Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн гүйлт энэ сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус гүйлтэд 70 орчим байгууллагын 2,000 гаруй тамирчин оролцсноос 42 км марофон гүйлтэд ХСИС-ийн Хилийн сургуулийн сонсогч Г.Гүррагчаа алт, Хилийн 0243 дугаар ангийн ахлах ахлагч Н.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ. 21 км хагас марофонд Хилийн 0306 дугаар ангийн ахлах ахлагч Д.Гантулга алтан медаль авсан бол 10 км-ийн эрэгтэй төрөлд Хилийн 0165 дугаар ангийн тамирчин Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0285 дугаар ангийн тамирчин Б.Долгормаа мөнгөн медалийн эзэд боллоо. Мөн энэ сарын 15-нд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн үндэсний үйлдвэрлэл” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд хилчин тамирчид амжилттай оролцлоо. 10 км-ийн эрэгтэй төрөлд Хилийн 0243 дугаар ангийн ахлах ахлагч Н.Мөнхбаяр алт, ХСИС-ийн Хилийн сургуулийн сонсогч Г.Гүррагчаа мөнгөн медаль хүртлээ. Мөн Хилийн 0151 дүгээр ангийн ХЦАХ О.Болдоо 5 км эрэгтэй төрөлд алт, Хилийн 0285 дугаар ангийн тамирчин Б.Долгормаа эмэгтэй 5 км-ийн зайд мөнгөн медаль хүртэж Хил хамгаалах байгууллага, “Хилчин” спорт хороог олон түмэнд сурталчиллаа.
Хил хамгаалах ерөнхий газар