Жимс, жимсгэнэ
Нохойн хошуу
Уламжлалт анагаах ухаанд “Сэгод” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Аминдэм С, В, К-аар баялаг. 100 гр нохойн хошуу 900 мг аминдэм агуулсан байдаг. 30-40 гр нохойн хошуу нь насанд хүрсэн хүний хоногт шаардах аминдэм С-ийн хэрэгцээг бүрэн хангадаг. Шүүс ханд бэлтгэж хэрэглэнэ. Хандыг бэлтгэхдээ 1 аяга усанд хоолны халбагаар нохойн хошуу хийж 10-15 минут буцалгаж 24 цаг таглаж тавьна. Хандалсан нохойн хошуугаа шүүгээд мэдрэлийн ядаргаа, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэгт хэрэглэнэ. Эсвэл нохойн хошуунаас гаргаж авсан эмийг эдгээр өвчний үед хэрэглэж болно.
Хандалсан нохойн хошууг уухад чийг бам өвчнөөс маш сайн сэргийлнэ. Биеийн эсэргүүцэл сайжруулах, судасны хана зөөлрүүлэх, ходоод гэдэсний шархлаа, элэгний архаг өвчин, цус алдалт, бөөр давсагны архаг өвчинд ханд буюу шүүсээр өргөн хэрэглэнэ.
Эм зүйн судалгаагаар С аминдэм нь биед ороод устөрөгчийн атомыг дамжуулан исэлдэн ангижрах маш олон урвалыг идэвхижүүлж биеийг тордон, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг нэмэгдүүлэн, төмрийг ферритинд шилжих явцыг хөнгөвчлөн, глюкозын исэлдлийг хүчтэй болгож холестерины задралыг ихэсгэн, судасны хатуурлыг саатуулж бие махбодын дасан зохицох чадварыг нэмэгдүүлнэ.
Уурганд байгаа пролиныг усан-ислийн урвалд оруулж коллагенийг үүсгэдгээрээ аскорбины хүчил нь судасны ханыг бэхжүүлэн, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулж шарх, гэмтлийг түргэн эдгээнэ.
Нохойн хошуунд агуулагдаж буй каротин нь биед орж А витаминыг үүсгэх бөгөөд энэ нь нүдний хараа муудахуй өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй агаад бас шарх эмчлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах нөлөөтэй юм.
Жимсийг чийг бам өвчин, уушгины сүрьеэ, салхинд цохиулснаас үүдсэн өвчин, ядарч сульдах, турах, цус багадах, цус алдах, элэг цөсний үрэвсэл, мэдрэлийн ядаргаа, аминдэм дутагдсанаас шалтгаалсан бусад өвчний үед хэрэглэнэ.
Чацаргана
Уламжлалт анагаах ухаанд “Дарву” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Исгэлэн амттай, шим тэжээл сайтай. Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг 1.5%, тос 4-6%, С, А, Е, В-ийн төрлүүд, РР аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимс ногооноос онцлог давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг.
Чацаргана нь хоолны дур нэмэгдүүлэх, уушгины маш олон өвчинд үр дүнтэй. Хуурай ханиалгах, цэр ховхроогүй байгаа үед болон цус шингэлэх үйлдэлтэй. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэр, өгрийн үед жимсийг дангаар буюу эмэнд хольж хэрэглэдэг. Мөн тосыг эмчилгээнд өргөн хэрэглэнэ. Ходоод гэдэсний шархлаа, атеросклероз, цус алдах, эмэгтэйчүүдийн зарим өвчнийг засахад хэрэглэнэ.
Эмэгтэйчүүдийн шархлаа, хавдар, туяа эмчилгээний дараа, ходоодны шархтай үед уулгах буюу ялангуяа улаан хоолой түлэгдсэн үед тосыг хэрэглэнэ. Чацарганы жимсэнд олейнийн, стеаринын, линолын болон пальмитины хүчлийн глицеридүүдээс тогтсон тос 14-27.4%, бетта каротин 1.6-6.7 мг%, С, В1, В2, Е витаминууд, фолийн хүчил, органик хүчил, эдээлгийн бодис, сахар зэрэг агуулагдана. Цайр, манган зэсийг илүү их агуулна. Чацарганы тос нь шарх хөрсжих эдгэрэхийг түргэсгэх ба өвчин намдаах чадалтайг эм зүйн судалгаагаар илрүүлсэн. Эмнэлзүйн практикт чацарганы тосыг цацраг туяанд гэмтсэнээс үүссэн шарх, яршил, улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, шархлаа, эмэгтэйчүүдийн өвчин, хөлдөлт, түлэгдэлт, мэдрэлийн эмгэгээс үүссэн шарх, яршил, уушги, мөгөөрсөн хоолойн архаг үрэвслийн үед хэрэглэнэ.
Үхрийн нүд
Үхрийн нүд жимсэнд 200 мг хувь хүртэл С, Р, В1, В2 витаминууд, антоцианы нэгдэл 5-9%, каротин, кемперол, кверцетин, изорамнетинээс тогтсон флавонойд 100 мг%, идээлгийн бодис цианидин, катехин, пектинт бодис, будагч бодис, алим, нимбэг, дарс, хувын хүчлээс тогтсон органик хүчил, кальци, магни, төмөр, манган, цайр, селен зэрэг эрдэс бодисууд агуулагддаг.
Эмнэлзүйн практикт энэхүү жимсийг чийг бам ба аминдэм дутагдсанаас үүссэн бусад өвчин, бие ядарч сульдах, турах, судас хатуурах, цусны даралт ихсэх, цус багасах, ходоод, 12 хуруу гэдэсний шарх, ходоодны шүүрэл багасах зэрэгт онц тустай. Голдуу ходоодны хүчил багассан, шархлаа үүссэн, судас хатуурсан, бөөрний архаг үрэвсэл зэрэгт өдөрт 3 удаа 100 гр үхрийн нүдний шүүсийг уулгадаг. Артерийн даралт ихсэх, элэг цөсний архаг үрэвсэлд мөн шүүсийг эсвэл устай хамт уулгадаг.
Эх сурвалж:НЭМХ