Хүүхдэд тосоор массаж хийх нь арьсны экзем үүсгэх аюултай мэдээллийг d ailymail.co.uk сайтын health-ийн буланд нийтэлжээ.
Судлаачдын үзэж буйгаар бага насны, нярай хүүхдэд эцэг эхчүүд тосоор массаж хийдэг нь яваандаа арьсны харшил, экземийг үүсгэдгийг тогтоожээ. Ялангуяа оливын тос, наранцэцгийн үрээс гаргасан тосоор массаж, иллэг хийх нь их сөрөг нөлөөтэйг эрдэмтэд онцолж байна.
Хүүхдэд иллэг хийх нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн түгээмэл байдаг билээ. Энэхүү судалгааг Манчестер их сургуулийн эрдэмтэд байгалийн гаралтай тос нь хүүхдийн эмзэг арьсыг улам гэмтээдгийг анхааруулжээ. Тэдний үзэж буйгаар нярай хүүхдэд зориулсан тосыг зөвхөн гоо сайхны шалгалтанд оруулдагаас клиникийн шалгалт, шинжилгээнд оруулдаггүй аж.
1940 онд 20 хүүхдийн нэг нь л экзем буюу арьсны харшилтай байсан бол одоо үед гурван хүүхдийн нэг нь энэ төрлийн харшилтай болжээ.Судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүд хүүхэддээ хэт их бүтээгдэхүүн хэрэглэж, мөн гадаад орчны бохирдол нэмэгдсэн нь хүүхдийн харшилд ихээхэн нөлөөтэй байж магад гэж үзэж байгаа аж. Оливын тос, наранцэцэгийн үрээс гаргаж авсан тос нь хүүхдийн эмзэг арьсанд маш их цочрол өгдөг учраас хүүхдийн арьс амархан хуурайшиж, эмзэг болох нөхцөл бий болдог байна. Хэрэв тосоор массаж хийх бол ядаж 50 хувийн устай хольж, түрхэх хэрэгтэйг анхаарна уу.
Манчестерын их сургуулийн судалгаанд 115 нярайг хамруулсан бөгөөд гурван хэсэг болгож хуваагаад 28 хоногийн туршилт явуулжээ. Эхний хоёр хэсэгт оливын тос, наранцэцгийн үрээс гаргаж авсан тосоор хөл, гэдэс, гаранд нь массаж хийхийг даалгасан бол үлдсэн хэсэгт нь массаж хийхгүй байхыг зөвлөжээ. 28 хоногийн дараа харахад массаж хийсэн хүүхдүүдэд арьсны харшил хамаагүй нэмэгдсэн байна.