“Дэлхийн хамгийн том Хүннү дээл”-ийг Монголчууд урлав

“Дэлхийн хамгийн том Хүннү дээл” төслийн хүрээнд  “Батзүү” ХХК-ийн хамт олон 6 давхар барилгатай дүйцэхүйц 14 метр өндөр, 18 метрийн өргөн,  хаан хээтэй Хүннү загварын дээл урласнаа өнөөдөр МҮХАҮТ-д танилцууллаа.

Энэхүү дээлийг тус компанийн оёдолчдоос гадна Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгийн 50 гаруй үйлчин бүсгүй 500 метр даавуугаар хоёр сарын турш уламжлалт гар оёо, зээгт наамал, үндэсний хээ угалз гэх мэт нарийн оёдлоор урлажээ. Харин дээлний эх загварыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухын хошуу хэмээх газар дахь Хүннүгийн үед хамаарах олдвороос авснаа ч дуулгав.

“Батзүү” ХХК-ийн зөвлөх Ж.Оюунчимэг хэлэхдээ, “Бид Улс тунхагласны 92 жилийн ой, манай компанийн 20 жилийн ойдоо зориулан урласан дээлээ Геннисийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр зэхэж байгаа. Хүмүүсийг дээл өмс гэж тулгахаасаа өмнө дээлийнхээ мөн чанар, ач холбогдлыг ойлгуулахыг зорьсон. Дээл бүтээхийн тулд эрдэмтэн судлаачидтай уулзаж, судалгаа хийснээс гадна түүх соёл, өв уламжлалыг шингээсэн. Монгол үйлчин бүсгүйн  уран, нарийн хатгаа оёос дэлхийд хаа ч байхгүй. Зөвхөн дээлийн энгэр дээд хэсэгт байх хаан хээ бол зүгээр нэг гангараа биш, эр хүний сүлд хийморь, зэрэг зиндаа, авхаалж самбааг өргөдөг тарни үсэг. Харин ханцуйн улаан эмжээр гаднаас муу зүгийн зүйлийг оруулахгүй хориг гээд бүхий л утга учрыг агуулсан аварга том дээл маань ард түмэндээ төдийгүй дэлхий нийтэд Монгол үндэсний хувцсыг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дээлийн даавууг Шанхай хотоос тод хөх өнгийн тусгай даавуу захиалж авч ирсэн бөгөөд он удаан жил үе дамжуулан хадгалах учраас чамгүй хэмжээний зардлаар бүтсэн байна.

Улс тунхагласны баярын өмнө буюу ирэх сарын 19-нд уг дээлийг танилцуулах  нээлтийн ажиллагааг Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар төлөвлөжээ. Дашрамд дуулгахад, дээлэнд тохирох өлгүүр, төмөр караказыг “Ган хийц” ХХК хийж байгаа бөгөөд одоогоор хаана хадгалах нь тодорхойгүй байгаа юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: montsame.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …