Насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдсон болон хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэрэг буурсан үзүүлэлт 2016 оны эхний есөн сарын дүн мэдээнээс харагдаж байна.
2016 оны эхний есөн сарын байдлаар 1016 хүүхэд ямар нэгэн гэмт хэрэг, халдлагад өртөж хохирсон тоо баримт байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт. Гэвч эдгээр хүүхдийн 3.9 хувь буюу 25 нь нас барж, 337 буюу 53.2 хувь нь гэмтжээ.
Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнгөрөгч есдүгээр сарын 1-ээс эхлэн нэг сарын хугацаанд “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс сэргийлэх чиглэлийн арга хэмжээг нийслэлийн Боловсролын газартай хамтран есдүгээр сарын 15-наас эхлэн гурван сарын хугацаатайгаар зохион байгуулж байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Ариунтуяа ярилаа.
Харин насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн гэмт хэрэг 18,6 хувиар буюу өмнөх оны мөн үеэс 152 хэргээр буурчээ. Хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, дээрэмдэх, танхайрах гэмт хэргийг голчлон үйлджээ. Хүүхдүүд амар хялбар аргаар мөнгө олох, бусдад уруу татагдах болон санамсаргүй тохиолдлоор гэмт хэрэгт холбогдож байгаа аж. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, таны хүү, охин ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж хаагуур, юу хийж явааг мэдэх, хүүхдээ гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.