Ноён долларыг “даллах” ийм боломж байна

dollar

Дотоодын зах зээл дээр ам.долларын эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд төгрөгийн ханш долларын эсрэг суларсаар байна. Мөн Монгол Улс ирэх онд төлөх ёстой их өрийн төлбөрүүд ханшийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж буй билээ. Гэхдээ өнөөгийн нөхцөлд төр засаг яаралтай алхам хийж чадвал долларын урсгалаа нэмэгдүүлж, ханшаа тогтворжуулах хэд хэдэн боломж харагдаж байна.

Тухайлбал:
– ОУВС, ДБ, АХБ-тай хамтрах
– БНХАУ-аас Хөгжлийн зээл авах
– ОТ-ын гүний уурхайн бүтээн байгуулалт
Монгол Улс ОУВС-тай хамтрах асуудал яригдаж байгаа.

Тус сангийн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Монголд ажиллаад буцсан билээ. Хэрвээ ОУВС-тай хамтарвал сангаас 400 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн донор ОУВС-ийн хөтөлбөрийг дагаад Дэлхийн банк, АЗХ-наас орж ирэх эх үүсвэр нийлбэл, нийтдээ 1.5 тэрбум орчим ам.долларын урсгал бий болох боломжтой.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлах үеэрээ 20 жилийн хугацаатай, жилийн 4 хувийн хүүтэй, хөгжлийн зээл авах тухай асуудлыг хөндсөн. Энэ нь ойролцоогоор 4 орчим тэрбум ам.долларын нэмэлт урсгалыг бий болгох юм.

Үүнээс гадна БНХАУ-ын дарга Си Зинпинь 2014 онд Монгол Улсад айлчлах үеэрээ 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон. Энэхүү зээлийн шугамын хүрээнд олгогдох зээлийн 15 хувийг Монгол Улсын Засгийн газар хариуцах юм. Тэгэхээр урд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн шугамын хүрээнд 850 орчим сая ам.доллар, хөгжлийн зээлийн хүрээнд 4 тэрбум ам.доллар орж ирэх боломж харагдаж байна.

Дээрх хоёр нь Засгийн газар, УИХ-ын түвшинд хүчин чармайлт гаргаснаар шийдэх асуудал бол үүнээс гадна Оюутолгойн бүтээн байгуулалт ам.долларын урсгалд чухал. Ирэх онд Оюутолгой төсөл гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтдаа 644.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй билээ.

Энэ мэтээр долларын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах нь ханшаа тогтворжуулж, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд чухал алхам болох юм.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …