Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон Улсын “Фронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Маса Игата “Инвест Монголиа конференц”-ийг Монгол улсад 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа талаараа Засаг даргад танилцуулав. Ноён Маса Игата “Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг 10 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулах гэж байна. Уулзалтаас гарсан олон сайхан санал санаачилгыг бид эмхтгэл болгон гаргадаг. Үүнийг та бүхэн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилдаа тусган ажиллах боломжтой юм. Шинээр сонгогдон ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айчлал Япон Улс байсан. Энэ айлчлалын үр дүнд Япон Монголын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдээд байгаа юм. Дан ганц Засгийн газар хоорондын харилцаанаас гадна хоёр улсын нийслэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх нь чухал юм. Арванхоёрдугаар сард Япон улсад зохион байгуулагдах Инвест Монголиа чуулга уулзалтад таныг өөрийн биер оролцохыг урьж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Урилгыг талархан хүлээн авч байна. Өөрийн биеэр оролцох болно. Манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд энэ төрлийн яриа хэлэлцээр маш чухал гэж бодож байна. Энэ эмхтгэлд Улаанбаатар хотод хэрэгтэй зүйлс ихээр багтсан байна. Бидэнд хийж, хэрэгжүүлэхээр бэлдсэн олон төслүүд бий. Энэ төслүүдээ уулзалтын үеэр танилцуулна” гэдгээ хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.