Их сургуулийн төлбөр бол талхны мөнгө биш. Талхны мөнгө нэмэгдэх нь иргэн бүрт хүнд ачаа болоод зогсохгүй улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин сургалтын төлбөр бол өөр хэрэг. Хэдий чинээ өндөр төлбөр төлнө, төдий чинээ чанартай боловсрол эзэмшинэ. Үүнийг ойлгоход их хялбархан. Та мөнгөтэй бол чанартай, дээд зэрэглэлийн зоогийн газар үдийн зоог барьж чадах, мөнгө муутай бол нийтийн гуанзанд ширхэгийн хоолоор өл зогоох. Мөнгөтөй бол брэндийн хувцас өмсөх, мөнгөгүй бол хятад хувцас өмсөх гэх жишээтэй бараг л адилхан. Гэхдээ энд нэг том ялгаа бий. Магадгүй оюутан таны 4 жил суралцахдаа төлөх сургалтын төлбөрийн хир хэмжээнээс хамаарч ирээдүйн мэргэжлийн чинь чиг баримжаа, мэдлэг чадвар, дадал ур зүй тодорхойлогдоно. Барагтайхан сургуульд, хямдхан төлбөр төлөөд, бакалавр голдуу багш нараар, онол голдуу хичээл заалгаж сургуулиа төгссөн төгсөгч мэргэжлийн ажилд гараад бараг л 2-4 жил тухайн мэргэжлээ дахин суралцах жишээтэй. Гэхдээ тэднийг дахин сургахыг ажил олгогчид хүсэхгүй.
Ажил олгогч нарт мэргэжлээ, ажлаа мэддэг боловсон хүчин хэрэгтэй болохоос дахин суралцагч, онол яригч, диплом баригч, улсын их сургууль төгсөгч цамаан зантангууд хэрэггүй. Ийм л болохоор жилд хэдэн зуун хуульч, эдийн засагч сургуулиа төгсөн гардагч хуульч, санхүүч авна гэсэн ажлын зар байсаар байгаа юм. 4 жил мэргэжил эзэмшсэн оюутан ажил олгогчийн шаардлагад нийцэхгүй байгаагийн тод илрэл энэ.
Тэгвэл “оюутан” гэж хэн вэ, ахлах ангийн сурагчийн ширээнээс хөндийрч, ирээдүйд амьдралаа авч явах мэргэжил сонгон суралцаж байгаа залуус. Тэд шинэ мэдлэг, чадвар, дадлыг эзэмшихээр суралцагч оюуны эрэлчид болохоос, элдэв мэдлэг лекцээр тархи толгойгоо хогийн сав мэт дүүргэгсэд биш. Оюутны 4 жилийн амьдрал тухайн хүний ирээдүйн 40 жилийн амьдарлын замыг нээж өгдөг гэж хэлдэг нь үүнтэй холбоотой биз.
“Оюутан” хэмээх оюуны эрэлчидэд салбар салбарын шилдэг багш нар, онол практикийн мэдлэгийг шат дараатай эзэмшүүлэх ёстой. Тэд суралцаж байгаа мэргэжлийнхээ хүрээнд хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ажиллаж, тухайн мэргэжлийн шилдэг профессоруудаас нэг бус удаа лекц сонсох ёстой. Харин манай оюутнуудын хэдэд нь ийм боломж олддог вэ?
Хувийн сургуулиудын тухайд бүр ярилтгүй. Тухайн сургуулийн төгсөгч бакалавр, магистр голдуу, багш нар бага цалиндаа уягдан өдөр хоногийг өнгөрөөж, сургасан, сурсан нэртэйгээр 4 жилийг элээх нь хувийн сургуулиудын хувьд бараг л хэвшил болсон зүйл.
Улсын их сургуулиудын хувьд байдал арай өөр ч бас л хэцүү хэвээр. Жишээ нь: Дэлхий дахинд алдаршсан мэс заслын монгол их эмч, эх орондоо ирээд өөрийн сурч мэдсэнээ мэргэжлийнхээ дагуу ЭМШУИС-ийн оюутнуудад зааж сургахаар боллоо гэж төсөөлье. Хэрэв энэ эмч дэлхийн аль нэг их сургуульд багшлахаар болвол түүнд тухайн сургууль дор хаяж сардаа 20-30 мянган ам.долларын цалин өгнө. Энэ тохиолдолд манай ЭМШУИС, тухайн багшид сард 10.0 мянган ам.долларын цалин өгч чадах билүү. За дээр нь сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авч чадах уу гээд ярьвал бөөн асуудал үүснэ.
Магадгүй энэ шалтгаанаар манай улсын их сургууль төгсөгчдийг дэлхий нийт төдийлөн ойшоодоггүй, зарим нь бүр хүлээн зөвшөөрдөггүй биз.
Энэ бүх асуудлын шалтгаан юунд байна вэ? Мэдээжийн олон хүчин зүйлтэй холбоотой ч хамгийн чухал нь сургалтын төлбөр. Хүн бүр их дээд сургуульд суралцах албагүй ч харин мэргэшил, мэдлэг эзэмших албатай. Энэ бол сонголтын, бас мэдлэгийн асуудал. Өндөр оноо авсан нь хүссэн сургуульдаа суралцаж болно, гэхдээ төлбөрөө төлөөд. Төрийн зохицуулалт бол өндөр оноо авсан ч төлбөрөө төлөх боломжгүй хэсэгт анхаарлаа хандуулах явдал. Бусдад нь сонголт арвин бий. Магадгүй сайн дархан, мужаан, зураач, цахилгаанчин болох хүүхдийг эцэг эхчүүд нь хүчээр шахуу их дээд сургуульд оруулснаас болж, 4 жилийг идэвхи, сонирхолгүй өнгөрөөж, эцэст нь олны нэрлэж заншснаар “дипломын гол”-ууд төгсөж гарахад хүрч байна.
Өнөөдөр зарим хувийн цэцэрлэг, дунд ахлах сургуулийн жилийн сургалтын төлбөр 2-6 сая төгрөгт хэлбэлзэж байна. Гэтэл их сургуулийн төлбөр 2 сая хүрэхтэй, үгүйтэй. Манай улсын сургалтын төлбөрийн энэ байдлыг гадныхан сонсоод бүр гайхдаг гэнэ. Монголын топ их сургуулийн бүтэн жилийн сургалтын төлбөр сая шинээр гарсан IPAD-ны үнээс бараг доогуур байх жишээтэй. дээр сурагчид эцэг эхээсээ автобусны мөнгө авч хичээлдээ явж байхад нас биенд хүрсэн оюутнууд автобусны мөнгөө төрөөр даалгаж, үнэгүй зорчино. Бас болоогүй дээр нь сар бүр сайн муу сурахаасаа үл хамаараад 96.0 мянган төгрөг авна.
Аливаа төр иргэнээ халамжлаад байх тусам иргэн төрөөс хамааралтай болж, тэр хэмжээгээр иргэд эрх чөлөөгөө боомилуулж, төрийн албан тушаалтнуудыг “шүтэх” хандлагийг бий болгодог. Дэлхийн түүхэнд байсан бүхий л дарангуйлагчид энэ л замаар бий болсон байдгыг санахад илүүдэхгүй биз.
Оюутнууд намар намарт сургалтын төлбөр цөөн хувиар нэмэгдсэнд бухимдан, эсэргүүцэн жагсаал хийх. Монголын Оюутны холбоо гэх хэдэн тархигүй “бацаанууд” өөрсдийг нь баяжуулж, зугаалуулж, цалинжуулж байгаа мянга мянган оюутанд тал засаж ядахдаа “сургалтын төлбөрөө нэмэхгүй байхыг их дээд сургуульд сануулсан, албан тоот, шаардлга хүргүүлсэн” ч гэх шиг. МОХ-ныхон монголын ирээдүйг бодож байгаа бол, бас оюутны эрх ашгийг үнэхээр хамгаалж байгаа бол, төлбөр нэмэгдэх ёстой гэдэг байр суурьтай байж, харин нэмэгдсэн төлбөрийн хирээр тухайн сургуулийн сургалтын чанар, оюутанд хүрэх хүртээмж дээшлэх ёстой гэж дуугарах учиртайсан. МОХ гэж үнэн хэрэгтэй ТББ нэртэй ч оюутны VISA карт, автобусны наалт энэ тэрээр “баяжин”, жижиг компаниас илүү их хөрөнгө эргэлдүүлдэг байгууллага болсон байх юм. Түүний удирдлага гэх
“хэдэн нөхдүүд” Монголын оюутны нэрийг барин улс төр, элдэв эрх ашигт орооцолдон явах нь харамсалтай. АТГ, Мэргэжлийн хяналт, ШӨХЭХГ-ын зүгээс тэднийг шалгаад үзэхэд буруудахгүй л болов уу. МОХ-ны бусармаг үйл ажиллагааны тухай бид баримт түшин дараа жичид нь өгүүлэх болно.
Харамсалтай нь манай оюутнууд сургалтын төлбөр нь 10 хувиар нэмэгдсэнд бухимдах атлаа сургалтын төлбөрийнхөө талтай тэнцэх андройд гар утас худалдан авах, чамин тансаг хэрэглээ, элдэв нийллэг, шоундаа дээрх 10 хувиас илүү зардал гаргахдаа огт харамсахгүй байгааг харахаар “дүүрчихсэн тэнэгийн толгой хоосон” гэдэг үгийг санагдуулна.
Багш бол их сургуулийн нэг ч цөм нь. Гэтэл үнэндээ багш нар ядуу байна. Ядуу багшаас сайн сургалт хүлээнэ гэдэг юу л бол. Ямар сайндаа л багш нар ном, гарын авлага бичин, түүнийгээ оюутнуудад худалдаж байх вэ дээ. Бас дээр нь сургуулиас багшийг дэмжих бодлого сул явуулна. Арга ч үгүй биз дээ. Оюутны төлбөрийн орлогоос багш нарынхаа цалинг тасалчихгүй байх нь сургуулийн удирдлагын толгойны өвчин болчихоод байхад, дээр нь юун багш нарыг дэмжих тухай асуудал вэ?
Энэ бүхнийг үе үеийн салбарын сайд нар гадарладаг ч улс төр хийхээс болгоомжлон үл дуугарна. Дуугарахаараа оюутан, тэдний аав ээж гэх сонгогч олонд таалагдахын тулд сургалтын төлбөрийг нэмэхгүй, хэмжээнд нь барина гэж “бурна”. Ийм боловсролын сайдтай Их сургуулийн бодлого ярих хэрэг юун.
Ийнхүү монголын дээд боловсролын бодлого улс төрөөс хараат, хатуу хяналтан доор явсаар, тэр хирээрээ улс орны ирээдүй болох боловсролыг боомлисоор, хөгжлийг саатуулсаар.
Баян юм шиг балагтай төрийн “хар гай”-гаар монголын хөгжлийн ирээдүй болсон боловсролын салбар уланд гишгэгдсээр. Төр засгийнхан оюутан залуусыг монголын ирээдүй гэж харахаасаа илүүтэй дараагийн сонгуулиар санал өгөх сонгогч гэж хараад байх шиг.
Эцэст дахин хэлье, оюутны сургалтын төлбөр өндөр байх ёстой, учир нь энэ нь талхны үнэ биш, харин таны ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Та ирээдүйдээ хэдийчинээ оюуны хөрөнгө их хуримтлуулна, төдийчинээ их баялаг бүтээнэ.
Ц.Мөнхбаатар
2013 оны 8 дугаар сар 22