маягаар авчихдаг гөөмөн бяртай компани хэнийх вэ? Ганцхан бизнесмен, банкны захиралд ийм их хүч байна гэж байх уу?
Монгол улсад “маш том бүлэглэл” үүссэн, тэр бүлэглэл цагдаа шүүхийг худалдаж авчихаад биднийг шалгаад байна гэж Женко Баттулга, Херо Баатар хоёр хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдэж байж билээ. Тухайн үед бүгдээрээ л тэднийг шоолон, инээдэм ханиадам хийж, эгээтэй л хошин шогийн сэдэв болгочихгүйхэн шиг өнгөрцгөөсөн.
Эргээд бодоод байсан чинь манай хоёр үлгэрийн баатарын яриад байсан маш том бүлэглэл нь нээрэнгээсээ байдаг юм биш байгаа? Монгол улсын Ерөнхий сайдыг загнаж байгаад мэдэгдэл хийлгэдэг, УИХ, Засгийн газрын түвшинд хүссэн тушаал шийдвэрээ гаргуулж чаддаг, Монгол улсын Ерөнхийлөгчөөр хэвлэлийн төлөөлөгчийнхөө ажлыг хийлгэдэг нэг тийм дархлагдсан хулгайч нарын бүлэглэл ахиад үүсчихсэн юм биш биз?!
А. Баярхүү