Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой тохиож байна. Одоогоос 377 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулж өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсэний тэмдэг болгож, “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Түүхэн энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөө босгож, нийслэлийн ойн өдөр хотын удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.
Өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй нийслэлийн иргэддээ 377 жилийн ойн баярын мэнд хүргээд “Одоогоос 377 жилийн өмнө нийслэл Улаанбаатар хотын суурийг одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын дэргэд тавьсан гэж түүхчид үздэг. Үүнээс хойш 28 удаа бууриа сэлгэж, 5 удаа нэрээ сольж, 1778 онд Алтан тэвшийн хөндийд ирж суурьшсанаас хойш өнөөдөр дэлхийд данстай хот болон хөгжиж байна. Нийслэлийн нийт иргэд, ахмадууд, хүүхэд залуучууддаа дахин баярын мэнд хүргэе” гэлээ.
Нийслэлийн удирдлагууд Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг цэнгүүллээ. Мөн өнөөдөр хуримаа хийж, гал голомтоо бадрааж байгаа залуу хосуудад Улаанбаатар хотын удирдлагууд баяр хүргэсэн юм.
Улаанбаатар хотын 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд нийслэлийн туг болон Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынзахирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагууд их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.