Төр түмэн нүдтэй гэдэг. Тиймээ ч улс нийгэмдээ өөрийн хүч хөдөлмөрөө зориулсан иргэдийгээ төр, ард түмэн үнэлэн шагнаж урамшуулдаг. Шагнал бол олон дотроосоо ялгаран амьдарсан сайн мөртэй явсны баталгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд энэхүү баталгаа үгүй болж шагнал үнэгүйдэж байх жишээтэй. Нэг даргын өрөөг дөрвөн жил маналаа /нарийн бичиг/ гээд тэргүүний залуу алтан медаль авч байх бол энүүхэнд. Тэргүүний залуу гэдэг нэрнээсээ л утга нь өөр. Мөн аль нам засаг барьж байгаагаас үүдэн хэн хэнийг шагнах нь тодорхой. Насаараа нэг намын зүтгэлтэй байсан бол эсрэг намыг засаг барьж байх үед “гонжийн жоо”.
Нэг үгээр таны хийсэн бүтээснийг үнэлэхдээ намын нөлөөлөл, үзэл бодол, намын гишүүнчлэл зэрэг хамгийн их хамаатай. Таны хийсэн бүтээснийг дөрөв дөрвөн жилээр хойшлуулаад байна гэсэн үг. Энэ мэт цаг хугацааны асуудлаас болоод авах ёстойгоо авч чадахгүй, хүртэх ёстойгоо хүртэхгүй, дуудуулах ёстойгоо сонсож чадахгүй хэдэн хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа бол. Яагаад гэвэл авах ёстойгоос нь түрүүлээд танилтай талтай хүн авчихдаг, мөнгөтэй төгрөгтэй бол болчихдог тогтолцоо байгаад байгаа болохоор тэр.
Зарим хүнийг шагнал авсанд нь ихээхэн бухимдаж байхад зарим нь аргагүй ш дээ харин ч оройтуулж өгсөн гэх мэтээр ам дамжин яригддаг.
Төр үнэлчихмээр салбар салбарын тэргүүний манлай нар олон бий. Гэтэл зарим хүн насаараа хөдөлмөрлөөд ч хүртээгүй шагналыг нь ажлын байран дээр гараад 10 жил ажиллаж чадаагүй байж авч болж байгаа нь харамсалтай. Зарим дуучин тайзан дээрээ соёлын тэргүүн авчихаад дараа жил нь гавъяатад нэр нь явж байх жишээтэй. Энэ бол “эмгэнэл”. Нүдээ олсон шагнал нэр хүндтэй л байх гэтэл байгаа олоогүй сум гэдэг шиг зарим нь ард түмний эгдүүг хүргээд өнгөрөх юм.
Нам засаг солигдохоор л гэнэтхэн шагналууд бөөнддөг нь үүнийг гэрчлээд байх шиг. Бараг танихгүй шахуу хүн гавъяат болчихож байх жишээтэй. Бардам дуудуулж чадахгүй арын хаалгаар авсан “гуншин” хэнд хэрэгтэй байдаг юм бол? Амьд байгаад дуудуулахдаа ичих нэгэн байхад үхсэн ч үеийн үед дуурсагдах үнэн алдартнууд байх юмаа. Энэ улсын хамгийн үнэнч шагнал л Алдарт эхийн одонгууд байх даа.
Б.Саран