Энэхүү эмийг “Монос” групп нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн ашиг нэмэхгүйгээр хамгийн хямд үнээр хүргэхээр зорьж ажиллажээ.
Ингээд Энэтхэгийн томоохон эм үйлдвэрлэгчдийн нэг Strides Shasun компанийн ВИРПАС эмийг 150 ам. долларaaр оруулж ирж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Монос групп “Бид элэгний С вирусээ эмчилж чаддаг боллоо” сургалт, семинарыг зохион байгуулжээ.
Монос группийн ерөнхийлөгч, Төрийн соёрхолт, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар семинарыг нээж хэлсэн үгэндээ:
Элэгний хорт хавдар өвчлөлийн тоогоор дэлхийд дээгүүр байрт ордог, элэгний өвчинтэй холбоотой нас баралтын 95 гаруй хувь нь гепатит В, С, D вирусийн архаг халдвараас үүдэлтэй байдаг нь манай улсын хувьд том асуудал.
Харин энэ өвчнийг эмчлэх зориулалттай Strides Shasun компанийн Вирпас эмийг Оном сангийн хамт олны ачаар хямд үнэтэй оруулж ирэх боломжтой болсонд талархлаа илэрхийлье.
Дэлхийн зургаан улсад 15 үйлдвэртэй Strides Shasun компанийн энэ эмийг оруулж ирж байгаад би тун баяртай байна. Өмнө нь 800 гаруй мянган төгрөгийн үнэтэй борлуулж байсан ВИРПАС эмийг одоо бид 150 ам. доллароор борлуулж байна. Өөрөөр хэлбэл бид эмийн үнийг 2,5 дахин бууруулж чадлаа.
Судалгаагаар өнөөдөр Монголд арван хүн тутмын нэг нь гепатит С-ийн халдвартай байна. Тиймээс эм оруулж ирж буй компаниуд хамтран ажиллаж байж энэ өвчнөөс салж чадна.
ВИРПАС эмийг Улаанбаатар хот болон орон нутгийн Моносын бүх эмийн сангуудаар, эмчийн зааврын дагуу борлуулж эхэлжээ. Түүнчлэн ЭМД-ийн сангаас Элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлөх шийдвэр удахгүй гарна гэдгийг Оном сангийн ТУЗ-ын дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар хэллээ.
Тэрээр:
Өнөөдөр Монгол улсад элэгний өвчлөлийн эсрэг таван төрлийн эм зарагдаж байна. Үнийн хувьд зөрүүтэй байснаас биш бүгд адилхан софосбувир ледипасвир гэж үйлдвэрийн нэршилтэй эмнүүд. Бүгд үйлдвэрийн нэршлээр нь технологи шилжүүлж авсан болохоор чанарын хувьд ялгаа байхгүй.
Элэг бүтэн Монгол хөтөлбөр элэгний хорт хавдрыг бууруулах, элэгний С вирусийн голомтыг устгаж, халдварыг таслан зогсоох зорилготой. Энэ хөтөлбөрийг УИХ-аас баталж, эрүүл мэндийн санд 23,4 тэрбум төгрөгийг элэгний С вирусийн оношилгоо, эмчилгээнд зориулна гээд тусгачихсан.
Одоо Ерөнхий сайдын ажлын хэсэг байгуулагдаж, захирамжаар эмийн үнийг хэдэн төгрөгөөр хөнгөлөх эсэхийг шийднэ. Бидний хувьд 120 ам. доллароор хөнгөлье гэдэг саналыг оруулсан. Бид ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа.
Тэгэхээр саналыг зөвшөөрч 120 ам. доллароор хөнгөлбөл өвчтөн 30 ам. доллароор нэг курс эмийг авч хэрэглэх боломжтой болно гэсэн үг юм. Одоо Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл албан ёсоор хуралдаж байж, шийдвэр гарсны дараа эм болон оношилгооны үнэ хөнгөлөгдөх аж.
Д.Наранбаатар “Ойрын хугацаанд энэ асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Элэгний вирус гэдэг гаднаас нь хараад мэддэг өвчин биш учраас ард иргэд халдвартай эсэхээ тодорхой болгохын тулд шинжилгээ өгөх хэрэгтэй.
Хэрвээ халдваргүй бол урьдчилан сэргийлэх, халдвартай бол эмчилгээг эрт эхлэх шаардлагатай юм” гэлээ.
Гепатит С вирусийн хүний биед үзүүлэх хорт чанар нь бусад вирустэй харьцуулахад харьцангуй өндөр. Элэгний цогц өвчин үүсгэдэг энэ аюултай вирус дэлхий дахинд тулгамдсан асуудал болжээ. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хүн амын 3 хувь нь архаг С вирусийн халдвартай байгаа аж.
Түүнчлэн жил бүр 3-4 сая хүн шинээр С вирусийн халдвар авдаг гэх тоо баримт бий. Тиймээс энэ аймшигт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эцэстээ гепатит С вирусийн халдваргүй орон болохын тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, компани, аж ахуй нэгжүүд хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг семинарт оролцогчид хэлж байв.
emch.mn