Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцари Улсын Элчин сайд Шан Шак де Дарделийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын болон нийслэл хотуудын харилцан хамтын ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч ярилцлаа.
Элчин сайд Шан Шак де Дардел “Тантай анх удаагаа уулзан, танилцаж байгаадаа баяртай байна. Хэдийгээр би Бээжин хотод суудаг ч Улаанбаатар хотыг өдрөөс өдөрт хөгжин дэвшиж олон талаараа өргөжин тэлж байгаа, хөгжлийн төлөө олон сайхан шийдлүүдийг эрэлхийлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл авч байдаг. Манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, шинэ шатанд хүрэхэд энэ уулзалт илүү нөлөөлөх байх гэж бодож байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хотын даргаар ажиллаж байгаагийн хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй, амгалан тайван амьдруулах тал дээр анхааран ажиллаж байна. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа болон бусад зүйлс дээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.