Монголын Урчуудын Эвлэлийн шагналт уран барималч А.Очирболд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Өнгөгүй өнгө” хэмээн нэрлэжээ.
Гангаар урласан уран барималын бүтээлүүд нь уран барималчийн авьяас, сэтгэлгээ, туурвил зүйн шинэ шийдэл нээлтээр арвин бөгөөд байгаль ертөнцийн гэрэл сүүдэр, өнгө аялгууг өөртөө тольдон хүмүүст буцаан харуулж байгаагаараа маш өвөрмөц уран барималууд болсон байна.
“Өнгөгүй өнгө” үзэсгэлэн энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Арт галерейд болох бөгөөд үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16.00 цагт болно.
“Орлой гурван зээрд”, “Би”, “Монгол”, “Үүлэн чөлөө”, “2222” зэрэг арван шилдэг барималаа дэлгэсэн А.Очирболдын үзэсгэлэн залуу уран бүтээлчдийн ур чадвар шинэ өндөрлөгт хүрсэнийг харуулж байна.
Уран барималч А.Очирболд нь “Буур Жамьян” (1998), “Дэмүүл Арслан” (1999), “Чингүнжав” (2010), “Цогт тайж” (2012) зэрэг арван гаруй том хэмжээний бүтээл туурвисан шилдэг залуу уран бүтээлчдийн нэг бөгөөд анхны бие даасан энэ үзэсгэлэн нь түүний туурвилын цоо шинэ өндөрлөгийг илтгэнэ.
Орлой нутгийн хүүгийн үзэсгэлэнгийн онцлог нь ган болдын өнгөгүй гялалзсан толинд ертөнцийн өнгө бүхэн солонгорон тусах ер бусын хэм хэмнэл бүхий орчлонгийн ой санамжийн цаглашгүйг үгүүлж, хүмүүст шинэ мэдрэмж шинэ хөг аялгууг мэдрүүлэхийн хамт хүмүүс өөрийгөө уран бүтээлчийн сэтгэлийн толинд дүрслэн үзэх өвөрмөц шийдлүүдийг бүтээлдээ агуулснаараа бодит байдал ба хийсвэрлэл, өнгө ба өнгөгүй, үнэн ба зэрэглээ, харагдах хийгээд эс харагдахын дотод чинадыг хүүрнэх ажээ.
Товч намтар:
Аюурзанын Очирболд нь 1976 онд төрсөн бөгөөд 1998 оноос уран бүтээлээ туурвиж байна. Тэрээр дүрслэх урлагийн дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгссөн бөгөөд “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай барималуудыг бүтээсэн билээ. Түүний бүтээлүүд нь хамтарсан үзэсгэлэнгүүд болон Солонгос, Хятад, Орос зэрэг улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож байжээ. А.Очирболд нь 1998 онд “Шилдэг залуу уран бүтээлч”, 2008 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2008 онд Монголын Залуу уран бүтээлчдийн Анхдугаар уралдаанд “Хөх цэрэг” бүтээлээр “Гран При” шагнал 1000$ хамт, 2010 онд “Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит Шагнал”, 2010 оны “Намар” үзэсгэлэнгийн оны “Шилдэг уран бүтээл” шагнал болон МУСТА, “Aлтан гадас” одон хүртэж байсан авьяаслаг залуу уран бүтээлч юм.
эх сурвалж: урлаг.мн