Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганаар төрийн албан хаагчид оффшорт данстай байхыг хориглох хуулийн төслийг дэмжсэн. Тэгвэл энэхүү хуулийн төсөл нь бодит байдал дээр хэр зэрэг үнэмшилтэй вэ гэсэн асуулт яригдах болсон билээ. Тухайлбал, уг хуулийн төсөлд олон нийт хийгээд зарим улстөрчийн эгдүүг хүргэж, цаад утгаараа төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн ах дүү, амраг садан нь оффшорт данстай байж болно хэмээн хуульчлаад өгчихөж байгаа юм биш үү гэх үгийг хэлэх болсон юм.
Ямартай ч энэхүү хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд С.Бямбацогт дараах тайлбарыг өгч байсан юм. “Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ХОМ гаргадаг хүмүүс оффшор данстай байхыг хориглоно. Оффшорыг дэмжсэн биш хориглосон хууль болсон. Ах дүү, найз нөхөд, аав ээжийнхээ нэр дээр данс нээхийг хориглох боломж байгаа эсэхийг судалсан. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлын улмаас гэр бүлийн иргэдийг нь данстай байхыг нь хориглож болохгүй байгаа юм. Гэхдээ хэн нэгний нэр дээр мөнгө хадгалсан бол олж тогтоон, хариуцлага тооцно” хэмээсэн нь олны эгдүүцлийг хүргэсэн хэрэг.
Уг нь дэлхийн улс орнууд оффшорт нууц данстай өөрсдийнхөө иргэдэд хариуцлага тооцоод эхэлчихсэн байгаа. Гэтэл манай улсад эсрэгээрээ татвараас нуусан мөнгийг зөвшөөрөх гээд байгаа юм шиг хачирхалтай хуулийн төслийг дэмжсэн нь харамсалтай. Ийн хэлэхийн учир нь зарим улс орнууд оффшор буюу нууц дансыг хууль бус гэж үзээд хуулиар хориглодог ч заримд нь хориглосон заалт байдаггүй.
Гэхдээ аль ч улсад хууль ёсны болоод хууль бусаар олсон орлогоо татвараас зувчуулан оффшор дансанд хадгалах нь хориотой. Тийм ч учраас дэлхийн улс орнууд оффшор данстнуудад хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн. Тодруулбал, АНУ, Канад, Япон, Энэтхэг, Украйн зэрэг улсын Засгийн газраас оффшор данстай нь илэрсэн өөрсдийн иргэд, компаниудад хариуцлага тооцох, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулж шийдвэрлэхээ мэдэгдсэн. Түүнчлэн Канадын сангийн сайд Даяна Либотилиур асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгах, шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно гэдгээ ч мэдэгдсэн билээ. Уг нь энэхүү хуулийн төслийг яригдаж байх үед олон нийт төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн ах дүү амраг садан гэр бүлийг нь оффшорт данстай байхыг хориглосон тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй хэмээн хэлж байсан. Тиймдээ ч энэхүү хуулийн төслийг яригдах үед ихэд олзуурхаж маш зөв зүйтэй хууль батлагдах нь хэмээн хүлээж байсан ч энэ нь эсрэгээрээ болсонд гайхах болсон юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнууд хамаатан садан, гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшорт мөнгө байршуулах, хадгалахыг хориглосон хууль гарах байх хэмээн хүлээлт үүссэн гэсэн үг. Ямартай ч энэхүү хуулийн төслийг яаралтай буцааж татаач, ийм хууль гарах ёсгүй гэдгийг УИХ-ын гишүүд тайлбарлан хэлж байсан юм.
Оффшорчдыг хамгаалсан хууль болоод байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Оффшорт төрийн албан хаагч өөрийн олсон хууль бус орлогоо байршуулахыг хэлээд байгаа юм. Бизнес эрхлэгч татвар төлөхгүй гэсэн шалтгаанаар нуухыг хэлээд байх шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, эх оронч бус хүмүүсийн үйлдэл. “Панама пэпирс”-ийн ач тусаар 20 гаруй МАН-ын нөхөд оффшор данстайг мэдэж авсан. АН-ын нэг хүн оффшор данстай. Тэгэхээр хууль батлагдахаас өмнө оффшор данс эзэмшиж байгаа хүмүүсийг зохицуулсан заалт ороогүй. Энэ нь өөрийнхөө намын оффшорчдыг хамгаалсан хууль болж байна гэж хараад байна.
Өөрийнхөө нэрээр гадаадад мөнгө хадгалдаг хүн байдаггүй юм
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Нууц данстай эрхмүүдийг ил болгохыг ард түмэн хүсч байгаа. Яригдаад байгаа 40,50 хүний хэн нь хэдэн төгрөг хадгалагдсан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс олон улсын байгууллагатай хамтарч энэ асуудлыг илрүүлэх талаар хийсэн алхам байна уу. Хоёрдугаарт, төрийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гэж байна. Үүний дотор гэр бүлийн хүмүүс гэж оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Өөрийнхөө нэрээр гадаадад мөнгө хадгалдаг хүн байдаггүй юм.
Яагаад татвараас нуусан мөнгийг зөвшөөрөх гээд байгаа юм бэ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Сүүлийн үед оффшорыг хууль ёсны зөв юм шиг мэтээр ойлгуулах мэдээлэл газар авч байна. Оффшор бол авлигатай холбоотой мөнгөний эх үүсвэрийг нуудаг, аж ахуй нэгж татвараас зайлсхийж мөнгөө хадгалдаг шүү дээ. Яагаад татвараас нуусан мөнгийг зөвшөөрөх гээд байгаа юм бэ. Өмнө нь дансаа нээчихсэн төрийн болон улс төрийн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү. Гэр бүлийн гишүүн, төрсөн ах дүү, эцэг эхтэй нь хамааруулж болох уу. УИХ-ын гишүүн сонгогдохоосоо өмнө данстай байхыг хориглох боломж байна уу.
Энэ хууль гарах ёсгүй. Хуулийн төслөө буцааж татаач
УИХ-ын гишүүн Л.Болд: Хууль зүйн сайд хууль эргэж үйлчилдэггүй гэж тайлбар хийж байна. Хэрэв ингэж үзэж байгаа бол энэ хууль гарах ёсгүй. Оффшор данс эзэмшдэг хүмүүсээс тайлбар авах хэрэгтэй. Тиймээс энэ хуулийн төслийг буцаан татаж аваач.Ямартай ч олон гишүүн энэхүү хууль гарах ёсгүй. Хэрвээ хууль батлагдаад гарах юм бол маш олон хүн өөрсдийнхөө нэрээр биш ах дүү амраг садангийнхаа нэр дээр бохир мөнгөө хадгалуулах болно хэмээн хэлж байсан нь яалт ч үгүй үнэн үг. Яг үнэндээ сүүлийн 25 жилийн турш төр барьсан АН, МАН-ын засаглалын үед маш олон тэрбумтнууд төрөөс төрснийг бид мэднэ. Тиймээс л оффшор данстнуудыг цагаатгах, хамгаалах, өмгөөлөх ямар ч үндэслэл хэнд ч, хаа ч байхгүй гэдгийг хэлэх гээд байгаа хэрэг. Хэдийгээр бид Үндсэн хуульд захирагдах ёстой ч монголын баялгаас олж авсан хэдийн хэрийн бохир мөнгө тус газарт нуун дарагдсан бэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Угтаа бол энэхүү хуулийн төсөлд оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн хүмүүс мөнгөө байршуулж болохгүй. Татвараас нуугддаг, хулгайн мөнгөө нуудаг энэ бүсэд өндөр албан тушаалтнууд мөнгөө байршуулахгүй байх ёстой гэсэн үг үсэг орох ёстой байсан юм.