СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн Хөрөнгийн зах зээлийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг

img_0060-copy-1Монгол улсын Ерөнхий сайдаа,

Эдийн засгийн байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

“Нэг зорилго – Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийн хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өглөөний мэндийг дэвшүүлье.

Санхүүгийн зохицуулах хорооныэрхэм зорилго бол “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн тогтвортой үйл ажиллагаа бүхий санхүүгийн салбарыг хөгжүүлэх” явдал юм.

Дэлхий дахинд хөрөнгийн зах зээл асар хурдацтай хөгжиж байна. Даяарчлал, технологийн дэвшил, зогсолтгүй өрнөн хөгжиж буй бизнес харилцаа дэлхийн дахиныг хөрөнгийн зах зээлийн нэгэн том сүлжээгээр хэрэн сүлжиж, бүрхэн аваад байна. Яг л цусны эргэлтийн систем шиг үл тасалдах урсгалаар хөрөнгийн харилцаа, арилжаа, гэрээ хэлцлүүд зогсолтгүй явагдаж байна. Энэ системийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээл билээ.

Гэхдээ бид өнөөдөр энэ том системийнхээ нэлээд захад, зайдуухан байна. Монголын хөрөнгийн зах зээл хэмээх системийн энэ хэсэгт цусны эргэлт удаашрахад үндсэн сүлжээнд юу ч мэдрэгдэхгүй, гойд нөлөөлөхгүй хэтэрхий алс хол байна.

Алс хол гэх энэ үгээр би орон зай илэрхийлж байгаа юм биш гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Хөгжлийн сул дорой байдал, хэт жижиг хүрээнд эргэлдсэн бүтэц, хүртээмжгүй, өрөөсгөл харьцаа нь Монголын хөрөнгийн зах зээлийн өгөөж, идэвхийн үзүүлэлтийг бууруулж байна.

Өнөөдрийн байдлаар манай хөрөнгийн биржид бүртгэлтэй 299 ХК-ийн зах зээлийн үнэлгээ нь 1.4 их наяд төгрөг, нийт үнэт цаасны арилжаа 98.6 тэрбум төгрөг байна. ХК-уудын хувьцааны төвлөрөл өндөр, хөрвөх чадвар муу байгаа нь хөрөнгө оруулагчдын хүлээх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Монголын хөрөнгийн биржийг зарах бараань хомсдсон, хоосорсон лангуутай дэлгүүрээр зүйрлэн ярих нь бий. Сүүлийн таван жилд энэ зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн бараг гарч ирээгүй. Ийм тохиолдолд чухам хэнд энэ зах зээл рүү орж, арилжаанд оролцох сонирхол төрөх вэ?

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн гол гол хуулиуд болох  “Үнэт цаасны зах ээлийн тухай хууль”, “Компанийн тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль”-ийг шинэчлэн батлуулж, холбогдох журам заавруудаа ч өөрчилж, нөхцөл шалгуурыг ихээхэн хөнгөвчилсөн. Гэсэн ч хүлээж байсан бодит үр дүн гарсангүй.

Хууль, журмыг шинэчлэн өөрчлөх нь зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй нөхцөл хэдий ч хүрэлцээтэй нөхцөл биш гэдэг нь үүнээс харагдаж байна.

Хэдэн зууны тэртээ Шотландын эдийн засагч Адам Смитийн хэлсэнчлэн зах зээл нь “үл үзэгдэх гар” буюу тийм нэгэн далд хүчин зүйлээр зохицуулагддаг. Тэр далд хүчин зүйл нь бидний өнөөг хүртэл олж мэдэхийг хичээсээр байгаа зах зээлд оролцогч хүмүний сэдэл, сонирхол таашаал,  хүсэл тэмүүлэлтэй холбоотой юм. Тэгэхээр ямар нөхцөлд, ямар шаардлага хангагдсан үед иргэд, хөрөнгө  оруулагчид хөрөнгийн зах зээлийг сонгох вэ?

Ашиг олох боломжтой, өргөн сонголт бүхий арилжааны боломжуудтай, хурдан түргэн эргэлттэй, өртөг зардал багатай зах зээл рүү л хөрөнгө оруулагчид орж, хөрөнгө мөнгөө арвижуулахыг эрмэлзэх нь зүйн хэрэг. Тиймээс, шинэ шинэ ХК-ууд бий болох, зах зээлийг үр шимийг нэмэгдүүлэх бүртгэл зөвшөөрлийн, татвар шимтгэлийн, бодлого зохицуулалтын зохистой, оновчтой арга механизм, шийдлийг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эдийн засгийн өндөр идэвхжилийн үед буюу 2011 онд арилжаа, төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох ажлууд хийгдсэн хэдий ч үнэт цаасны компаниудын бүртгэлийн системийг орхигдуулснаас бүрэн гүйцэт нутагшиж чадаагүй. Дээр нь брокер, дилерүүдийн санхүүгийн чадавхи сул, зах зээлийн нөхцөл тааруу зэргээс болж суурилуулсан төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн хангаж ажиллах боломжийг бууруулж байна.

Эрхэм зочид оо,

Монголын хөрөнгийн зах өнөөдөр томоохон сорилтын өмнө ирээд байна. Хурдацтай өрнөж буй даяарчлал, үсрэнгүй хөгжиж буй технологийн дэвшил, зогсолтгүй өсөн нэмэгдэж буй бизнесийн боломжийн үр дүнд дэлхийн хөрөнгийн зах зээл биднийг хүлээхгүй, хөгжсөөр байна. Дэлхий нийттэй хөл нийлүүлэн хөгжихийн тулд бид хүчээ нэгтгэн, Монгол улсын санхүүгийн салбарыг эрсдэл даах чадвар бүхий олон тулгуурт бүтэцтэй болгох, хөрөнгийн зах зээлийг хурдтай, хүчтэй, зогсолтгүй болгон хөгжүүлэхэд бүх хүчин чармайлтаа дайчлан, хамтран ажиллах шаардлагатай байна.

Хэдийгээр макро эдийн засгийн нөхцөл таагүй байгаа ч Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийнцаашдын тогтвортой өсөлтийг бий болгох суурийг тавих, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны таатай нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн байгууллагууд, хувьцаат компаниудын зүй зохистой, удирдлагыг сайжруулах, мэдээллийн урсгалыг нээлттэй, ил тод болгох, үүсмэл санхүүгийн хэрэгслийн эрх зүйн нарийвчилсан тогтолцоог бүрдүүлэх, үнэт цаасны давхар бүртгэл, гадаадад үнэт цаас гаргах талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлуудыг чухалчлан ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны хувьд хөрөнгийн зах зээлийн идэвхжил, өсөлтийг дэмжих нь ирэх жилүүдэд банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх үндсэн стратегийн нэг гэж үзэж байна.

Үүний тулд санхүүгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, дэд бүтцийн уялдаа холбоо, хөрөнгө оруулагчийн мэдлэг боловсрол, хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох замаар хөрөнгийн зах зээлд оролцогчдын итгэл, идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байна.

Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд үндэсний компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох хууль эрх зүйн болон дэд бүтцийн орчин бүрдээд байна. Тухайлбал, гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт үйлчлэх кастодианы үйлчилгээ үзүүлэх банкууд, дотоодын хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болохтой холбоотой бэлтгэл ажлууд хийгдсэн.

Энэ мэт нааштай ололтуудаа бататгаж, хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх гарц гаргалгааг эрж олоход өнөөдрийн хэлэлцүүлэг үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.Тогтвортой, шударга, хүртээмжтэй санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, хөрөнгийн зах зээлээ дэлхийн жишгээр замнуулахын “Нэг зорилго, нэгдсэн шийдэл”-ийг хамтдаа эрэлхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …