-Москвагийн их сургуулийг төгссөн, Буриад гаралтай С.Баяр Монголын улстөрийн ертөнцөд 20 гаруй жил ноёрхож байна-
Түүний хэмжээнд сэтгэж, түүний адил 16 нүүдлийн дараахыг олж харж нүүдэг улс төрч Монголд алга. Ерөнхийлөгч H.Баганбандийн үед тэр намдаа төдийгүй Монголын төрд хамгийн нөлөөтэй нэгэн байсан. Н.Багабандийг буухтай хамт Орос улсад элчин сайдаар ажиллаж, улс төрийн халуун тогооноос бага зэрэг ангижирч, идэвхгүй амьдралд шилжсэн. Гэвч тэр ганцхан манёвр хийгээд, монголын улс төрийн амьдрал дахь хамгийн идэвхтэй оролцогчийн нэг болсон.
Тухайн үеийн ерөнхийлөгч, мөнхийн өрсөлдөгч Н.Энхбаярыгаа ганц тойгдоод л, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын сэнтийд заларчихсан. Дараа нь барьцаа ахиулаад, намынхаа даргыг авангуут, бие даасан нүүдлээ хийж эхэлсэн. Надад намаа л өгчих, би намаа л хариуцья. Харин чи засгаа хариуц гэж Намынхаа Их Хурлын индэр дээрээс хэлж байгаад тухайн үеийн МАХН-ын дарга М.Энхболдоос намынхаа жолоог эвтэйхэн мулталж дөнгөсөн. Харин намаа авсны дараа, – Би хариуцлагаа үүрвэл үүрсэн шиг үүрье, одоо Засгаа ч авья гэж хэлээд, М.Энхболдоос ерөнхий сайдлын суудлыг нь булаасан. Түүний дараа том том улс төрийн нүүдлийг хийсэн. Түүний хамгийн том нүүдэл нь стандарт бус Засгийн газар буюу хамтарсан Засгийн газар байгуулах нүүдэл. Энэ нүүдлийн дараачийнх нь Оюутолгойн гэрээг үзэглэх байсан юм. Тэр бүх нүүдлээ амжилттай хийсэн. Өрөг болгондоо тэр хожсон. 2007 онд долларын ханш, барааны үнэ өнөөдрийнх шиг өсөж байхад, -Та нар үүнд санаа бүү зов. Бидэнд баялаг байна. Түүнийгээ хөдөлгөнө. Монгол улс хангалуун амьдрах болно. Яг өнөөдөр биш ч, хэдэн жилийн дараа бид үр шимийг хүртэн сайхан амьдрах болно гэж УИХ-ын индэр дээрээс Таван төгөлдөршил илтгэлээ тавихдаа хэлж байсан. Хэдэн ч жил өнгөрөв, түүнээс хойш, энэ бол жичид нь ярих, сөхөх асуудал. Харин иргэд түүний хэлснийг санахтай манатай. Тэр чимээгүй байснаа, 2016 оны сонгуулиар намдаа ойртож, бас нүүдлээ хийсэн. Энэ бүхний эцэст, тэр Англи улсад суух элчин сайдаар тохоон томилогдлоо. Аль ч үед, хүүгээ бэрс болтол нүүж чадах гайхалтай улс төрийн шатарчин юм даа.
Ц.Энхбат