СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 10 цаг 59 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно” хэмээн заасан байдаг.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва тус байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Баасанжавын Батхишигийг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан юм. Гадаад худалдааны эдийн засагч мэргэжилтэй, 1996-2006 онд “Хас банк”-инд мэргэжилтэн, захирал, 2006-2014 онд Хөгжлийн банкинд эрсдлийн удирдлагын менежер, 2014 оноос “Эйр эксперт” ХХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан Б.Батхишигийг нэр дэвшигчээр сонгохдоо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасныг баримталсан байна. Мөн энэ өдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Отгонбатын Батбилэг, Төсвийн байнгын хорооноос орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Лувсандагвын Энхтайван, Монголбанкнаас орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Баярсайханы Баярдаваа нарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, шинээр байгуулагдах банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэр нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед тун оновчгүй шийдвэр болсон хэмээн үзэж байна гээд “Арилжааны банкууд зээл олголтоо бууруулсан энэ үед мөнгөний эргэлтийг явуулах банк бус санхүүгийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг хязгаарлах нь эргээд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Улмаар ажилгүйдэл ихэсч, орлого буурахаар иргэдийн амьжиргаанд нөлөөлөх эрсдэл бий” гэв. Тиймээс дээрх шийдвэрээ эргэж харах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн иргэдийн амьжиргаа хүнд байхад санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй ломбардын үйл ажиллагааны эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага байгааг онцолж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагааны реформ хийж ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлж, нэр дэвшигчээс тус байгууллагын үйл ажиллагааны талаар цаашид ямар шинэчлэлт, өөрчлөлт хийж ажиллах талаар тодруулан асуусан юм.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа нэр дэвшигчдийг томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Отгонбатын Батбилэгийг дэмжих Хууль зүйн байнгын хорооны саналыг 91.7 хувиар, орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Лувсандагвын Энхтайваныг дэмжсэн Төсвийн байнгын хорооны саналыг 91.7 хувиар дэмжлээ. Түүнчлэн Монголбанкнаас орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Баярсайханы Баярдавааг, Эдийн засгийн байнгын хорооноос орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Баасанжавын Батхишигийг томилуулах саналыг тус бүр 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Х.Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний, Д.Ганбаяр, Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат нарыг тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 81.1 хувийн саналаар дэмжсэнээр байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …