“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг тойрсон асуудал одоо болтол олны анхаарлын төвд байж, монголчуудын зүгээс “шийдвэрлэх ёстой эн тэргүүний асуудал”-ын жагсаалтад багтаад багагүй хугацаа өнгөрлөө. Монгол бахархлын өдрийн мэндчилгээтэй зэрэгцэн “Монгол HD” телевиз Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэлийг нийтэд ил болголоо. Мөн “Ikon.mn” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэлийг уншигчдад хүргэсэн. Энэ бүхнээс харвал Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг Монголын Худалдаа хөгжлийн банк, “Ти Ди Би Капитал” компанид нууц хуйвалдаанаар өгөхийн тулд ердөө л 30 гаруйхан минут хуралдсан байх юм. Хурлын тэмдэглэлээс харах юм бол Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны Засгийн газрын хуралдаанд өгсөн мэдээлэлд нэг анхаарал татах зүйл байна.
“…Гэхдээ та бүгд мэдэж байгаа бол “РОСТЕХ” компани өөрөө олон улсын санкцид орчихсон компани. Манай Монгол Улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан түдгэлзэж, Пүрэвтүвшин гэж иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр байгаа. Хэрвээ Худалдаа Хөгжлийн Банк, Ти Ди Би групп болон тэрнээс, Ти Ди Би группээс бусдад худалдах юм бол дахиад нэмэлт 100 сая долларын торгууль төлөх заалттай. Энэ заалт нь18 сарын хугацаанд хүчинтэй гэж байгаа…” хэмээн тэрбээр тайлбар хийсэн байдаг. Эндээс харвал нэгэн хардлага төрж байх шиг. ОХУ нь Крымийн хойгийн асуудлаас болоод АНУ болон Европын холбооны хоригт ороод байгаа. Тэр бүү хэл Оросын нэлээн хэдэн компани, хэдэн арван улс төрийн зүтгэлтэн, бизнесмэн, хүмүүст олон улсын хориг тавьчихаад байгааг бид мэднэ. Түүн дотор “Ростех” компани ч бий. “Ростех” бол цэрэг аж үйлдвэрлэл, технологийн чиглэлийн компани. Тиймээс О.Орхон тэргүүтнүүд үүнийг ашиглаж хуйвалдааны замаар үйлдвэрийн Оросын талын 49 хувийг өөрсөддөө эзэмших эрх авахын тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг нууц шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Худалдаа хөгжлийн банк, “Ти Ди Би капитал” компани, О.Орхон нар АНУ, Европын холбооноос зугатах, нуугдахын тулд 27 настай н.Пүрэвтүвшингийн нэр дээр Оросын талын 49 хувийг худалдаж авчээ гэж харагдахаар байна. О.Орхон захирал үүнийгээ нотлохын тулд “РОСТЕХ”-ийн санал болгож байгаа “Эрдэнэт” болон “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцаануудыг Монголын Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрнө гэсэн шийдвэр гарсан.
Хоёр дахь асуудалд бол би түрүүчийн хурал дээр танилцуулж байсан. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа Хөгжлийн Банк, “Ти Ди Би Капитал” компани байгаа” хэмээн тайлбар хийсэн байдаг. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийн зарагдсан асуудал олон улсын анхаарлын төвшинд орвол Монгол Улсын нэр хүнд гуравдагч хөршүүдийн хувьд навс унах байтугай асуудал үүсч болох тал бий. Засгийн газрын хаалттай хуралдааны нууц тэмдэглэлээс харвал энэхүү “Худалдан авах ажиллагаа”-нд бүр илүү анхаарал татсан, эргэлзээ төрүүлсэн асуудал ганц үүгээр ч тогтохгүй бий. Энэ талаар дараагийн удаа өгүүлэх болно.
Эх сурвалж: Erdenetnews.mn