Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахарлын өдөр” энэ сарын 31 нд болно. Тус өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал буюу Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
“Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэхүү алдар хүндтэй эрхмийн нэрийг зарласан юм.
Энэ 2016 онд энэ эрхэм шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар хүртээхээр болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах эрхмийг зарлан хэлсэн үгэндээ:
“Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байрын болон Гранпри шагналт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатарыг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнахаар шийдвэрлэснийг Та бүхэнд баяртайгаар уламжилж байна гэлээ.