Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахааар болжээ.
Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “УИХ-ын дарга М.Энхболд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдол өгдөг, оюуны энэ спортыг дэмждэг, өөрөө сонирхдог, тоглодог хүн. УИХ-ын дарга энэ тэмцээнийг ивээлдээ авч, зохион байгуулж байгаад Шатрын холбооны өмнөөс болон мэргэжлийн шатар тоглогчид, өсвөрийн шатар тоглогчид, бүх сонирхогчдын нэрийн өмнөөс талархаж буйгаа уламжлахад таатай байна.
Энэ жилийн тэмцээн сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай болно.
-Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд,
-Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-нд,
-Шигшээ буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны нэгдүгээр сарын 07-08-нд болно.
Шигшээ тэмцээн Төрийн ордонд болох бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчинд спортын дэд мастер цол олгоно.
Энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жил бүр хүрээгээ тэлсээр 2015 оны байдлаар 5000 орчим хүнийг хамардаг болсон. Энэ жилиийн тэмцээнийг дэлхийн 180 оронд онлайнаар шууд дамжуулна” гэлээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.