Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлүүлэх нэг хэлбэр болох эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Монгол Улсад амжилттай хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж, зарим төрлийн маргааныг эвийн журмаар шийдвэрлэн нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх болсон.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчдын хүний нөөцийг нэмэгдүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчийн ээлжит сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд нийт 120 хүн бүртгүүлсэн байна. Шалгалтад бүртгүүлэгчдээс ерөнхий мэдлэг, Монгол Улсын Үндсэн хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд тестийн шалгалт авч, шалгалтад тэнцсэн 24 хүнтэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж сургалтад оролцох эрх олгов.
“Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх” тус сургалт нь 19 дэх удаагийнх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд 3 хоногийн турш зохион байгуулагдана. Сургалтыг эвлэрүүлэн зуучлагчийн сургагч багшаар мэргэшин бэлтгэгдсэн, туршлагатай сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онол, эрх зүйн зохицуулалт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, иргэн, гэр бүл, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг, ёс зүй, харилцааны ур чадвар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талуудын сэтгэл зүйн онцлог зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН