ОХУ-ын Москва хотноо саяхан болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр Елена Исинбаева хэнд ч ялагдашгүй, өмнөхийн адил сайхан бүсгүй, сайн тамирчин хэвээр гэдгээ дахин сануулсан. Тэрбээр ялалтынхаа дараа баярласандаа тааралдсан хүн бүрийг үнсэж байв. Гэвч “Лужники” стадионд түүнийг ялалтаа тэмдэглэх үеэр ээж, аав нь байгаагүй юм. Учир нь түүний аав Гаджи Исинбаев хүндээр өвчилсөн тул Москвад ирж чадаагүй аж. Дашрамд дурдахад тулгууртай харайлтын дэлхийн гурван удаагийн аварга Елена Исинбаевагийн аав Волгоградын орон сууц ашиглалтын конторт сантехникч, слесарь хийдэг юм.
-Лена, аавын тань бие яаж байна?
-Ходоодны өвчнөөр олон жил шаналж байгаа юм. Ээж түүнтэй үлдсэн. Харин би түрүүлмэгцээ шууд л аав, ээж рүүгээ залгасан.
-Ялалтаа яаж тэмдэглэв?
-Дуулиан, шуугиан ихтэй тэмдэглэсэн. Намайг дэмжихээр Волгоградаас болон Дагестаны Чувек тосгоноос аавын талын хамаатнууд гээд 20-иод хүн Москвад ирсэн.
Дагестанчууд намайг бүсэлж аваад, бүтэн өдрийн турш тавьж явуулаагүй шүү. Шөнийн клуб, ресторанд орж, салж унатлаа бүжиглэж, дуулж, надад ерөөл тавьсан. Аавын хамаатнууд, найз нөхөд маань жинхэнэ баяр хийсэн дээ.
-Ер нь аваргын аав яагаад сантехникчээр ажилладаг юм бэ?
-Би түүнд энэ тухай нэг бус удаа хэлсэн. Яагаад. Мөнгө хангалттай байна шүү дээ гэж. Харин тэр зүгээр сууж чаддаггүй, тийм л хүн.
-Ингэхэд та спортоосоо бүрмөсөн явж байна уу. Эсвэл үлдэх үү?
-Анхандаа би ДАШТ-ийг сүүлчийн тэмцээнээ гэж бодож байсан. Харин одоо явмааргүй байна. Түр завсарлага аваад, бодож үзнэ дээ.
-Таны дасгалжуулагч Евгений Трифимов “Исинбаева шийдвэрээ хурдан өөрчилж магадгүй” гэж байсан. Яагаад гэвэл та ихрийн ордод төрсөн шүү дээ?
-Ер нь бол тийм. Гэхдээ хүүхэд төрүүлэх шийдвэрээ өөрчлөхгүй. Үүнийг яаж хойшлуулах билээ. Хэрвээ хойшлуулчихвал ээж болохгүй ч байж болно шүү дээ. Би ингэхийг хүсэхгүй байна. Живх, баривч надад баяр баясгалан авч ирэх болно. Би Москвагийн ДАШТ-д түрүүлээгүй байсан ч спортоосоо явах байсан. Мэдээж тэгвэл хүнд байх байсан. Харин одоо би эмэгтэй хүний аз жаргалтай, сэтгэл дүүрэн байдалтайгаар буцаж байна.
-Жирэмсний амралтаа хэзээ авах вэ?
-Юу гэж хэлмээр юм бэ дээ. Тун удахгүй. Аль хэдийнэ авчихсантай л адил байна… Би ирэх жил төрнө.
-Тэгээд яагаад сүйт залуугаа нуугаад байна вэ?
-Тэр юу ч ярихгүй байхыг гуйсан. Харин би баярласандаа зөндөө их зүйл ярьчихлаа.
-Жирэмсэн байхдаа дасгал сургуулилт хийж болох юм уу?
-Тэгэх шаардлагатай. Төрснийхөө дараа ч хурдан дасгал сургуулилтдаа орох хэрэгтэй. Тэгэхгүй бол яг л усны үхэр шиг бандгар болно шүү дээ. Би яг л уран гимнастикч Катя Гордеева шиг жижигхэн охин хэвээр үлдмээр байна. Тэр төрснийхөө дараа ч гоолиг хэвээр байсан.
Гэр бүлийн амьдрал гэдэг маш их хөдөлмөр шаардагддаг зүйл гэж би боддог. Би одоо 31 настай. Хүнтэй суугаагүй. Тиймээс эхнэр болоход бас суралцах шаардлагатай байна. Харин жирэмсэн байх нь миний хувьд цоо шинэ мэдрэмж болж байна.
Өмнө нь би өдөр болгон буйдан дээр хэвтээд, бялуу, тоор идэх юмсан гэж боддог байсан. Харин одоо “Ёо. Сарын дараа би ийм амьдралаасаа уйдах юм биш биз” гэж бодох болсон. Би чинь уйдвал саваа бариад хана руу авирч мэдэх л хүн.
-Их спортоосоо ийм сайхан буцаж байгаа болохоор эргэж ирэхдээ утга учиртай санагдах байх?
-“Лужники” стадионд мэдэрсэн сэтгэл хөдлөлөөсөө салмааргүй байна. Гэхдээ төрснийхөө дараа надад дахиж медаль хэрэггүй гэж үзвэл карьераа дуусгаж байгаагаа зарлах болно.
-Тэгвэл дасгалжуулагч тань юу хийх вэ?
-Тэтгэвэртээ гарна. Евгений Васильевичид өөр хэн ч хэрэггүй. Бид сүүлийн жилүүдэд нэг хүн шиг л уусч ажилласан. Мэдээж би Виталий Петров руу явж, түүнийг гомдоож байсан. Гэхдээ энэ бол хуучны асуудал. Евгений Васильевич ч намайг уучилж, дахин дасгалжуулж эхэлсэн.
-Лондоны олимпоос та хүрэл медаль хүртсэн. Энэ нь таны хувьд ялагдал байв уу?
-Мэдээж шүү дээ. Лондонд нэг л хүйтэн, даарч чичирмээр, тав тухгүй байсан. Нүүр рүү үлээх тэр салхи нь хүртэл зэвүү хүргэмээр. Олимпийн өмнө ээж маань өвдөж, хувийн амьдрал хүнд байсан. Үүнээс болоод би ноомой гөлгөр амьтан болж хувирсан. Тиймээс дэвжээн дээр гарахыг хүсээгүй. Хүчээр л намайг чирч аваачаад байгаа мэт байлаа. Дасгалжуулагч ч их зовсон доо. Би Лондонд ялалтад хүрэхэд бэлэн биш байсан гэж хэлж болно. Солонгост болсон ДАШТ-д ч ялгаагүй.
-Үнэнээр нь хэлээрэй. Та олон удаа ялалт байгууллаа. Оддын өвчин туссан уу?
-Бага зэрэг. Дасгалжуулагч намайг ичээхэд би түүнийг нь огт сонсдоггүй байлаа. Сонирхуулахад би залуу, хэнд ч танигдаагүй тамирчин байхдаа Америкийн гүйлтийн нэрт тамирчин Морис Гринээс гарын үсгийг нь гуйж билээ. Гэтэл тэр намайг өөрөөсөө улаан цайм холдуулж, би ч гомдсондоо уйлж байсан. Хэдэн жилийн дараа би олимпийн аварга болоход Гринтэй фото зураг авалтын үеэр тааралдлаа.
Энэ үед тэр над руу эелдгээр инээмсэглэхэд би нүүр буруулж билээ. Их зан гаргах гэж тэр шүү дээ.