Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ТНБД П.Гантулга нарын албаны хүмүүс “Оюутолгой” ХХК –ны далд уурхайн барилгын ажил түр хугацаагаар зогссоны улмаас нийгэмд буруу ташаа мэдээлэл цацагдаж эхэлсэнтэй холбоотойгоор тус компаний Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек, тус компаний гүйцэтгэх захирал Р.Содхүү нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжямтав хэлэхдээ “Оюутолгой компаний далд уурхайн барилгын ажил зогссонтой холбоотойгоор барилгын ажлын гэрээлэгч компаниудын 2000 орчим ажилтан халагдсан талаарх мэдээлэл нийгэмд бухимдал төрүүлж байна. Бидний өнөөдрийн уулзаж байгаагийн гол шалтгаан энэ талаарх үнэн бодитой мэдээлэл авч, цаашид авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаар ярилцахад оршиж байна” гэлээ.
“Оюутолгой” ХХК-ны Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек хэлэхдээ “Манай компаний далд уурхайн барилгын ажлын 2–р шатны санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор бид барилгын ажлын гүйтцэтгэгч компаниудтай хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн. Одоогийн байдлаар “Оюутолгой” компани 22 гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээрээс хэдэн компанитай гэрээгээ цуцалсан, эдгээр компаниудын хэдэн ажилтан ажилгүй болж байгаа зэрэг мэдээлэл бидэнд ирээгүй байна. Манай компаний тухайд 61 ажилтнаа цомхотгох шийдвэр хүрсэн. Эдгээр ажилчидаа өөр хэлтэс, тасаг руу шилжүүлж ажиллуулах талаар судалж байна. МУ-ын хөдөлмөрийн хуулинд заасны дагуу эдгээр ажилчдад олгох мөнгөн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар бид компанийхаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хэлэлцээрийн ширээний ард сууна. Тиймээс “Оюутолгой” компани гүйцэтгэгч компаниудын ажилчдын асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл сонссоны дараагаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гэрээ цуцалсаны дүнд хэдэн компаний, хэдэн ажилтан халагдаж байгаа мэдээллийг нэн даруй нэгтгэн ирүүлэхийг хүсээд цаашид эдгээр компаниудыг өөр чиглэлийн гүйцэтгэгчээр ажиллах боломжыг судалж, аль болох эрсдэл багатай ажиллаарай хэмээн хүслээ. Өнөөгийн байдлаар “Оюутолгой” компаний Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, бусад хэлтэс тасгууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7000 монгол ажилтан ажиллаж байгаа ажээ.