С.Буяндэлгэр: Фракц гэдэг тар гээд тарчихдаг бүтэц биш

Манай нам босоо ч биш хэвтээ ч биш эрлийз тогтолцоотой

147875833458240fbe5f4ba

АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд товлогдоод байгаа. Хоёр ч удаа хойшилсон эл хурлаар намын үндсэн дүрмийн шинэчлэлийн асуудал болоод намын даргын тухай хөндөгдөх юм. Энэ талаар “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий зохицуулагч С.Буяндэлгэртэй ярилцлаа.
-АН-ын ҮЗХ-ны хурал хоёр ч удаа хойшилсон. Энэ удаа товлосон хугацаандаа хуралдах болов уу гэсэн хүлээлт гишүүдийнх нь дунд байна. Гол нь нам шинэчлэгдэж чадах эсэх асуудал. Таны хувьд хэр найдвар төрж байх юм? 
-Найдвар гэхээсээ илүүтэй итгэл байна. ҮЗХ-ны хурал хоёр удаа хойшилсон. Шалтгааны тухайд янз бүрийн л зүйл бий байх. Жишээ нь, орон нутгийн сонгуулийн өмнө намаа бужигнуулах, талцуулах зүйл хийгээд яах вэ гэдэг ч юм уу. Мэдээж бас бус зүйлүүд ч бий. Гэхдээ энэ удаагийн ҮЗХ-ны хурал дахин хойшлохгүй.
-Яагаад ийм итгэл үнэмшилтэй байна вэ?
-Учир нь олон хойшилсноос болоод хугацаа байхгүй болчихлоо. Намын Их хурлын товтой цагтай өдөр дөхөж байна. Энэ удаагийн Их хурлаар намын үндсэн дүрмийн шинэчлэлийн асуудал гол болж хөндөгдөх нь тодорхой. Аль аль талдаа ч иймэрхүү мэдэгдлүүдийг хийж байна. Шинэчлэлийн асуудлаар хүмүүсийн байр суурь хоёр үндсэн чиглэлд хуваагдаж байгаа нь ажиглагдаж байна.
Нэг хэсэг нь шинэчлэл гэдэг нь намын даргаа шинэ, эрч хүчтэй, үзэл баримтлалтай хүнээр тавигдсанаар шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүн биш тогтолцоо нь чухал гэж үзэж байна. Ямар ч сайн хүн байлаа гээд буруу тогтолцоо руу орвол тогтолцооныхоо нэг хэсэг болж эвдрэх нь мэдээж. Аль нэгийг нь туйлын зөв мэтээр савлаж адгах нь буруу л даа.
-Таны бодлоор аль нь нэн тэргүүний асуудал вэ?
-Аль нь ч бай энэ удаагийн намын Их хурлаар үндсэн дүрмийн шинэчлэлийн асуудал зайлшгүй яригдана. Үүнтэй холбоотойгоор ҮЗХ-ноос байгуулагдах ажлын хэсгийн асуудлаар Гүйцэтгэх зөвлөл идэвхтэй ажиллаж байгаа юм билээ. Ажлын хэсгүүд тодорхой болж, улмаар нийгэм, олон нийт, намын гишүүд дэмжигчид, эрдэмтэн судлаачид гээд шинэчлэлд гар бие оролцож байгаа хүмүүсийн санал санаачилгуудыг намын дүрмэнд тусгавал илүү аятайхан зүйл гарах болов уу гэсэн итгэл байна.
-Гэхдээ намын дүрмийг шинэчлэхээсээ илүүтэй байгаагаа мөрдөж ажиллах нь танай намынханд чухал юм шиг. Дүрмээ мөрддөггүй гажуудал АН-ынханд бий шүү дээ. Үүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг?
-Намын дүрмийг мөрдөх нь дотоод ардчилал, хяналтын тогтолцоотой холбоотой асуудал юм. Манай нам хэвтээ ч биш, босоо ч биш эрлийз тогтолцоотой. Тухайлбал, Архангай аймгийн Ардчилсан нам. Ховд аймгийн АН гэдэг ч юм уу. Тухайн аймгийнхаа намаар нэрлэгддэг. Уг нь нэг намын салбар хороод юм шүү дээ. Нэгдмэл улсын нам учраас төв намаасаа удирдагдаж, чиглэл авч, тайлангаа хүргүүлж ажилладаг байх ёстой.
-Гэтэл тийм юм байдаггүй байх аа. Тийм биз?
-Тиймээ. Таны хэлдэг зөв. Тэр аймгийн энэ дүүргийн нам гээд энд нэг, тэнд нэг атаман гарч ирээд суучихдаг. Аймгийн АН-ын гишүүдээ тэр атаман багцлаад барьчихсан байх жишээтэй. Тэр багцаараа далайлгаж асуудлыг шийддэг тогтолцоо бий болсон. Намын удирдлагууд юм уу, нэр дэвшигчид очихоор намайг ингэ тэг гэж шантаажилдаг дарга нар нэлээдгүй бий. Иймэрхүү байдлаас үүдэлтэйгээр нэгдмэл удирдлагагүй болох улмаар дүрмээ баримтлахгүй байсан ч хариуцлага хүлээдэггүй байдал өнгөрсөн хугацаанд гарч байсан.
-Магадгүй АН-д ротац хийгдэхээ больсонтой холбоотой юу?
-Ротацийг алга болгосон нэг гол шалтгаан нь тогтвортой байдлыг хангах гэсэн оролдлого юм л даа. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр олон л шалтгаан байгаа. Харин энэ удаагийн үндсэн дүрмээр намын дотоод бүтцүүдийн чиг үүргүүдийг, хариуцах ажлуудыг тодорхой болгож өгөх учиртай. Ингэхгүй бол давхардах, хийдэл үүсэх, алинд нь ч харьялагдахгүй байдгаас болоод дүрмээ баримталдаггүй, өөрийнхөө дураар, лидерийнхээ чадамж, улс төрийн фауэрээр дамжуулж асуудлыг шийдэх гэж оролддог байдал бий болсоор ирсэн.
-Тэгэхээр намын дүрмийн шинэчлэл бодитойгоор хийгдэж чадна гэж итгэж байгаа бололтой. Тийм үү. Гэвч ҮЗХ хайрцаглагдчихсан. Цус сэлбэлт явагдалгүй олон жил болсон шүү дээ. Иймээс эндээс шинэчлэл үнэртэхээ больсон гэдгийг хэн хүнгүй хэлэх байх?
-Аливаа юм хоёр талтай. 2010 оноос хойш ротац явагдаагүй, цус сэлбэлт хийгдээгүй үнэн. Одоогоор бол бүтцийнхээ хувьд шийдвэр гаргах чадамжтай эсэх нь хөндөгдөж байна. Энэ байдлыг нь аваад үзвэл ҮЗХ намын Их хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг батламжлах, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийн бүтцийн асуудлыг авч хэлэлцэн батламжлаад, намын шинэчлэлийн асуудлыг Их хуралруу нь шилжүүлэх нь зүйтэй. Ерөнхийд нь Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг цэгцлэх үүрэг хүлээгдэж байгаа. Намын Их хурлаар үндсэн дүрэмтэй холбоотой асуудлаа хэлэлцэж, ҮЗХ-ын хурлын гишүүдээ шинээр бүрдүүлэх нь зүйтэй. Шинэчлэл хийж чадах эсэх дээр бидний итгэл бүрэн дүүрэн байгаа.
-Үндэслэл нь..?
-Яагаад гэхээр шинэчлэл хийнэ гэж итгээд, үүний төлөө зорьж, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бид ганц намын шинэчлэлийн асуудлаар хязгаарлагдахгүй Монголын улс төрийн шинэчлэлийг хийх амбиц байна. Үүгээр ч зогсохгүй дараагийн алхам нь нийгмийн хөгжлийн шинэчлэлийг хийх нийгмийн захиалга, шаардлага байна. Бид хот, хөдөөгийнх гэж соёлын хувьд ялгарах болж. Тэр ч бүү хэл, хот дотроо хүртэл бүсчиллийн хувьд амьдралын хэвшлийн ялгаа үүссэн байна.
Хүн амын амьдралын чанарын ялгаа асар зөрүүтэй болчихсон байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс бүс нутгийнхаа хувьд ямар оролцоотой тоглогч байх, ямар амбиц, зорилготой байх нь хүртэл тодорхойгүй байна. Үүнийг тодорхойлж, зорьж ажиллах чадамж бидэнд байгаа. Бид энэ бүхнийг хийхээр, шинэчлэхээр нэгдсэн том амбицтай залуус.
-Намынхаа Гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдэж байсан. Ингэж байхаар нүүр тулж уулзаад учраа олчихож болоогүй юм уу?
-ҮЗХ болоод Их хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдгээс гадна асуудлыг ямар бүтцээр, хэрхэн яаж хэлэлцэх вэ гэдэг тун чухал. Жишээ нь, яг одоо та асууж, асуултад тань би хариулж байна. Хэрэв та асуухгүйгээр би бодсон бүх юмаа яриад байвал нэг хэрэг. Эсвэл би ярьж чадахгүй та асуугаад байвал өөр хэрэг. Үүнтэй адилхан асуудлыг ямар горимоор яаж хэлэлцэх вэ, ямар бүтэцтэй байх юм гэдэг маш чухал. Бид үүнийг тодорхой болгоё гэдэг шаардлагыг л хүргүүлсэн.
Ямар ямар төлөөлөл, хаанаас ямар тоогоор оролцож хэлэлцэх ёстой талаар өөрсдийн шаардлагаа хүргүүлсэн.
-Ханцуйндаа наймаалцсан дүрмийн шинэчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан. Хэн хаагуураа ямар заалтыг зүтгүүлснийг асуумаар байна. Мэдээж, тодорхой баримттай болоод ингэж хэлсэн болов уу?
-Наймаалцсан гэдгийг нь илрүүлээд мөрдөөд байгаа зүйл байхгүй л дээ. /инээв/ АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлттэй холбоотой яг хэдэн хувилбар байна. Хаана, хаана боловсруулаад явж байна. Хэн хэн, хэдий хугацаанд, ямар түвшинд боловсруулсан гэдгийг нь тодорхой болгох шаардлага тавьсан. Үүнийгээ нээлттэй тавьчихаа гэх байдлаар. Тэгээд нээлттэй хэлэлцье.
Аль алинаас нь авах гээхийн ухаанаар хандаж, сайн сайхныг нь нийлүүлээд энэ удаад үндсэн дүрмээ аятайхан болгоод авцгаая гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр үйл явдал хэрхэн өрнөж байна гэхээр үндсэн дүрмийн шинэчлэлтэй холбоотой төслүүд яваад байгаа сураг бий. Зөвхөн сураг төдий. АН-ын сайтан дээр тавиад дотооддоо хэлэлцүүлж яагаад болохгүй гэж. Яг концепчул, бүрэн тогтолцоогоор нь, ажиллах механизмтай нь хамт цогцоор нь боловсруулагдсан дэвшилтэт дүрэм хэд байгаа юм бүү мэд. Бид бол боловсруулж байгаа.
-АН бол фракциудын наймаалцлын гол үүр уурхай гэж хэлж болох байх. Тийм байтал наймаагүйгээр асуудал урагшлах уу 
-Мэдээж энэ удаад ч фракцтай холбоотой асуудал бас хөндөгдөнө. Фракц гэж чухам юу юм гэдгийг сууриар нь харах цаг болж. Энэ нь намын хувь заяатай холбоотой. Гол нь фракц гэдгийнхээ суурийг олж харж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, фракц гэдэг нь найз нөхдийн холбоонд суурилдаг.
Хоёрдугаарт, улс төрийн дотоод тэнцвэр, тоглолтын асуудал. Гуравдугаарт, бүтэц зохион байгуулалтын хэлбэр байдаг. Энэ гурвыг сууриар нь холбож харахгүй “Алтан гадас”, “Нэг ардчилал”, “Шонхор” гэхчлэн нэр хочоор нь харах нь өнгөц юм. Мөн тэднийг тар, боль гэх нь асуудлыг шийдэх гарц болж чадах эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, найз нөхдийн холбоо нь байна уу. Байна. Цаашдаа байж болох зүйл үү улс төрд. Байсаар л ирсэн. Магадгүй байсаар байх биз.
-Үүнтэй холбоотойгоор асуухад “Нэг ардчилал” фракц татан буугдсанаа мэдэгдлээ. Энэ мэдэгдэлд хэр итгэл үнэмшил төрж байх юм?
-“Нэг ардчилал” татан буугдсан гэж фракцийнх нь дарга албан ёсоор мэдэгдсэн. Түрүүн хэлсэн. Фракц гэдгийн нэг суурь нь найз нөхдийн холбоо. Тэгэхээр татан буугдлаа гэж мэдэгдэл гаргаад, албан ёсоор зарлаад найз нөхдийн холбоо тасрах уу. Тэд найз нөхөд байхаа больчихгүй. Асуудлыг хэлэлцэхээр найз нөхдөөрөө нийлж, нэгнийгээ дэмжинэ. Байдаг л зүйл. Гэхдээ фракцаа татан буулгаж байгаа нь дэвшилтэт үзэл байгаагын илрэл.
-Тэгвэл таны хувьд зөвхөн нэр, зүсээ өөрчилсөн төдий гэж үзэж байгаа юм байна, тийм үү?
-Фракц гэсэн сэдвийнхээ хүрээнд л авч үзэх нь зүйтэй болов уу. Фракц гэдэг нь улс төрийн дотоод тэнцвэрийг хангадаг, улс төрийн тоглолтыг хийдэг зүйл. Ганц манайд гэлтгүй гадны улс оронд ч өнөөдрийг хүртэл бий. Байх ч болно, цаашдаа. Нөгөөтэйгүүр, өмнө нь хэлсэнчлэн зохион байгуулалтын асуудал. Улс төрийн акц гэдэг чинь зохион байгуулалтад орсон хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэлд тулгуурладаг. АН-д фракц, МАН-д жигүүр байх жишээтэй.
Энэ зохион байгуулалтын бүтцийг нийтийн, нээлттэй лобби хэлбэртэй, ил тод байх хэлбэрээр өөрчлөлт оруулахгүй л бол яг л хуучнаараа тарлаа ч, нийллээ ч адилхан. Товчхондоо, фракцийг тар гээд тарчихдаг. Боль гээд болиулчихдаг. Нийл гээд нийлүүлчихдэг ийм бүтэц биш. Үүнийг зохион байгуулалтын түвшинд нь өөрчилж байж алга болно. Өөрөөр хэлбэл Монголын улс төрд дотоод улс төр явагддаг зохион байгуулалтын өөр тогтолцоо бий болгох цаг болжээ л гэсэн үг. Үүнийг залуу үе манлайлан бий болгоно.
-АН-д та нөхдийн үүсгэн байгуулсан шиг хөдөлгөөн, эвсэл, жигүүр олон бий. Үүсгэн байгуулагдах процесс нь ч ижилхэн. Эхэндээ зөв, эрүүл юм ярьж гарч ирдэг боловч АН албан тушаалын бялуу хүртэх боломжийг ашиглан “шинэчлэл”-ээр шантаажилж баярын бялууны хэрчимнээс хүртдэг. Улмаар амаа таглуулдаг. Ийм жишээ цөөнгүйг мэднэ. Та нар ч гэсэн тэднээс ялгарахааргүй харагдаж байна?
-Тэгж харж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Өмнө нь олон дахин давтагдсан үйл явдал шүү дээ. Мэддэг дуу гэдэг шиг. Энэ удаагийн шинэчлэлийн үйл явцад оролцож байгаа залуучууд нэг зүйлээрээ эрс ялгаатай.
-Юугаараа..?
-Намын шинэчлэлээр хязгаарлагдахгүй. Нийгмээ өөрчлөх том зорилготой. Нийгмээ өөрчлөөд зогсохгүй бүс нутагтаа Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, тоглогчийн байр суурийг тодорхой болгох зорилготой залуучууд юм. Ийм том амбицтай хүмүүс нам доторх албан тушаал, аль нэг аппратын “сандал суудал”, улс төрийн ганц нэг шат дамжлагад амбиц нь ханахгүй болов уу гэж хувьдаа үзэж байна.
Тухайлбал, миний хувьд энэ намын үндсэн дүрмийн шинэчлэл явагдаад, магадгүй тогтолцоогоо шинэчлээд, өөрчлөгдөж албан тушаал хуваариладаг юмаа гэхэд би аль нэг албан тушаалд очихгүй. Миний амбиц маш том. Би Монгол Улсаа бүс нутгийн хэмжээний эдийн засгийн нийгэм, соёлын том тоглогч болгох зорилгыг тээж явдаг залуу.
 -Та битгий уурлаарай. Эхэндээ яг л иймэрхүү гоё хариултуудыг өгдөг боловч хэдхэн жилийн дараа өөр хүн болсон байдаг. Өнөөдөр жишээ нь та нарыг харахад фракцийнхны төлөөлөл шиг харагдаж байна. Магадгүй олны хардаж байгаачлан “Нэг ардчилал”-ын зүсээ хувилгасан дүр төрх ч байхыг үгүйсгэх аргагүй?
-Манай шинэчлэлийн хөдөлгөөнд фракц гэдэг зүйлээр овоглосон гэвэл бүх фракцийн төлөөлөл бий. Аль гайгүй гэсэн залуучууд нь бий гэж хэлсэн ч болно. Биднийг хэн нэгэн санхүүжүүлж байна, тэрний энэний хүн гэж хаяглах оролдлого байнга л явж байдаг.
-Жишээ нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санхүүжүүлдэг гэхчлэн үү. Энэ худлаа гэж үү?
-Бүр МАН-аас санхүүжүүлдэг гэх яриа ч бий. Янз бүрээр л хаяглах гэсэн оролдлого явагдаж байна. Үнэнийг хэлэхэд, бид бор зүрхээрээ явж байна. Өөр өөрийн халаасаа уудлаад болох бүтэхээрээ зүтгэж яваа. Халаасан дахь мөнгөнүүдээ нийлүүлж байж “Хөгжлийн тухай диалог” номоо эхний ээлжинд 500 ширхэгийг хэвлүүлж, борлуулалтаараа дахин хэвлүүлж байх жишээтэй.
Ямартай ч гадна, дотны хүний санхүүжилт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Бид итгэл үнэмшл, үзэл баримтлалаараа л нэгдсэн залуус. Хэрэв аль нэг фракцийнх гэж харьяалуулбал өчнөөн олон фракцийн төлөөлөл бий бусад фракцынхан нь гайхна шүү дээ. Гэхдээ энэ бүхэн байдаг л нэг хандлага л даа. Цаг хугацаа бүхнийг харуулах биз.
-Магадгүй цаг хугацааны эрхээр та нар ч гэсэн АН доторх бас нэг фракц болж хувирах ч юм бил үү. Тийм бодол санаа бий юу?
-Хэрэв бид фракцийн асуудлыг хэлэлцэж, бүтцийг өөрчилж, соёлтой, нээлттэй болгож чадвал фракц эсвэл нөхөрлөл, хөдөлгөөн болох нь сонин зүйл биш. Гол нь иргэдэд, гишүүд дэмжигчдэд, улс төр сонирхогчдод, хэвлэл мэдээллийнхэнд, нээлттэйгээр асуудлаа хэлэлцдэг болвол фракц гэдэг бүтэц муухай зүйл гэхээсээ хэрэгтэй бүтэц гэж харагдаж эхэлнэ. Жишээ нь, эрчим хүчний асуудал байна. Энэ асуудлаар улстөрчдийн байр суурь байя гэж бодьё.
Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн өөр санал бодолтой, шийдэх гарцтай, судлаачдын шийдэл үндэслэлтэй бол нээлттэй уулзаж, ярилцаад гарц боломжоо хэлэлцээд эхэлбэл фракц гэж муухай зүйл гэхээсээ илүү улс төрийн шийдвэр гаргах түлхэц болохыг нь харж болно. Өөрөөр хэлбэл,  фракц бол иргэний нийгмийн байгууллага, төр хоорондын гүүр болж хувирбал бүгд алга ташин хүлээж авна. Улс төрийн соёлыг өөрчилнө гэж ийм л зүйлийг яриад байгаа юм. Түүнээс биш нэгийг нь цавчиж, нөгөөг нь үгүйсгэх гэсэн санаа байхгүй.
Дашрамд дурьдахад одоо байгаа явцуу фракцуудыг татан буулгахыг уриалж байна. Энэ бол дэвшилтэт үзэл юм.
-АН-ын дарга болчихмоор хүн таны бодлоор хэн бэ?
-Нэр заахаас илүүтэйгээр намын дарга ямар байх ёстой вэ гэдгийг ярилцвал зүйтэй байх. Хэлбэр хэмжээ, нас хүйс бол гол асуудал биш. Улс төрийн нам бол намын даргаас биш үзэл баримтлалаасаа хараат байх ёстой. АН бол либерал чиг баримжаатай, баруун төвийн үзэл баримтлалтай нам. Тэгвэл Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа хүн тэгш байдлыг гол болгон тунхаглаад яваад байж болохгүй ээ л гэсэн үг.
Намын үндсэн бүтэц, удирдлага зохион байгуулалт, гишүүнчлэл, санхүүжилт, татвар, намын дотоод сонгууль, хяналт, бодлогын асуудлуудаар намын суурь үзэл баримтлыг хэрхэн тусгаж, хэлбэржүүлж биежлүүлж, ажиллах механизм болгож чадаж байна гэдэг бол намын даргад тавигдах гол шалгуур. Мөн бусдыг дагуулах, манлайлах лидер байх нь чухал. Учир нь нам ялбал намын дарга Ерөнхий сайд болно. Улс орны хэмжээний шийдвэрийг гаргадаг учраас намын дарга манлайлах, асуудлыг шийдвэрлэх чадвартай, дээрээс нь Монгол Улсаа урагш нь чирж чадах оюун санааны лидер хүн байх ёстой.
-Тийм хүн байна уу, яг өнөөдөр?
-Одоогоор нэр дэвшиж байгаа хүмүүс дотор ийм хүмүүс бий гэж харж байна. Гэхдээ ялгарал явагдаж эхлээгүй байгаа болохоор тэр энэ гэж нэр цохохоо хойш тавья.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …