СӨҮЛ./TASS/. Сүүлийн таван жилийн /2011-2015/ хугацаанд Өмнөд Солонгосоос 390 тэрбум орчим долларыг оффшор бүс рүү гарган байршуулжээ. Энэ тухай сөрөг хүчний “Тобуро” намаас Үндэсний хуралд сонгогдсон депутат Пак Кван Он мэдэгдсэн байна.
Тус улсын Төвбанк, Экспорт-импортын банк, Үндэсний татварын удирдах газраас Пак Кван Он-ы авсан мэдээлэлд дурдсанаар, Өмнөд Солонгосын томоохон компаниуд Бермудын арлууд болон Панамын оффшор бүсүүдэд 390 орчим тэрбум доллар байршуулжээ.
Энэ мөнгөнөөс 20 орчим тэрбумаар нь үйлдвэрийн газруудад хөрөнгө оруулалт хийж, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бол бусад мөнгө нь экспорт-импортын үйл ажиллагаатай холбоотой аж.
Түүний сацуу, дээрх таван жилийн хугацаанд Өмнөд Солонгос руу 280 тэрбум доллар буцаж орж ирсэн нь гадагш гаргасан мөнгөнөөс 110 тэрбумаар бага байгаа юм. Энэ зөрүү нь тус улсын компаниуд татвараас зугтах оролдлого хийсээр байгааг харуулж байна.
Үндэсний татварын газрын мэдээллээр, татвараас зайлсхийн оффшор бүсүүдэд мөнгөө нуух явдал жилээс жилд өссөөр байгаа аж. Үүнтэй холбогдуулан, гадаадад хөрөнгө оруулах нэрийдлээр татвараас зайлсхийж буй явдлыг таслан зогсоохын тулд тулд хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулахыг Пак Кван Он уриалсан байна.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг