Орон нутгийн сонгуультай холбоотойгоор АН гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж буйд тайлбар хийж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МАН засгийн эрхийг авсан гурван сарын хугацаанд өнгөрсөн Засгийн газрын хийсэн олон буруу зүйлийг цэгцэлж, эмх цэгцэнд нь оруулах ажил хийсэн. МАН амлалтаасаа буцаагүй. Манай намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн тусгалаа олсон.
Дөрвөн жил хийх ажлыг ердөө гурван сарын ажлаар дүгнэх нь учир дутагдалтай. АН-ынхан засаг захиргааны анхан шатанд төрийн ажлыг гацаах зорилготой ажиллаж байна. Бид төрийн албан хаагчид, ахмад настны цалин, тэтгэврийн асуудлыг огт хөндөөгүй. Цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед татвар нэмэхгүй” хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр БНХАУ-д айлчлал хийхээр явж байгаа юм байна. Ингэхдээ 2.2 хувийн хүүтэй улс төрийн зээл авна гэсэн мэдээлэл байна. Улс төрийн зээл маш эрсдэлтэй. Тажикстан улс ч мөн ийм төрлийн зээлийн эрсдэлийг дааж чадахгүй байгаа шүү дээ.
-БНХАУ-ын Коммунист намын санаачилгаар улс төрийн намуудын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид манай улсаас тус чуулга уулзалтад оролцож байсан. Энэ удаа М.Энхболд дарга энэ сарын 14-17-нд тус арга хэмжээнд оролцох юм.
Тэгээд ч УИХ-ын дарга өр, зээлийн асуудлыг гадаад улс оронтой ярих боломжгүй. Ерөнхий сайд Засгийн газраа төлөөлөлөн энэ талаар ярих боломжтой. Нөгөө талаас урт хугацааны зээлийг заавал БНХАУ-аас авна гэсэн гарц үгүй. Хоёр хөрш орон болон гуравдагч хөрш улсуудтай ярьж байгаа. Зээлийн мөнгөн дүн, хүү, хугацаа зэрэг нь тодорхой болоогүй. Судалгааны шатанд явж байгаа.
-МАН-ын төрийн албыг төрлийнх болголоо гэх шүүмжлэл нэлээд байна. Сүүлд ШӨХТГ-ын дарга асан О.Магнай ч нэлээд баримттай мэдээлэл хийсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?
-О.Магнайгийн мэдээлэл нь ор үндэсгүй. АН доторх даргын төлөөх марафон өрнөсөн нь харагдаж байна. Намдаа сайн хүн болж харагдах гээд мэдээллээ нягтлахгүйгээр олон нийтэд мэдээлж байгаа хэлбэр гэж харагдаж байна. Манай намаас хийсэн албан тушаалын томилгоо 70 хувьд хүрээгүй ээ. Ураг төрлийн томилгоо хийж, газар авсан зүйл байхгүй юм билээ. Бид бас судалсан.
Яах вэ, тоотой хэдэн нэр дурдагдсан хамаатан садны хүн байна лээ. Тэр хүмүүс манай намын үед ч, АН-ын үед ч тухайн яамандаа мэргэжилтэн хийгээд ажиллаж байдаг хүмүүс. Жишээ нь, манай намын даргын хүүг Монголбанкинд хэлтсийн даргаар томиллоо гэсэн гүтгэлэг хийж байгаа. Гэтэл Э.Анар МУИС-ийг төгсөөд Монголбанкинд таван жил мэргэжилтэн, албаны даргаар ажиллаж байгаад Япон, АНУ-д мэргэжил дээшлүүлэн, эргэж ирээд ажилдаа хийж байгаа хэрэг.
Төрийн жирийн албан хаагчдыг ямар нэг байдлаар хуулиас гадуур халж, сэлгэсэн зүйлгүй. 2012 оноос хойш улс төрийн нөлөөгөөр мэргэжлийн бус хүмүүс очсон байсан зарим хууль бус үйлдлийг таслан зогсоож, мэргэжлийн хүмүүсийг нь эргүүлэн ажилд нь томилох ажил хийж байгаа.
-МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт, уяачдын холбооны зарим гишүүнийг төрийн албанд томилохдоо ямар шалгуур баримталсан байдаг юм бол?
-Морь сонирхдоггүй эр хүн ховор байх. Аль ч намд морь сонирхож, мэргэжлийн холбоонд нь гишүүнээр элссэн олон хүн бий. Тэр хүмүүсийн хувьд морь уях нь хобби. Тэр хүмүүс хобби хөөхөөс гадна төрийн болон хувийн хэвшилд ажилладаг хүмүүс шүү дээ. АН-д гэхэд л Г.Батхүү уяач байна шүү дээ. Хүмүүсийг хообийгоор нь ялгаварлаад байгааг ойлгохгүй байна.
-Ойрын өдрүүдэд Хөгжлийн банк тойрсон асуудлууд нэлээд анхаарал татаж байна. Сонгуультай холбоотой гэж ч зарим хүн харж байх шиг.
-Ер нь бол энэ хэрэг Засгийн газрын түвшинд нэлээд өндрөө авчихсан юм билээ. Нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэх, эсэхийг хууль хяналтын байгууллагынхан мэдэх байх.
-Аль ч сонгуулийн үед тухайн үед эрх барьж буй хүчний давамгайлал Сонгуулийн хороодод бий болоод байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Сонгууль зохион байгуулахаар ажиллаж буй хүмүүс бол төрийн жинхэнэ албан хаагчид. МАН-аас тодорхой албан тушаалтнуудыг томилж байгаа ч үүнээс өмнө сонгууль зохион байгуулах шат шатны байгууллагын бүрэлдэхүүнийг томилчихсон байсан. Тэнд төрд он удаан ажилласан хүмүүс ажиллаж байгаа. Тийм зүйл байхгүй.
-Танай намын нэр дэвшигчдийг бүртгээгүй тохиолдол гарсан уу. АН-ынхны зүгээс ийм төрлийн гомдол нэлээд гаргаж байгаа.
-Манай нэр дэвшигчид нэлээд гомдол ирүүлж байгаа. Тухайлбал, АН-ынхан Сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод эд хөрөнгө тараах, хөрөнгө оруулалтын ажил хийх зэргээр сурталчилгаа хийж байна.
Энэ нь хууль зөрчиж байна гэсэн гомдол гаргахаар Сонгуулийн хороо нь авч хэлэлцэхгүй, нэр дэвшигчийг жагсаалтаас хасахгүй байна гэсэн гомдол маш их ирж байгаа. Эдгээрийг нэгтгэж Сонгуулийн ерөнхий хороо болон шат шатны сонгуулийн байгууллагад нь хандаад явж байна.
У.Наран
Эх сурвалж: gogo.mn