Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Ангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын эко хөгжлийн бодлого, эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байуулалтад дэмжлэг үзүүлэх, тодорхой төслүүд буюу нийслэлийн гэр хорооллыг өртөг багатай, хямд орон сууцаар хангах тал дээр санхүүгийн төлөвлөлт хийх, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн орлогод нийцсэн орон сууц барих төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Анг “Манайх ногоон барилгын төслөө Ази тивийн болон Латин Америкийн улсуудад хэрэгжүүлж байна. Ногоон барилгын тал дээр Монгол Улстай хамтарч ажиллах сонирхолтой байна. Манай улс өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр барилгын ажил явуулах тал дээр санал бодлоо солилцоход таатай байх болно. Ногоон барилга нь эрчим хүчний болон усны зарцуулалтад асар их эдийн засгийн хэмнэлтийг мэдрүүлдэг. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаатай энэ тал дээр хамтран ажиллах саналтай байна. Та бүхнийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ногоон барилга нь дэлхий нийтэд их чухал асуудал болоод байгаа. Манай улсын сэрүүний улирал урт учраас барьж байгаа барилгын дулаан алдалтын тал дээр анхааран ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай улсад ногоон барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Үндэсний хэмжээний стандарт боловсруулахаас эхлээд маш их ажил үүсэх нь тодорхой. Улаанбаатар хот, Засгийн газар, ТББ-ууд хамтран хийх хэрэгтэй гэж үзэж байна. Танай Ногоон барилга төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэдгийг хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.