Монгол улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны IV Зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 21-ний өдөр Сөүл хотноо зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн тэргүүтэй ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, түүнчлэн Сөүл төсөлд хамрагдаж байгаа эмнэлэгүүдийн төлөөлөл болж ЭХЭМУТ, ГССУТ, УНТЭ-ийн удирдлагууд оролцов. Анх 2011 онд хоер улсын Эрүүл мэндийн яамд хооронд хамтран ажиллах Тохиролцоог байгуулсан бөгөөд уг баримт бичгийн хүрээнд 2012 оноос эхлэн “Сөүл Төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хугацаанд Монгол Улсаас Эрүүл мэндийн яамны харьяа Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгээс нийт 117 эмч БНСУ-д нарийн мэргэшлийн чиглэлээр эмнэлзүйн сургалтанд 3-6 сарын хугацаатай суралцаад байгаа юм. Мөн түүнчлэн Солонгосын талаас сонгогдсон эмнэлэгүүдийн профессор багш нар манай эмнэлэгүүдэд хүрэлцэн ирж, ажлын байранд дадлагажуулах, чиглүүлэх, бататгах сургалтуудыг зохион байгуулжээ. 

ag0o12981

Сөүл төслийн хүрээнд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан Монгол эмч мэргэжилтнүүдийн хувьд бүгд харьяалагдах эмнэлэгүүддээ тогтвор суурьшилтайгаар ажиллаж байгаа ба орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нутагшуулахад ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн онцлон тэмдэглэж, цаашид төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналаа айлын талд албан ёсоор тавьж, хэлэлцээ хийлээ. Тэрбээр Солонгос улсад суралцсан эмч мэргэжилтнүүд зөвхөн мэргэжлийн хувьд хөгжих төдийгүй Солонгос улсын эмнэлгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний соёл, харилцаа хандлагаас суралцаж, өөрийн ажилладаг эмнэлэгүүдэд тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой зохион байгуулах талаар, ялангуяа эмнэлгийн ачаалалыг зохицуулах аргуудаас суралцаж сайн туршлагыг нэвтрүүлж байдаг нь давхар ач холбогдолтой байдаг талаар танилцуулав. Хоер улсын Эрүүл мэндийн яамд өнгөрсөн таван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилтийн байдал, үр дүнг дэлгэрэнгүй хэлэлцсэний эцэст Сөүл төслийг дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо. Мөн энэ оны 7 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын-Хэгийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Мэдээлэл холбооны технологид суурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллах Тохиролцоог бодит ажил хэрэг болгох зорилгоор тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцов. 

ag0o13461

Уулзалтын төгсгөлд Сөүл төслийн хүрээнд монголын эмч мэргэжилтнүүдийг сургахад оруулсан хөдөлмөр, зүтгэлийг ньүнэлж, Вонгванг их сургуулийн эмнэлгийн захирал Со Ил-ен, Чосун их сургуулийн Хүүхдийн эмнэлэгийн профессор Ну Ен-ил нарт Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Хүндэт тэмдэг шагналыг гардуулав. Төслийн хүрээнд тухайн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилтийг дүгнэж, цаашид анхаарах асуудлууд болон хамтын ажиллагааны чиглэлүүдийг харилцан тохиролцох зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд нараар ахлуулсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг анх 2012 оноос эхлэн зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жил ийнхүү дөрөв дэх удаагаа уулзалтаа амжилттай хийлээ. 

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …