“Их хотын хямдрал 377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ. Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм. Өнөөдөр, маргааш буюу 28, 29-ний өдрүүдэд үргэлжлэх хямдралтай худалдаанд 80 орчим аж ахуйн нэгж, иргэн оролцож байна. Иргэд ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал, бэлэн хувцас, гутал, цүнх зэрэг бүх төрлийн бараа болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдан авах боломжтой.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдөр талбай дээр иргэдтэйгээ хамт нийслэлийн ойн баяраа тэмдэглэхээр 80 орчим үйлдвэрлэгч, бүтээгч иргэн, аж ахуйн нэгж цуглаж, бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалж байна. Уламжлал болсон хямдралтай энэ худалдааг нийслэлчүүд маань хүлээдэг болсон байна. Улаанбаатар хотын нийт иргэддээ 377 жилийн ойн баярын мэндийг хүргээд хямдралтай худалдаандаа өргөнөөр оролцохыг хүсье” гэлээ.