Хүйтэрсэн үед хүрэлцээгүй байдаг хөлдүү автобусан дээрээ микронуудыг “хүч” нэмье НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭЭН

Энэ жилийн 08 сарын 01 өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд микро автобуснуудыг явуулахыг хориглосон. Намар байсан болоод ч тэрүү нэг их мэдэрсэн шинжгүй том оврын автобусандаа чихэлдсээр л байлаа. Гэтэл эрс хүйтэрсэн эдгээр өдрүүдэд автобуснынх нь тоо хүрэлцэхгүй, хүнээ багтааж дийлэхгүй байна. Иргэд нийтийн тээврийн том оврын автобус хүлээж 30-45 минут гадаа зогсох нь энүүхэнд. Даарахаас үүдэлтэй өвчин эмгэг тусахад хэн ч хариуцлага хүлээхгүй иргэдийн хохь болоод үлдэнэ биздээ. Ямар ч дулаан хувцастай байсан иргэд даарч байна учир нь явж байхдаа хөлдчихдөг болохоор дараагийн автобусанд чихэлдэхээс өөр гарцгүй болно. Энэ хооронд 40-60 минут бол энүүхэнд.

images-1

Энэ мэт хүйтэний өдрүүдэд иргэддээ хатуурхан байгаа нийтийн тээврийн үйлчилгээнийхэн өөрсдөө ч арга ухаанаа олохгүй байх шиг байна. Гаргасан микро автобусыг хориглосон шийдвэрээсээ ухрахаар толгой дээрээ гаргаж, давраачих гээд байгаа мэт. Гэхдээ тэртэй, тэргүй хүмүүс унаа тэрэг хүлээгээд “хөлдөж үхэхийн наагуур” байхад аль явна гэсэнд нь хамаагүй сууж л байгаа шүү дээ. Ямар зам дээр хөлдөлтэй нь биш. Микронууд нийтийн тээврийнхний гаргасан хоригоос болж нөхцөл байдал дээр 100 хувь зогсохгүй л байгаа шүү дээ. Харин ч үнээ нэмж, хүнээ чихэж явж сурсан тэд том оврын автобусыг бодвол ямар ч цаг агаартай үед, ямар ч “бэрхшээлтэй” цагт явсаар ирсэн “итгэлт” унаа шүү. Харин тэднийг хориглохын оронд дулаан паартай, хүн суух техникийн шаардлага хангасан болгож сайжруулан хүнээ дийлэхгүй байгаа нийтийн тээврийнхэн “хүлээн авмаар” юм.

images

Нийтийн тээврийн удирдлагууд сургууль хүрэлцээгүйгээс хоёр автобус дамжин очиж гурван ээлжээр хичээллээд буцдаг хүүхдүүдийн тухай бодож үзээгүй гаргасан шийдвэр байх. Орой 18,00 цагт хичээл нь тараад нийтийн тээврийн унаагаа хүлээн ажил тарсан хүмүүстэй давхцан чихэлдээд, аль наашаа гэсэн ах эгчийг өргөөд оруулаад өгөөч гэж гуйгаад, гэртээ харихдаа хөл гар нь бээрээд харьж байгаа хүүхдүүдэд зориулалтын автобус гэж “нэхээгүй” ч зүгээр л аль боломжтой тээврийн хэрэгслийг нь явуулж өгөөч. Тэдэнд төр засгийн шийдвэр гэхээсээ илүү хурдхан явах дулаахан автобус, микро, унаа тэрэг хэрэгтэй байна.

Мөн манай жолооч нар дулаан машиндаа ганцаараа суучихаад урдуур нь унахгүй гэж хичээн гарч байгаа иргэдэд зам тавиад өгчихөж сурмаар юм. Гарц хайж явах чадал алга “хагас хөлдүү” хүмүүст.

Зам нийлэх газар, үнэ хөлс гэхгүйгээр, ашиг шан харахгүйгээр дөхүүлчихдэг сэтгэлтэй байя л даа. Хөгшин хүн, хүүхдийг дөхүүлж өгөөд буруудах зүйл гарахгүй л болов уу.

Ад үзээд байгаа микро автобуснуудыг хотоос алслагдсан чиглэлд хангалттай явуулж баймаар байна. Хот дотор микро автобус үзэмжгүй, өнгөгүй, бүдүүлэг гэж “гологддог” ч хотоос зайдуухан хэнд хамаатай юм бэ?

Зам тээврийн осол их байна л гэнэ үнэндээ харанхуй болсон хойно автобусаа хүлээн зогсож байгаа хүүхдүүд даарахын эрхэнд дэлгүүр бараадан зогсож байгаад суух боломжтой унаа, микро, автобус ирэнгүүд багтах гэж уралдан гүйж байна. Манай улсад хүүхэд төрсөн цагаасаа эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй, буруу эмчлэгдэнэ, утаанд өснө, сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй, аль олдсонд нь боловсрол эзэмшинэ, нийтийн тээврийн унаагүй, зам тээврийн осолд өртөмтгий байна гээд бид ер нь хүүхдүүдээрээ “тоглоод” байгаан биш биз? Энэ бол “эмгэнэлтэй” дүр зураг.

Нийтийн тээврийн газрынхан анхааралдаа авч иргэдийгээ, хүүхдүүдийгээ  “хөлдөөчихгүйхэн” онд мэнд оруулаасай билээ.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …