Үе үеийн уншигчдын дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан номын сан зургаан жилийн дараа дахин үүд хаалгаа нээж, уншигчдаа хүлээн авахад бэлэн болоод байна.Тус номын сан нь 70 жилийн тэртээ буюу 1946 онд байгуулагдсан нийслэлийн анхны нийтийн номын сан бөгөөд нийслэлийн хүн амыг номын сангийн үйлчилгээнд хамруулах, тэдний мэдээллийн хэрэгцээг хангахад томоохон үүргийг гүйцэтгэсээр ирсэн юм. Улмаар 1968 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 94 дүгээр зарлигаар тус номын санг Орос-Зөвлөлтийн их зохиолч А.М.Горькийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгосон байна. Энэхүү Горькийн номын сан нэрээрээ нийслэлийн үе үеийн уншигчдын дунд алдаршин, тэдний оюуны цангаагаа тайлах, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар нь болж чадсан юм.
Анх 3000 орчим номтой, 20-иод суудал бүхий уншлагын танхим, нэг орон тоотой байгуулагдаж байсан энэ номын сан өнөөдөр 50.000 орчим ном, хоёр уншлагын танхим, долоон хүний орон тоотойгоор 70 жилийн ойн босгон дээрээ уншигч хэрэглэгчдэдээ мэдлэг, мэдээллийг түгээхээр болжээ.