Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үндсэрхэг үзэлтэй ТББ, холбоод гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг дарамтлан мөнгө нэхдэг хэрэг нэмэгдэж буй талаар ЦЕГ-аас мэдээлэв.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд үндсэрхэг үзэлтэй “Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Хас Монгол”, “Ногоон хас”, болон “Босоо хөх Монгол” зэрэг таван ТББ-ын 16 хүн эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагджээ.
Тухайлбал, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Б, Т, Д, Б нар энэ оны 5 дугаар сарын 13-нд “Шулуун цагаан хээ” компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Ц-г шоронд хийнэ хэмээн сүрдүүлж, 30 сая төгрөг нэхсэн байна. Улмаар тухайн иргэнээс 21 сая төгрөг, 30 мянган юань бэлнээр авч хүчээр “Т гэгчид өртэй байсан тул өрөө төллөө” гэсэн бичгийг хүчээр бичүүлэн авч байсныг илрүүлэн шалгаж байгаа аж.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү, “Үндсэрхэг үзэлтэй бүлгэмүүд гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө нэхдэг байсан бол одоо дотоодын бизнес эрхлэгчдийг ч дарамталдаг боллоо. Энэ сарын 13-нд “Хас Монгол” ТББ-ын гишүүн С, Л нар “Эс Би” компанийн захирал Э-г хүчээр Туул голын эрэгт аваачиж, биед байсан 2 сая төгрөгийг нь авч, дахин 18 сая төгрөг нэхэн биед нь халдаж, улмаар хохирогчоос 18 сая төгрөгийг гаргуулан авч байхад нь Эрүүгийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилсан. Одоогоор 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байна.
Эх орон, гол усаа хайрлан хамгаалах зэрэг сайхан нэр зүүчихээд хууль бус үйл ажиллагаа явуулж буй бүлгэмүүдтэй Цагдаагийн байгууллага тэмцэх болно. Энэ мэт хэргийг эрт дарахгүй бол цаашдаа улам бүр даамжирна. Тиймээс эдгээр бүлгэмүүдэд дарамтлуулсан өөр иргэд байвал ЦЕГ-т хандах хэрэгтэй” гэлээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг