Хямарч дуусдаггүй Монгол орон

1990 он. “Алдарт” картын барааны үе. Улс орны ч, ард түмний ч хэтэвч хоосон. Дарга нарын амнаас болохоор “Зүгээрээ, улс орон нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байна.
Шилжиж дуусаад байдал сайхан болно. Бид зөв зам руу орсон. Эрх чөлөөтэй, элбэг баян амьдрал урд чинь байна” гэх мэтийн сайхан үг унана.
1992 он.
Монголын байдал хүнд хэвээрээ. ЗХУ гэдэг тэжээгчээсээ салж,  хувь заяагаа хар толгойгоороо хариуцаж  явах хүндхэн үүрэг  нийт монголчуудын өмнө тулгарсан, дээр нь улс төр,  эдийн засаг, нийгэм гээд тогтолцооны шилжилт, шинэчлэл ид яригдаж байсан үе л дээ.
Нэг ёсондоо монголчууд учраа олж ядаж байсан юм. Харин тухайн үед болсон УИХ-ын  анхны сонгуулиар МАХН (МАН) 72 суудал авлаа. Социализмын талаарх сайхан төсөөлөл, мөрөөдлийг тархиндаа “сэвлүүлсэн” монголчууд эрс өөрчлөлт, түүний үр дагаврыг цочроор хүлээн авч, улмаар хуучин улстөрийн хүчинд найдсан биз. Гэхдээ яг жилийн дараа ардчилсан хүчнээс нэр дэвшигч П. Очирбат Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь ардчилагчдын сэтгэлд итгэл найдварын галыг асаав.
Сонгогчдын хувьд ч нэг талаасаа шинэ хүчний яриад байгаа эрх чөлөөний үнэрийг авч эхэлсэндээ тийм сонголт хийсэн байж болох. Харин нөгөө гайхал шилжилт нь тийм амархан дуусахааргүй хүчтэй “дайсан” болох нь дөрвөн жилийн дараа харагдах нь тэр. Өөрөөр хэлбэл, ганзагын наймаачид гэх цоо шинэ “давхарга” богинохон хугацаанд бий болж, хойд, урдаас “гахай” бөөндсөний хүчинд хоосон лангуу үндсэндээ мартагдсан ч олон зүйл бараг л бахь байдгаараа байлаа. Төр мөнгөгүй, ард түмэн ядруу…
Ийм хүнд үед буюу 1996 онд ард түмэн МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэлд  итгэл хүлээлгэсний цаана ерөөсөө л шилжилтийг цэглээд өгөөч  гэсэн  даалгавар байсан юм.
Шинэ залуу ардчилсан хүчин алгуурлаад, хаширлаад  суусангүй суурь үнийг чөлөөлөх, өмч хувьчлалыг эрчимжүүлэх, эдийн засгийг либералжуулах алхамыг өөрсдийн зорилго, боловсрол, мэдрэмж, төсөөлөл, итгэл үнэмшилдээ тулгуурлан хийж эхэлсэн. Үр дүнд нь нийгмийн асуудал орхигдож, олны бухимдал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэдний засаглалын дөрвөн жилийн хугацаанд улстөр хямралтай, эдийн засаг савалгаатай, ард түмэн өлссөн хэвээр байв. Макро эдийн засагт нааштай хандлага гарсан гэгддэг ч шилжилтийг эцэслэж, хямралыг давж чадаагүй гэсэн үг.
2000 онд сонгогчид дахиад л эрх баригчдыг сольж МАН-д 72 суудал өгсөн нь “Хямралыг дуусгаад өгөөч ээ, бидний амьдралыг сайжруулаад өгөөч ээ” гэсэн гуйлт байлаа. Гэвч дөрвөн жилийн дараа болсон сонгуулиар АН, МАШСН-ын “Эх орон-Ардчилал” эвсэл УИХ-д 36  суудал авав. Энэ нь парламентад 72 суудалтай МАН-ын хэт олонхийн засаглалын жилүүдэд Монгол Улс диваажин болж чадсангүй гэдэг дүгнэлт, бас хямрал байсаар байна гэдэг сануулга болсон.
    Түүнээс хойш болсон гурван удаагийн сонгуулиар ард түмэн МАН ч тэр, АН-д ч тэр дараалан итгэл хүлээлгээгүй нь Монгол Улс байн байн хямарч, ард түмэн ядуу тарчиг хэвээрээ л байсан учраас тэр. 2006 онд дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ, тэр тусмаа зэсийн үнэ тэнгэрт хадсаны хүчинд манай улсын  төсөв анх удаагаа алдагдалгүй гарч, улсын төсвийн нийт тэнцэл 124.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч, эрх мэдэлтнүүд мөнгөөр гачигдахын зовлонг түр боловч мартсаныг  эс тооцвол 1990 оноос хойш улс орон үе үе хямарч, монголчууд байнга л дутагдаж гачигдаж ирж дээ.
Өнөөдөр Монгол Улс өр зээлэндээ дарагдаж, дампуурлаа зарлахдаа тулаад байна гэж улстөрчид нуулгүй, бас улайхгүй зарлаж сууна. Эдийн засагчид хямрал гүнзгийрлээ хэмээн халаглаж байна. Монгол сайхан орон маань 26 жилийн турш хямарч,  ард түмэн 26 дахь жилдээ ядарч, туйлдаж байна.
 Дажсүрэнгийн Лхагвадорж 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …