Сайд асан Р.Бурмаа Халхголын асуудлаар шалгагдах уу?

%d0%b1%d1%83%d1%80%d0%bc%d0%b0%d0%b0-%d1%81%d0%b0%d0%b9%d0%b4

Хууль хяналтын байгууллагаас Чингис, Самурай бондын болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө гээд тухайн үед энэ бүхнийг захиран зарцуулж байсан эрх мэдэл бүхий хүмүүсийг ээлж дараалан шалгаж, цагдан хорих болсон. Тэгвэл эдгээрийн араас өнгөрсөн онд дуулиан тарьж байсан Халхголын 500 мянган га газрын асуудал бас л шалгагдахаар болжээ. Тодруулбал, Ардчилсан нам засгийн эрх барьж байх үедээ Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг 2015 онд батлан гаргаж байсныг уншигчид санаж буй байх. Тухайн үед энэхүү тогтоолыг нутгийн зон олон нь эсэргүүцэж жагсаал, цуглаан хийсний үндсэн дээр эрх баригчид УИХ-ын сонгуулийн өмнөхөн Халхгол бүтээн байгуулалтын бүс хэмээн нэрийг нь өөрчилж асуудлыг намжааж байсан. Хэдийгээр 75 дугаар тогтоолыг өөрчилж 43 болгож өөрчилсөн ч гэлээ тухайн үеийн ХАА-н яамны удирдлагууд өнгөрсөн долоодугаар сарын 28-ны өдөр 500 мянган га газрын 323 мянга орчим газарт нь аль хэдийнэ газар олголт хийчихсэн байжээ.

Нэг шөнийн дотор 330 мянган га газрыг олгожээ

Энэ талаар ХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн “Халхгол суманд газар олголтыг хийхдээ намайг томилогдохоос хоёр хоногийн өмнө буюу долоодугаар сарын 28-нд оройн цагаар 28-н аж ахуйн нэгжид 330 мянган га газрыг нэгэн зэрэг олгосон байсан. Энэ асуудлыг манай яамны дотоод хяналт шалгалтынхан шалгаад хэд хэдэн хууль дүрэм зөрчсөн байна гэдгийг нь тогтоосон. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллахдаа энэ асуудалтай газар дээр нь танилцаж хууль бусаар олгосон газар олголтыг цуцлана гэдгээ ч мэдэгдсэн. Тэгэхээр яамны зүгээс уг газруудыг цуцлаад зогсохгүй УИХ-ын Байгаль орчин, Хөдөө аж ахуйн байнгын хороогоор оруулж шат, шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно” хэмээж байсан.
Ямартай ч чөлөөт бүсийн 75 дугаар тогтоолын хавсралтаар анх батлагдсан хилийн цэсийн дагуух 500 мянган га газрыг 74 хэсэгт хувааж, аж ахуйн нэгжүүдэд олгочихоод буй нь тодорхой болчихлоо. Уг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр ХХАА-н сайд асан Р.Бурмаа “Халхголын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ-т өгч шалгуулна” хэмээж байсан ч сураг алдарсан. Тэгвэл энэхүү газрын асуудал дахин сөхөгдөж тухайн үеийн салбар яамны удирдлагууд яагаад 28-н аж ахуйн нэгжид нэг дор олгов, газар олголтыг хийхдээ ямар хууль дүрэм барьж ажиллав гээд олон, олон яагаад гэх асуултын хариу удахгүй тодорхой болох бололтой.
Хэдийгээр долоодугаар сарын 28-ны өдөр нэгэн зэрэг 28-н аж ахуйн нэгжид газар олгосон ч гэлээ эдгээр нь бүгд ардаа гадны хөрөнгө оруулалттай байж болзошгүй гэх хар төрж буй юм.

Монгол аж ахуй, иргэдийн нэрээр гадныхан авсан уу

Яг үнэндээ 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувийн хөрөнгө оруулалттай Солонгосын “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн тухай баримт байдаг. Баримтад Халхгол сумын ИТХ-ын дарга асан Ц.Насанхүү, тэргүүлэгч асан Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар “Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, 10 жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээж газар эзэмшүүлэх эрхийг өдөрт нь гаргаж өгч байжээ. Гэвч энэхүү хууль бус шийдвэр нь 2011 онд илэрч ИТХ-ын даргаар Н.Буяндэлгэр томилогдож энэхүү хууль бус шийдвэрийг цуцалж байжээ.
Гэвч солонгосчууд 25966 га талбайг ашиглах эрхийг “Үйзэн тал” ХХК, “Цог Октаэдр” ХХК, “Ашдын нөхөр” ХХК гэсэн гурван компанид шилжүүлж байсан ч тэд хэдхэн хоногийн дараа эрхээ дахин өөр компаниудад шилжүүлсэн байна. Тодруулбал, “Үйзэн тал” ХХК 14232 га талбайгаа “Голденсояа” ХХК, “Нью-Ариг-Ус” компанид хуваан худалджээ. Харин “Цог Октаэдр” ХХК нь 6917 га талбайн эзэмших эрхээ “Хожуулын эх” ХХК-нд компанид дамлан худалдсан гэх баримт байдаг юм.
Тиймээс л Халхголд газрыг монгол аж ахуй, иргэдийн нэрээр гадныхан авсан гэсэн мэдээлэл нь үнэний талтай байж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн араас Халхголын 330 мянган га газрыг тухайн үеийн эрх мэдэлтнүүд ямар, ямар аж ахуйн нэгжид олгосон, эдгээр нь үнэхээр ардаа гадны хөрөнгө оруулалттай эсэхийг хуулийнхан шалгахаар боллоо. Угтаа бол тухайн үед салбар яамыг толгойлж байсан сайд асан Р.Бурмаа Халхгол төсөл нэрийн дор ямар хуйвалдаан зохион байгуулж газрыг хууль журмын дагуу өгсөн үү гэдэг асуултыг иргэд олон нийт эрх мэдэлтнүүдээс асууж, хяналт шалгалтын хариуг хүлээж байна.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …