Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн орон даяар эхэллээ

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25  жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд болох билээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргатай комисс энэ ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, төсвийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт эхэллээ.

Тэдгээрийн нэг Төв аймгийн Эрдэнэ суманд болсон тэмцээний нээлтийн ажиллагаанд ойг тэмдэглэх Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, сумын ИТХ-ын дарга А.Мөнгөнбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхсүлд нар оролцов.

Энэ удаагийн тэмцээнд тус сумын эрэгтэй, эмэгтэй 30 гаруй шатарчид оролцож байна. Тэд хоёр өдрийн турш оюун ухаанаа уралдуулан, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдаа тодруулах юм.

Эрдэнэ сумын ИТХ-ын дарга А.Мөнгөнбаяр “Тэмцээн сайхан болж байна. Цас ихтэй байгаа учраас малчид маань цөөн ирлээ. Гэхдээ манай сумын шилдэг шатарчид бүгд ирсэн байна. Бид жил бүр Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. УИХ, Улсын Их Хурлын дарга М.Энхболд шатрын спортыг ивээлдээ авч, шатрыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, өсвөр залуу үедээ оюун ухааны энэ спортыг өвлүүлэх олон ажил зохион байгуулж байгаад хөдөөгийнхөн бид баяртай байна” гэлээ.

Сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний дараа 12-р сард аймгийн хэмжээний тэмцээн болж, 2017 оны 1-р сард улсын аваргаа Төрийн ордонд болох тэмцээнээс тодруулах юм. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулж байгаа билээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …