1990-ээд он, Монголчууд бидний ихэнх хэсэг нь ардчилалын сэвшээ салхинд хаачихаа мэдэхгүй гуйвж байхдаа амьдрах аргаа олон янзаар олохыг оролдсон. Мэдээж хүн л юм хойно ямар цаг үеэс үл хамааран өмх талхаа олж гэдсээ тэжээх нь хорвоогийн жам.
Энэ үеэс л бусдын итгэлд дөрөөлсөн олон “молиго” гарах болсон. Хагархай “га” /төвд цагаан толгойн эхний үсэг/ мэдэхгүй, төвд бичиг сураагүй олон хүн шар дээл өмсөн, орхимж ороолт намируулан, уншилга гүрэм айлдаж олны сэтгэлийг татаж эхэлсэн. Хэн нэгний төвд үсгээс крилл үсэгт алдаа оноотой буулгасан тарни, уншилгыг уншин цээжилж, олныг мунхаруулах үйлсдээ оройлон орцгоосон.
Тэр цагт нийгэм бүхэлдээ элдэв хийрхэлд автан, “Ромбу гаригийнхантай ярилцагч”, “Алтан цөгцний хэрэгтэн”, ”Өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа” гэх зэрэг дэлхийд байхгүй “шидтэнгүүд” манай улсад олноороо төрөн гарсан. Тэр бүү хэл, эдгээр “шидтэнгүүд”-ийн үйл хэргийг Шинжлэх ухааны академи тайлбарлаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч “бууж өгөн”, Монгол улсын ерөнхийлөгч тэднээс дэргэдээ авч “улсын үзмэрч”-тэй болж байсан “хошин сужетийг” та бүхэн санаж байгаа байх.
Тэр цагаас хойш 20 орчим жил өнгөрлөө, интернэт хэмээх дэлхийн мэдээллийн сүлжээ хүмүүсийн хэрэглээ боллоо, хүмүүсийн оюун санаа асар их мэдээллээр цэнэглэгдэх боллоо. Энэ хирээр бид элдэв хийрхэл, цуурхалд автахаасаа илүү үнэн бодит мэдээлэлд итгэх хандлага давамгайлах ёстойсон.
Харамсалтай нь бидний дунд зүсээ хувиргасан “хийрхэгчдийн хойд дүр” байсаар л байна. Тэдний зарим нь бүр ичих нь үгүй ТВ хэмээх мэдээллийн том хэрэгслээр ямарч судалгаагүй, хаанаас олж мэдсэн нь тодорхойгүй, өөрсдөө л үнэн гэж итгэсэн зүйлээ бусдад тулгах, хүлээн зөвшөөрүүлэхээр оролдох боллоо. 24-25 настай боловуу гэмээр хүн өөрийгөө “лектор” гэж ярих юм, хэдий завандаа, ямар сургууль төгсөөд, ямар тэмцээн уралдаанд амжилт гаргаад “лектор” гэж өөрийгөө нэрлүүлэх түвшинд хүрсэн юм бол…,
Тэдний зарим нь олон хэл мэднэ гэчихээд, нэг ч хэлээр бусадтай ярьж, ойлголцож чаддаггүй, тэдний зарим нь зурхай мэднэ гэчихээд “зурхай” гэдэг үгнийхээ үндсийг ч ойлгодоггүй, тэдний зарим нь үндэсний хэл соёлоо хамгаална гэчихээд, өөрсдөө худам монгол бичгээ ч мэддэггүй, тэдний зарим нь түүхийн талаар асар их мэдлэгтэй юм шиг хирнээ, түүнийгээ хаанаас олж, уншиж мэдсэнээ ч санадаггүй, тэдний зарим хүмүүсийн хувь заяаг хэлнэ гэчихээд худал, хоосон зүйлд итгүүлдэг. Ийм хандлага 21-р зууны Монголчууд бидний дунд байсаар л байна.
Миний мэдэхийн, дэлхийн гурван том шашныг үндэслэгч Будда, Есүс, Мухамед нар ямар нэгэн мэргэ төлөг, амьдралын бошгийн үзлийн талаар ярьсан зүйл байдаггүйсэн. Тэд хүний амьдралд учирч болох саад бэрхшээлийг хэрхэн сэтгэл санаагаар дамжуулан даван туулах тухай л сургасан гэж би ойлгодог. Хүний амьдралыг хүн өөрөө л мэдэхээс өөр хэн нэгэн мэдэх боломжгүй гэдгийг “гэгээрсэн сартваахи”-уудын сургаалд олонтоо гардагсан.
Гэтэл өдгөө цагт хүний сэтгэл санаагаар “тоглогчдын” дүр байдал олон бөгөөд илүү зохион байгуулалттай болжээ.
Саяхан, сар гаруйн өмнө манай улсад “Хүн гүрнээс гаралтай энхийн их наадам” гэсэн сүржин нэртэй, даржин үйл ажиллагаа болж өнгөрлөө. Уг нь Хүннү гүрнээс гаралтай үндэстнүүдийн их баяр болох юм байна гэж ойлгож байтал, Солонгост төвтэй, иймэрхүү “далд” нэрээр дэлхий нийтээр үйл ажиллагаагаа явуулдаг Мүүний шашны үйл ажиллагаа болох нь тодорхой болоотхов. Хамгийн харамсалтай нь энэ шашны шинжтэй ёслолын эл үйл ажиллагаа нь МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор, МУ-ын Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 150 сая төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулагдсан гэдгийг уншаад төр засгийнхны өмнөөс үнэхээр их ичив. Хайран ч мөнгө, тэрний оронд эл мөнгийг өөр зүйлд зарцуулсан бол хэрэгтэйсэн. Монголын төр засаг, Ерөнхийлөгчтэйгээ хамтаар шинэ цагийн хийрхэгчдийн өгөөш болсон гэдгээ бид ухаарах цаг болоогүй юу?
Нөгөө хагархай “га” мэддэггүй “лам” өөрөө буруу уншиж байгаагаа мэдэхгүйгээр үл барам, өөрийгөө лам болчихсон гэдэгт бат итгэдэг, яагаад гэвэл түүнд сүжиглэгчид түүнийг зөв уншиж байгаа гэж боддогт хамаг учир байгаа юм. Хэн нэгэн буруу уншиж байгааг мэдээд хэлчихвэл, лам болоод бусдадаа загнуулна хэмээн бодон чимээгүй суусаар, улмаар буруу уншилга газар авсаар байх уу?
2011.09 сар