Нийслэлийн анхны суурийг тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

p1avq73g7rb2bvu51h5i11q12sj4

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 377 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Ойг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

p1avq73g7r1hfii1j1gf64sdlr13
Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 17 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном айлдаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөв.
1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов. Тэрбээр, “Соёлт хүмүүний эрхэмлэх ёстой хамгийн чухал зүйл бол дээд үеийнхээ түүх, дурсгалыг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэх юм. Миний бие хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн 360 жилийн ой тохиож, нийслэлийн анх үүссэн газар энэхүү дурсгалын хөшөөг босгосон. Улаанбаатар хот түүхэндээ 28 удаа нүүж, 16 газарт бууриа засч байсан. Бид нүүсэн, буусан газар бүрт Хангарди бүхий гэрэлт хөшөө босгохыг зорьж байгаа” хэмээв.

p1avq73g7r1qkgbjectugq09vi6
НИТХ-ын дарга Ц.Сандуй, “1639 онд байгуулагдсан Шар бүсийн ордон Монгол гэрийн хэв шинжийг шингээсэн өргөө, дугана тэргүүтнээс бүрдэж байсныг түүхчид судлан тогтоосон. Энэхүү газарт сууриа тавьсан нийслэл маань бууриа сэлгэн нүүсээр эдүгээ дөрвөн хайрханы дунд хөгжин дэвжиж, дэлхийн “Саятан хот”-ын эгнээнд багтсан нь бахдам амжилт юм. Тиймээс эх хотын өлгий нутагт хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсны үйлдэл юм” гэлээ.

p1avq73g7r1b1g1ut1s5dje29451
Нийслэлийн бууриа сэлгэсэн нутаг бүрт гэрэлт хөшөө босгох ажил дуусах шатандаа орсон бөгөөд одоо хоёр газар үлдсэн гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулав. Тэрбээр, “Нийслэлийн Хангарди бүхий гэрэлт хөшөө босгоогүй үлдсэн хоёр газрын нэг буурь нь ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байдаг. Тиймээс бид Гэрэлт хөшөө босгох талаар БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ы удирдлагуудтай уулзаж, ярилцах болно. Харин хоёр дахь газар нь Хэнтий аймгийн Сарьдагийн хийд. Тэнд удахгүй Гэрэлт хөшөө босгоно. НИТХ-ын сонгуулиар томилогдсон нийслэлийн шинэ удирдлагууд өмнөх Засаг дарга нарын эхлүүлсэн сайн ажлыг үргэлжлүүлэхээс гадна Улаанбаатарын түүхийг судалж, олон түмэнд хүргэх нь туйлын чухал юм.

p1avq73g7rqilc671ijn1ago169s5

bbbbbbbbbbb

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …