Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар хэдхэн хоногийн өмнө сонгогдсон тус намын шинэ дарга Ц.Баянбилэгтэй ярилцлаа
– Танай нам УИХ, аймаг нийслэлийн сонгуульд хэрхэн оролцсон бэ?
– УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд манай хэрхэн яаж оролцсон талаар бид ямар нэгэн дүгнэлт хийхийн өмнө энэ сонгуульд намын удирдлагуудын хэрхэн яаж зохион байгуулж оролцсон талаар дурдах нь зөв байх. УИХ, аймаг нийслэлийн сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн асан Г.Уянга намын даргаар сонгогдон энэ сонгуульд намыг бүхэлд нь удирдан зохион байгуулан оролцох үүргийг хүлээж авсан байсан. Гэтэл тэр хүн зөвхөн амин хувиа бодож, өөрөө УИХ-ын гишүүн болохын төлөө улайран намын нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бусад нэр дэвшигчидтэй хамтран ажиллаагүй. Намыг сонгуульд удирдан чиглүүлэн сонгуулийн компанит ажлыг удирдаж чадаагүй.
-Та УИХ-ын сонгуулийн үед хаана байсан бэ? Яагаад энэ сонгуулийн үеэр намын дарга Г.Уянгатай хамтран ажиллаж чадаагүй юм.
– Миний хувьд УИХ-ын сонгуулийн үеэр буюу 4-р сард цагдан хоригдож байсан. Намайг цагдан хоригдож байх үед сонгуулийн компанит ажлууд явагдаж байсан тул би өөрийн биеэр оролцох боломжгүй байсан.
– Тэр үед Г.Уянга, Ш.Сайхансамбуу, Х.Баттулга нарт таныг намаа зарсан гэсэн мэдээлэл гарч байсан. Та намаа зарчихсан юм уу?
– Тийм мэдээлэл гарч байсныг бол цагдан хоригдож гарч ирээд мэдсэн. Улс орны ирээдүй, тусгаар тогтнолын үнэ цэнийн төлөө нэгдсэн хүмүүсийн итгэл сэтгэлийг хэн нэгэн хүн бусдад зарж борлуулж болно гэж үү. Тэгээд ч улс төрийн намыг эд бараа мэт бусдад зарж борлуулна гэж юу байх вэ. Миний хувьд энэ талаар яриа гарсныг сүүлд сонссоод их харамссан.
– Та цагдан хоригдсон талаараа тодруулаач.
– Намайг ямар хэрэгт холбогдчихов гэж хүмүүс их сонирхож байгаа. Мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор би хуулийн дагуу энэ хэргийн талаар ярих эрхгүй. Нэг зүйлийг хэлэхэд Монгол улсын үндсэн хуульд зааснаар бол “шүүхээс л гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн” гэж үздэггүй. Үүнийг хүмүүс анзаарахгүйгээр намайг “гэмт хэрэгтэн” мэтээр ойлгож, яриж бичих болсон.
– Цагдан хоригдож байх үед чинь Г.Уянга намын дарга болсон гэсэн үг үү. Тухайн үед намын дарга болох үйл явц хууль дүрмийн дагуу болж чадсан уу?
– Дээд шүүхээс намын даргаас нь зөвшөөрөл авахыг шаардсан байна лээ. Тэгээд намайг цагдан хоригдож байхад Г.Уянга ирж надаас итгэмжлэх авсан. Г.Уянгыг Дээд шүүхэд намын дарга болох хүсэлтээ өгөхөд бүрдэл дутуу гэж буцаасан байсан. Буцаасны дараа нэмж материал бүрдүүлэхдээ хуурамчаар гарын үсэг зурсан. Мөн худал мэдээлэл өгөх зэрэг хууль бус үйлдэл гаргасан байдаг. Үүнийг намын гишүүд тооллогын комис болон бага хурлын гишүүд надад мэдэгдсэн. Үүний дагуу дээд шүүхэд гомдол гаргахад намын дотоод асуудал гэж үзсэн.
– Г.Уянгыг танай намын дарга болох үйл явц хэрхэн өрнөсөн юм бэ?
– Аливаа нам нэг лидертэй байж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө шүү дээ. Г.Уянгын хэлж ярьж буй зүйл, үзэл баримтлал нийцэж байсан учраас бид намын дарга болох саналыг тавьсан. Г.Уянга тухайн үед УИХ-ын гишүүн, өөр намын гишүүн байсан. Ингээд намаасаа гарч манай намд орохоор болсон.
– Танай намын ээлжит бус Их хурал саяхан хуралдсан байна. Хурлаар ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?
– Энэ оны 8-р сарын 20-ны өдөр Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын Бага хурал хуралдсан. Хурлаар намын даргын асуудлыг гишүүд хөндөж хэлэлцсэн. Тухайлбал, намын дарга 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар намын гишүүдэд танилцуулаагүй. Аль ч нам сонгуулийн алдаа оноогоо дүгнэн цэгнэж дараагийн ажлаа төлөвлөн хэлэлцдэг. Энэ асуудалд намын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Түүнчлэн намын дарга Г.Уянга багаар ажиллах болон нам удирдан зохион байгуулах арга барилгүй гэсэн шүүмжлэлийг олон гишүүн хөндсөн. УИХ-ын сонгуульд оролцохдоо ганцаарчилсан тоглолт хийж зөвхөн өөрөө л УИХ-ын гишүүн болохоор зүтгэсэн. Намаас нэр дэвшсэн 44 хүнийг дэмжиж ажиллаагүй нь өнөөдөр намын даргын асуудлыг хөндөх нэг шалтгаан болсон. Тус хурлаар гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус Их хурал зарлаж намын даргын асуудлыг хэлэлцэх тогтоол гаргасан. Намын дүрмээр Их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцдэг юм. Өмнө нь намын дарга байсан гэдгээрээ миний биеийг Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүнээр томилсон.
Ажлын хэсэг намын ээлжит бус их хурлын товыг гаргаж зарласан. Хурал хоёр удаа хойшилсон Ингээд бид энэ сарын 15-ны өдөр намын ээлжит бус Их хурлаа зарлан хуралдуулсан. Тус хуралд намын дарга Г.Уянга ирж оролцоогүй.
Намын Бага хурлын тогтоолд Их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхээр тусгасан байсан. Гэхдээ ээлжит бус Их хурлаар хэлэлцэх асуудалд өөрчлөлч орсон. Намын бага хурлын гишүүд болон Хяналтын хорооны гишүүдийг шинэчилэн зохион байгуулах санал гарсан. Ингээд намын гишүүдийн олонхийн саналаар дээрх гурван асуудлыг хэлэлцсэн.
-Намын даргын сонгууль явуулах асуудал дээр гишүүд ямар байр суурьтай байсан бэ?
-Хурлаар намын даргыг өөрчлөх бүр цаашлаад намаас хөөх хүртлэх санал гишүүдээс гаргасан. Намын даргыг хөөх асуудал намын дүрмээр шийдвэрлэгдэх ёстой. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхгүй гэдэг дээр тогтсон.
-Ээлжит бус хурлаар намын даргад хэдэн хүн нэр дэвшсэн бэ?
-Надтай нийлээд дөрвөн хүн өрсөлдөж олонхийн саналаар би намын дарга болсон.
-Намын ээлжит бус Их хурлын энэ шийдвэр хэл ам дагуулах байх. Намын дарга нь оролцоогүй байхад түүнийг огцруулах шийдвэр гаргалаа гэх зэргээр. Магадгүй энэ хурлыг хууль бус гэж үзэх хүн гарах байх. Та энэ хурал хууль ёсны дагуу болсон гэдгийг юугаар нотлох вэ?
-Намын Их хурлын гишүүд анхан шатны байгууллагаас сонгогдож ирсэн төлөөлөгчид байдаг. Энэ төлөөлөгчид хуралд оролцдог. Түүнээс хэн дуртай нь оролцоод байдаггүй. Энэ нь хурал хууль ёсных гэдгийг батална. Түүнээс намын дарга асан Г.Уянга энэ хуралд суугаагүйгээр хурлыг хууль бус гэж үзвэл асар том эндүүрэл. Энэ нам нэг хүний нам биш.
-Намын дарга байсан Г.Уянга хуралдаа ямар шалтгаанаар ирээгүй юм бэ? Юу гэж тайлбар хэлж байхын?
-Эхний хурлын зарыг би өөрөө Г.Уянгад хүргэсэн. Би өмнө нь намын дарга байсан болохоор өөр улс төрийн хүчин, хэн нэгэн улстөрчтэй хамтраад өөрийнх нь нэр төрд халдах гэж байгаа мэтээр ойлгож хүлээж авсан. Би “Бага хурлын тогтоол дээр намайг энэ хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг даргаар тавьсан учраас л танд хурлын зар хүргэж байна” гэдгээ түүнд хэлсэн. Дараа дараагийн 2 удаагийн хурлын зарыг ажлын хэсгийн гишүүд түүнд хүргэсэн. Тэр хүмүүст ямар тайлбар өгсөнийг мэдэхгүй байна. Ямартай ч хуралдаа ирээгүй.
-Хэдэн хувийн саналаар та намын дарга болсон юм бэ?
-Намын Их хурал 150 гаруй гишүүнтэй. Үүнээс 120 гишүүн ирсэн. 80 гаран хувийн саналаар намын дарга болсон.
-Хурлаар гишүүд юу ярьж байсан бэ. Намын гишүүд намын даргыг өөрчлөх асуудал хэрхэн хандаж байв?
-Ихэнхи нь шүүмжлэлтэй хандаж байна лээ. УИХ-ын сонгуулийн үеэр Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэгийг тараасан, мөн өөрийнх нь хийж байгаа үйлдэл ярьж буй зүйлээсээ зөрөөд байна гэсэн шүүмжлэл олон гишүүнээс гарсан. Наад зах нь л гэхэд энэ хүн МАНАН гэж ярьж, шүүмжилж байсан. Тэгэхэд УИХ-ын сонгуулиар яагаад АН-тай сүлбэлдэх болов гэсэн асуудал байна. Та бүхэн харсан байх. АН-ыг дээрх намууд дэмжиж байна гээд манай намын логог сонгуулийн самбар дээр байрлуулсан байгаа. Бага хурлаас манай нам АН-ыг дэмжих шийдвэр гаргаагүй. Тийм болохоор Г.Уянгын зөвшөөрлөөр л АН-ынхан ийм самбар тавьсан байх. Энэ мэтээр шүүмжлэлтэй хандах асуудал их яригдсан.
-Та ажлаа хүлээж аваад цаашид намыг удирдан зохион байгуулахдаа юунаас эхлэх гэж байна даа?
-Хяналтын хороонд үүрэг өгнө. Мөн өмнөх намын дарга Г.Уянгыг УИХ-ын сонгуулиар санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ, хэрхэн яаж зарцуулсныг хуулийн байгууллагаар шалгуулна. Намын санхүүгийн бааз хөрөнгийг бэхжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулна. Үүнээс гадна улс орны үндэсний аюулгүй байдалд асар их нөлөө үзүүлдэг Хятад, Солонгос иргэдийн визний асуудал, хэд нь орж ирж хэд нь үлдэж байна гэдгийг хуулийн хүрээнд судлах болно. Энэ бол удмын сангийн том асуудал. Үүнтэй тэмцэх болно. Бид энэ бүх ажлаа хуулийн хүрээнд явуулах болно. 2020 оны УИХ-ын сонгуульд ТТЭНН-аа одооноос бэлтгэж ажиллана. Нам олон суудалтай байж бодлогоо хэрэгжүүлдэг. Гэхдээ хийж чадахгүй зүйлдээ амлалт өгөхгүй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа, таны ажилд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа
Ярилцсан Б.Бат